Юлия Тимошенкогийн шоронд өнгөрөөсөн нэг жил
Украины ерөнхий сайд асан Юлия Тимошенког барьж хорьсноос хойш бүтэн жил өнгөрөв. Түүний хэргийг шүүсэн нь Украиныг олон улсын эсэргүүцэлтэй учруулна хэмээн шинжээчид үзэж байна. Гэхдээ Барууны шүүмжлэл Киевт нөлөөлөхгүй байгаа бололтой.
Жилийн өмнө 2011 оны наймдугаар сарын 5-нд Киев хотын Печорын районы шүүгч Родион Киреев сөрөг хүчний лидерүүдийн нэг, Украины ерөнхий сайд асан Юлия Тимошенког барин саатуулах шийдвэр гаргасан юм. Тэр жилийнхээ намар нь Оростой байгалийн хийн гэрээ байгуулахдаа албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, улсад их хэмжээний хохирол үзүүлсэн гэж Юлия Тимошенког долоон жилээр хорих ялаар шүүх шийтгэсэн билээ.
Гадаад орнууд, түүний тоонд Оросоос гарсан шүүмжлэлийн давалгаа Тимошенкогийн хувь заяаг өөрчилж чадсангүй. Одоо Украинд Тмиошенког татвараас зугтсан гэх хэргээр хоёр дахь шүүх ажиллагаа болж байна. Тимошенкогийн хамтран зүтгэгчид ч шоронд суусаар байгаа. Жишээлбэл, Дотоод хэргийн сайд асан Юрий Луценко ял эдэлж байна.
Тимошенког суллахыг шаардсан эсэргүүцэл Украинд цөөн тооны нийтийг хамаарч чадаагүй. Харин баруунд эсэргүүцэл хатуухан байсан юм. Германы канцлер Ангела Меркель (Angеlа Merkel) Украиныг Белорусьтай адилтган тавьж, эдгээр орнуудад хүмүүс “дарангуйлал ба мөрдөн мөшгөлтөд” өртөж байна гэлээ.
“Сонголттой шүүх”
Украины эрх баригчид өнөөг хүртэл үргэлжилж байгаа шүүмжлэлийн урсгалыг Тимошенкогийн хэрэг гаргахгүй хэмээн үзсэн нь илт гэж Германы эрх баригч эвслийн төлөөлөгч Христийн ардчилсан холбооноос бундестагт суугаа депутат Гунтер Крихбаум (Gunther Krichbaum) DW агентлагт мэдэгдэв. “Шүүх ажиллагаа нь тэр чигтээ Украины нэр хүндэд ашиг тус авчраагүй гэж би бодож байна. Эрх баригчид Юлия Тимошенкогийн хэрэг хэвлэлийн хуудаснаас алга болонгуут мартагдана гэж эрх баригчид нь тооцоолсон байх. Гэтэл ийм зүйл болсонгүй” гэж Крихбаум тэмдэглэв.
Ийнхүү Тимошенког баривчилсан нэг жилийн ой нь Германд түүний хувь заяаг бодох ээлжит шалтгаан болж байна. ХБНГУ-ын Засгийн газрын Хүний эрхийн бүрэн эрхэт төлөөлөгч Маркус Лёнинг (Markus Lцning) мэдэгдэхдээ, Тимошенко ба түүний хамтран зүтгэгчдийг шүүсэн хэрэг явдалыг “улс төрийн шалтгаантай” гэж өмнөхийн адил үзэж байгаа гэжээ.
Тэрээр эдгээр шүүх ажиллагааг “сонголттой шүүлт” гэж үзээд Украинд хандан “шүүхийн системийн бие даасан байдлыг баталгаажуулахыг” уриалсан байна. Герман ба Европын холбоо Тимошенкогийн хэргийн шүүх ажиллагаа ба Украины цаашдын байдлыг “маш анхааралтайгаар ажиглах болно” хэмээн Маркус Лёнинг анхааруулж байна.
“Янукович буланд шахагджээ“
Барууныхны шүүмжлэл одоогоор Украины удирдлагад нөлөөлсөнгүй. Украин ба Европын холбооны эвслийн гэрээнд гарын үсэг зурахыг хойшлуулсан мөн Европын хөлбөмбөгийн аваргын тэмцээний Украины хэсгийг европ улстөрчид боон хязгаарласан зэрэг нь экс-ерөнхий сайдын байдлыг өөрчилсөнгүй.
Хүний эрхийн Amnesty International байгууллагын төлөөлөгч Геза Макгилл үүнд гайхахгүй. “Олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарал нэг хүнд чиглэгдсэнд би ямар нэгэн хэмжээгээр харамсаж байгаа. Өөр хоригдогсод байна. Энэ бүгд нь асуудлыг ихээхэн улстөржүүлсөн учраас ерөнхийлөгч Януковичид нааштай хандахад хүндрэл авчирсан. Тимошенког сулла гэсэн шаардлага Януковичийг булангийн шахалтад оруулсан” хэмээн Макгилл хэлжээ. Amnesty International Тимошенког улс төрийн хоригдол гэж үзээгүй ч түүний эхний хэрэгт улс төрийн өнгө аяс байсныг хүлээн зөвшөөрсөн юм.
Тимошенкогийн хэргийг Украины шүүхийн системийн асуудалд хандуулан ашиглах хэрэгтэй байсан гэж Макгилл үзэж байна. Түүний хэлснээр Украинд олон тооны хүмүүс хууль хяналтынхны зүгээс эрхээ зөрчигдүүлэн хэлмэгдэж байгаа гэнэ. Тийм зөрчлийг мөрдөн байцаах систем Украинд байхгүй гэж Макгилл тэмдэглэв.
Шоронгоос сонгуульд
Өнгөрсөн жилийн хугацаанд Тимошенког суллуулахын төлөө тэмцлийн гол тэмцэгч нь түүний охин Евгения болов. Тэрээр үе үе Европын нийслэлүүдээр орон улстөрчидтэй уулзан Украины удирдлагад шахалт үзүүлэхийг уриалж байгаа. “Миний аянуудын зорилго нь эхийгээ суллуулах явдал гэдэг нь мэдээж. Мөн хуулийн үндэслэлгүйгээр шоронд хийсэн улс төрийн хоригдлуудын тухай, мөрдөн мөшгөлтийн тухай, юу болж буйг дэлхийн сонорт хүргэх нь миний үүрэг” хэмээн DW агентлагт ярилцлага өгөхдөө Евгения Тимошенко онцолсон байна.
Украины экс-ерөнхий сайдын хэлснээр, ерөнхийлөгч Виктор Янукович ба түүний хүрээнийхний эсрэг олон улсын хориг арга хэмжээ аваагүй нөхцөлд түүний эх ба хамтран зүтгэгчид нь хоригдсоор байх аж. Хүний эрхийн Европын шүүхийн шийдвэрт найдаж буйгаа Евгения Тимошенко мэдэгдсэн байв. Тимошенкогийн хэргийг Страсбургт наймдугаар сарын сүүлчээр авч хэлэлцэх юм.
Шүүхийн дараах “хүмүүнлэгийн” амлалт
Энэ цагаар Украинд парламентын сонгуулийн компани гараагаа эхлэв. Экс-ерөнхий сайдын “Батькившина” (Эх орон) нам оролцсон “Нэгдсэн сөрөг хүчин” эвслийг бүрдүүлэгч хэсэг намууд өөрийн сонгуулийн жагсаалтын нэгдүгээрт Харьковын шоронд ял эдэлж байгаа Тимошенкогийн нэрийг бичсэн байна.
Засаглалын хууль ёсны хүлээн зөвшөөрөлтийг авчрах гол нөхцөл нь шударга сонгууль болох ёстой гэдэгт бундестагийн депутат Гунтер Крихбаум итгэлтэй байна. Европын үүд хаалга Украинд нээлттэй, гэхдээ Киев тодорхой хэмжээний нөхцөл, үүргийг биелүүлэх ёстойг тэр ярьж байна. Чөлөөт худалдааны бүс байгуулах асуудал агуулагдсан Украинтай эвсэлдэх гэрээг батлан хэрэгжүүлэх нь Украины улс төрийн байдлын хөгжлөөс хамаарна гэдгээ Европын холбоо мэдэгдсэн байгаа билээ.
“Сөрөг хүчний улстөрчдийг шоронд хорин эсрэг талынхнаа ардчилсан тэмцлээс зайлуулах зорилгоор улс төрийн агуулгатай шүүх ажиллагааг явуулж байгаа нь ардчиллын тухай бидний төсөөлөлтэй нийэхгүй” хэмээн улстөрч тайлбарлав.
Тимошенког өрөвдөж байна гэж Украины ерөнхийлөгч Янукович өмнө нь ярихдаа үүссэн нөхцөл байдалд тайлбар хийхгүй гэсэн байлаа. Тэрээр Дээд шүүхийн шийдэр гартал хүлээхийг уриалсан юм. Харин ажиглагчид тэр үйлдэл мөд хийгдэхгүй гэж байгаа. Эхний хэрэгт Тимошенкогийн даван заалдсан гомдлыг авч хэлэлцэхээ хэд хэдэн удаа хойшлуулсан ба сөрөг хүчний лидерийн эсрэг хоёр дахь шүүх ажиллагаа нь биеийн эрүүл мэндийн байдлаас үүдэн гаргасан Тимошенкогийн өөрийн гомдлоор хойшлогдоод байгаа билээ.
Цөөнгүй болж магадгүй шүүх ажиллагааны дараа л Виктор Янукович Тимошенкогийн хувь заяаг шийдэх бололтой. “Хүмүүнлэг ёсны талд алхам хийх боломжоо би хайх болно” хэмээн ерөнхийлөгч Германы нэгэн хэвлэлд өгүүлсэн байв. Чухам юуг ингэж хэлснээ Янукович тайлбарлаагүй.
Ш.МЯГМАР
Эх сурвалж: “Ардын эрх” сонин
URL: