Төрийн мөнгөөр тоглогчид буюу аав, охин хоёр БОАЖЯ-ны мөнгөөр тоглоод байгаа юм биш биз
БОАЖЯ-ны ажилтан, албан хаагчид өөр хоорондоо ийн шивнэлдэх болж. Учгийг хөөх аваас Тус яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Батсуурь өөрийн төрсөн охин Б.Цэндсүрэнг БОАЖЯ-ны Цэвэр хөгжлийн механизмын үндэсний товчооны даргаар томилсон тэр үеэс эл яриа гарчээ. Цэвэр хөгжлийн механизмын үндэсний товчооны дарга гэх уртаас урт нэртэй албан тушаалыг тус яамны мөнгөний авдар гээд ойлгочиход буруудах зүйлгүй. Дэлхий нийт байгаль орчин, экологийн тэнцвэрт байдлыг бий болгохын төлөө халаасаа тэмтэрч буй гэдэг утгаараа байгаль орчин гэх тодотголтой бүхэн мөнгөөр үнэлэгдэх болсон нь нууц биш. Бүр тодруулбал, байгаль орчин руу үйл ажиллагаа нь чиглэсэн олон зуун төслийн мөнгө БОАЖЯ-руу урсч буй. Харин хүүдийлж явдаг нь сая өгүүлсэн албан тушаал. Өнгөрсөн жилийн байдлаар зөвхөн БОАЖЯ –нд 1200 гаруй төслийн баримт бичиг ирснээс хэлэлцэгдэж, батлагдан хэрэгжих шатандаа явж буй нь 480 гэнэ. Энэ тоо бодит эсэхийг тус яамны мэргэжилтэн биш болохоор баталж чадашгүй нь. Гэхдээ л Агаарын бохирдол, сэргээгдэх эрчим хүч гэсэн хоёрхон том төслийн санхүүжилтийн эх үүсвэр хэдэн арван тэрбум төгрөгөөр хэмжигдэж буй. Ямартай ч Агаарын бохирдлыг арилгах тухай хуулийн төслийг ярих үеэр Засгийн газраас 30 тэрбум төгрөгийн санхүүжилтийг янз бүрийн эх үүсвэрээс гаргаж өгөхөөр болсон. Харин энэ мөнгө аав, охин хоёрын гараар дамжин хэрэгжих ажээ. Өөрөөр хэлбэл, БОАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Н. Батсуурь төсвийн ерөнхийлөн захирагч гэдгээрээ нэгдүгээр гарын үсгийг зурж, охин нь түүнийг хуваарилах учиртай. Ийм зүйл байж болно гэж үү. Нөгөө яриад, хэрэгжүүлэхийг оролдоод байгаа төрийн албан дахь цус ойртолт гэдэг чинь энэ бус уу. Төрийн албаны тухай хуульд гэр бүлийн хоёр хүн нэг дор ажиллаж болохгүй гээд заасан байдагсан, уг нь. Гэтэл БОАЖЯ үүнийг зөрчиж буйг юу гэж үзвэл зохилтой вэ. БОАЖ-ын сайд Л.Гансүхтэн үүнийг мэддэг ч мэдээгүй дүр эсгэсээр өнөөдрийг хүрэв үү. Эсвэл төрийн нарийн бичгийн дарга нь сайдаасаа илүү эрх мэдэлтэй болчихсон юм болов уу. Иймд Ж.Батсуурь, Б.Цэндсүрэн нарын асуудлыг цаг алдалгүй Төрийн албаны зөвлөлд тавиад зогсохгүй “мөнгөний авдар” гэх утгаар нь АТГ-аар шалгуулахад гэмгүй л болов уу. Цэвэр хөгжлийн механизмын үндэсний товчооны даргын ажил үүргийн хуваарь нь янз бүрийн эх үүсвэрээр орж ирж буй санхүүжилтийг яаман дээр төвлөрүүлээд дахин хуваарилах явдал гэдгийг сануулах байна. Дээр нь төслийн мөнгөөр хилийн чинадад ажиллах албан томилолт. Мөнгө хуваарилахын төлөө төслийн багт багтаж, дэлхийгээр хэрэн хэсчүүлдэг нь хэрээс хэтэрсэн талаар яамныхан үгээ барцгаасан байсан. Нөгөөтэйгүүр, монголчууд төслийн мөнгөнөөс ашиг унагаж сурсан улс. Яагаав өнөө хятадуудын “Танай дарга замын өргөнөөс, манай дарга зузаанаас нь” гэдэг онигоо шиг. Тендерт ялсан аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа завсардуулахгүйн тулд Б.Цэндсүрэнд төслийн мөнгөний тодорхой хувийг санал болгодог байж ч мэднэ. Үгүй гэх баталгаа бидэнд байхгүй учраас аав охин хоёрыг хардах эрх БОАЖЯ-ныханд байж л таараа.
Б.Жамц
URL: