Тамгаар ялгах 550 ширхэг хувьцаа
Дэлхийн хамгийн том коксжих нүүрсний орд манайд байгаа гэдэг мэдээ баттай болсон цагаасаа л монголчуудад горьдлого, найдвар төрүүлсэн. Өмнийн говийн хөрсөн доор дараатай байгаа тэрхүү баялгийг дэлхийн зах зээлийн жишиг үнээр худалдаж, орлогоор нь эдийн засгаа тэтгэж, ашгаас нь ард иргэддээ хүртээнэ гэж ярьсаар, иргэд саалиа тосч авах саваа бэлдэн данс тооцоо нээлгэж, Хөрөнгийн биржээр хөл хөдөлгөөн ихсээд байгаа нь сүүлийн өдрүүдийн өнгө төрх. Тэгвэл уг ордыг тойрсон үйл явц хэрхэн өрнөж байна вэ? Хоёр cap дуншсан “Эрдэнэс Тавантолгой” компанийн захиалгаар олборлолт хийх компани, консорциумыг тодруулах, хөрөнгө оруулагч компанийг шалгаруулах тендерийн эзэд хэзээ тодрох вэ? Улмаар иргэн бүрт ирэх 550 ширхэг хувьцааг хэн, хэрхэн тогтоох, уурхайн бэлтгэл ажил ямар төвшинд байгаа, бусад дагалдах ажлын бэлтгэлийг хангасан уу, Тавантолгойн хувьцаанаас дэлхийн хөрөнгийн зах зээлд гарах 30 хувийг ямар үндэслэлээр, хэн, яаж тогтоох вэ? Энэ мэт асуултын хариу одоогоор хараахан бүрэн тодроогүй байна. Техникийн чанартай эдгээр асуудлыг түр орхиод, иргэдийн анхаарлыг илүүтэй татаж байгаа хувьцаа тойрсон үйл явцаас сонирхоё. Тавантолгойн орд 6,5 тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Үүнээс “Эрдэнэс Тавантолгой” компанийн эзэмших нэг тэрбум тонн нүүрсний 78 хувь нь коксжих төрлийнх гэж Эрдэс баялгийн зөвлөл тооцоолсон. “Эрдэнэс Тавантолгой” компаниас гаргах хувьцааны арван хувийг иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлэх тухай ид ярьж байна. Төрийн өмчийн хорооноос нэг хүнд 550 ширхэг хувьцаа оногдоно хэмээн мэдэгдээд байгаа. Харин үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр арван хувийг нь худалдахаар Засгийн газрын 39 дүгээр тогтоол гаргаад буй. Нэрлэсэн үнийг 5-7 мянга орчим байхаар эдийн засагчид хувилбар боловсруулаад байгаа ч хөрөнгө оруулагч банк шалгартал эцэслэн тогтоох болоогүй байгаа юм.
Гэвч энэ шийдвэр иргэдийг өмч хөрөнгөөр ялгаварлалаа гэсэн шүүмжлэл дагуулаад байгаа. Иргэд 550 ширхэг хувьцаагаа үнэгүй авах болохоос нэрлэсэн үнээр нэмж хувьцаа худалдаж авах эрхгүй юм байна. Харин компанид энэ эрх нь нээлттэй бөгөөд аж ахуйн нэгжийн тамгатай хэн бүхэнд давуу эрх үүсэхээр байна. Үүний цаана аж ахуйн нэгжгүй ч хувьцаа авах сонирхолтой, боломжтой хүмүүсийн эрх ашиг хохирохоор байгаа учир энэ нөхцлийг эргэж харах хэрэгтэй аж. Боломжгүй иргэнд туслах аж ахуйн нэгжүүд ч байж болно.
Манай улс өмч хувьчлалын талаар туршлага багатай. Ялангуяа иргэдээ мэдээллээр хангах, хувьцааны үр ашгийг ойлгуулах тал дээр учир дутагдалтай явж ирсэн. 1990 оны өмч хувьчлал алдаатай явагдсан гэж үздэг бөгөөд мэдээлэлд ойр байсан хэдхэн хүн баяжаад, дийлэнх нь учраа ололгүй өнгөрсөн удаатай. 2010 оны зургадугаар сарын нэгнээс өмнө байгуулагдсан 42 мянган аж ахуйн нэгж бий, нэг хүн хэдэн ч компанитай байж болно гээд бодохоор лавтай 40 мянган иргэн Тавантолгойгоос илүүг халааслах нөхцөл бүрдээд байна.
Хэдийгээр үндэсний компаниудаа дэмжихээр уг заалтыг оруулсан байлаа ч 42 мянган аж ахуйн нэгжийн эзэд тус бүр 15 сая ам.долларын хөрөнгөтэй болно. Харин 550 ширхэг хувьцаа авсан иргэд шальтай хүртсэн зүйлгүй, байгалийн баялгаас тэгш хүртэх үндсэн эрхээ зөрчүүлж үлдэнэ. Үндсэн хуулийн цэцэд уг асуудлаар хандаад байгаа гэх боловч цэц хэрхэн шийдвэрлэх нь одоогоор ойлгомжгүй байна.
Нэмж өгүүлэхэд, Тавантолгойн ордыг баруун, зүүн Цанхи гэж хоёр хэсэгт хувааж, баруун хэсэг дээр нь стратегийн хөрөнгө оруулагч ажиллуулахаар Засгийн газар нээлттэй тендер зарласан байгаа. Стратегийн хөрөнгө оруулагчийн тендерийн санал авах хугацаа нэгдүгээр сарын 31-нд хаагдсан бөгөөд 15 компани, консорциумаас эхний шатанд зургаа нь тунаж үлдээд буй. Эдгээрийн төсөл нь юугаараа илүү байсныг ТӨХ, Засгийн газрын ажлын хэсэг, тэрчлэн “Эрдэнэс Тавантолгой” компанийн зүгээс өнөөдрийг хүртэл тайлбарлаагүй юм байна.
Тавантолгой бол хойд хөршийн томоохон ордуудаас нүүрсний чанар, нөөц, олборлолтын зардлаараа давуу талтай гэдгийг олон улсын инженерүүд тогтоогоод байгаа. Коксжих нүүрсний нөөцөөрөө дэлхийд тэргүүлж байгаа энэ ордыг Оросын Донбассын уурхайн түүхийг давтахгүй гэх газаргүй гэдгийг манай зарим эдийн засагч, инженер сануулж байна. Тэд “Донбасс Тавантолгойгоос хэд дахин их нөөцтөй. Үүнээс 1.0 тэрбум тонн нь коксжсон нүүрс. Гэвч хойд хөршид энэ баялгийг Тавантолгойг ашиглаж байгаа шиг сорчлоод, үлдсэнийг нь хөсөр хаясан. Энэ алдааг давтахгүйн тулд Тавантолгойн зургаан тэрбум тонн нүүрсийг сорчилж биш бүхлээр нь ашиглах ёстой гэсэн дүгнэлт бүр социализмын үед гарсан байдаг. Тэгэхээр төсөл шалгаруулах үндсэн нөхцөл нь энэ байх ёстой” хэмээж буй.
Ордын баруун хэсгийг ашиглах хөрөнгө оруулагчийн алхам нь дэд бүтэц, тээвэрлэлтийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх, Монголын эдийн засагт ямар үр нөлөө өгөх нь тодорхойгүй гэсэн үг. Ийм нөхцөлд тендер шалгаруулахдаа Засгийн газрын баримталсан гол зүйл нь хөрөнгө оруулагчийн зүгээс өгөх урьдчилгаа төлбөрийн хэмжээ л байсан бололтой. Ийм хардлагыг УИХ-ын гишүүд ч илэрхийлж байгаа. Энэ оны нэгдүгээр сараас иргэн бүртээ тарааж эхэлсэн сар тутмын 21 мянган төгрөгийн эх үүсвэрт Тавантолгойн хөрөнгө оруулагчаас авах урьдчилгаа төлбөр багтаж байгаа. Тэгэхээр өмнөх сонгуулиар амласан бэлэн мөнгө, ирэх сонгуульд оноо авчрах хувьцаа зэрэг нь Тавантолгойг яаравчлан шийдэх шалтгаан болж байгаа хэрэг аж. Тавантолгойн орд бол сонгуулиас сонгуулийн хооронд шийдвэрлэх асуудал биш, стратегийн ач холбогдол бүхий 15 ордоос хамгийн үр ашигтай, барьцтай орд гэдэг утгаараа онооны төлөөх тулааны “зууш” болох учиргүй юм.
URL: