Хууль зөрчсөн компаниудыг хумьж эхэлнэ
Улаанбаатарчууд биднийг ундны усаар хангадаг хатан “Туул” маань хүний буруутай үйл ажиллагаанаас болоод ширгэж, бохирдсоор үгүй болох нь ээ. Энэ талаар амтай бүгд ярьдаг ч авч байгаа арга хэмжээ нь тун бага. Аравхан жилийн өмнө цэнгэг усаараа алдартай байсан Туул голын ус одоо булингартан ширгэж, хаа сайгүй хог хөвсөн дүр зурагтай болжээ. Энэ байдлыг зогсоож, байгаль дэлхийгээ нөхөн сэргээхгүй аваас нийслэлчүүд бид ундны усаа импортлоход хүрэх нь. Уг асуудлаар манай улсын засгийн газраас анхаарч “Туул голоо хамгаалая” хөтөлбөрийг хэрэгжүүлээд байгаа билээ.
Тэгвэл өнгөрсөн Пүрэв гариг буюу наймдугаар сарын 2-нд тус хөтөлбөрийн хэрэгжилтийг шалгах ажлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зохион байгуулж яамны сайд Ц.Цогтбаатар тэргүүтэй тус яамны төлөөлөгчид, Авто замын хяналтын газар болон, Мэргэжлийн хяналтын газрын төлөөлөгчид, сэтгүүлчдээс бүрдсэн баг гэнэтийн шалгалт хийлээ. Энэ үеэр Туул гол хавиар нутагладаг ард иргэдтэй уулзаж тэдний санал, гомдлыг сонссон юм.
Тэд БОАЖ-н яамны сайдыг өөрийн биеэр ирж тэдний амьдарч байгаа нөхц өл байдалтай танилцаач гэсэн хүсэлтийг хүртэл явуулж байсан бөгөөд сайдыг ирэхийг тэсэн ядан хүлээж байсан ажээ.
Тэдний ярьж буйгаар 2008 оноос Туул голын орчим зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй нь үл мэдэгдэх Солонгос болон Германы хөрөнгө оруулалттай гэх уул уурхайн компаниуд, хайрга бутлах, тэслэх үйлдвэрүүд байгуулагдан тэсэлгээ хийж, иргэдийн мал бэлчих газрыг нь үгүй хийж, тэр хавийн уулнуудад тэсэлгээ хийснээс карерийн том том нүхнүүд бий болж, мал унаж үхдэг болжээ.
Иргэдийн зүгээс нүхнүүдийг тэгшлэхийг хүссэн ч хэн ч үгэнд нь ордоггүй байна. Мөн тэнд Монголчууд ажилладаг компаниуд ерөөсөө байхгүй, дандаа Хятад, Солонгос ажилчдаар дүүрсэн гэдгийг иргэд онцолж байв. Үүгээр ч үл барам тус компаниудын Солонгос ажилчид тэднийг зодон танхайрч, манай газар нутгаас зайл хэмээн хөөж, үхэр малыг нь бэлчээх газаргүй болгож, хөөж туун, айл амьтан нутаглахын аргагүй их дуу чимээ гарч, цаашлаад тоглож явсан хүүхдүүдийг нь хүртэл гэмтээж бэртээдэг, тэр хавийн хүн нутаглуулах газар дээр байгаа хүний шарилуудыг хүртэл манай солонгос ажилчид эндээс зайлуул гэсэн хэмээн ийш тийш чирэн, уулын цаана хол аваачиж хаядаг байна. Иргэд ийнхүү Монголчууд бид газартаа эзэн болж чадахгүй байна хэмээн бухимдаж сууна. Энэ асуудлаар холбогдох газарт нь гомдол тавьсан ч шийдэгдэхгүй байсаар өдийг хүрчээ. Мөн Туул голд мал унаж үхсээр ширгэж буй дүр зурагтай байлаа.
Харин Эмээлт зах, Шувуун фабрик, Морингийн давааны орчмоор хогондоо дарагдсан,ойр хавийн мал нядлах газруудын хаясан малын сэг зэмээр дүүрсэн, зогсоо зайгүй уул овоо шиг их хогийн цэгүүд овоорсон байдал харагдсан нь сэтгэл эмзэглүүштэй. Ийнхүү явж байхад дандаа ч ийм саар дүр зураг харагдсангүй. Дээрх уул уурхайн компаниудын адилаар үйл ажиллагаагаа явуулдаг Германы хөрөнгө оруулалттай хайрга олборлох компаниуд ажлаа ном журмын дагуу зөв гүйцэтгэж, компаниудын үйл ажиллагаагаа явуулж буй талбай нь цэвэрхэн дүр зураг ч бас харагдаж байсныг дурьдах нь зүйтэй.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд ийнхүү хайрга, дайрганы компаниудын үйл ажиллагаатай танилцаж, Туул голын болоод Улаанбаатар хотынхоо эргэн тойронд хоёр дахь удаагаа шалгалт хийлээ. Тэрбээр хийсэн шалгалтаа дүгнэн “Энд нөхөн сэргээх ажлыг яаралтай хийлгэх хэрэгтэй байна. Энэ ажлыг Монголын төр хариуцах ёстой. Байгаль орчны яамны хуулийн дагуу энэ ажлыг хянаж байдаг байгууллага бол мэргэжлийн хяналтын байгууллагууд байдаг. Тэдгээр байгууллагуудын зүгээс эдгээр компани, үйлдвэрүүдэд сануулга өгөөд байхад үл хайхран үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна. Энэ байдлыг бид үгүй хийж Монголын төр хууль дүрэмтэй гэдгийг харуулж, холбогдох байгууллагууд руу нь албан бичиг явуулж зохих журмын дагуу арга хэмжээ авна.
Нийтдээ лицензтэй 70 гаруй байгууллагууд байхад өнөөдрийн байдлаар 15 лицензгүй байгууллага, 34 аж ахуйн нэгж байгууллага ямар ч төлөвлөгөөгүй байна.Зарим нэг аж ахуйн нэгжүүд нөхөн сэргээх төлөвлөгөөгөө өгөөд ажлаа хэрэгжүүлээд явж байх ёстой байтал төлөвлөгөөгөө хоцруулж, он дуусах гэж байхад, шалгалт ирэх сургаар дөнгөж өчигдөрхөн өгсөн байх жишээтэй. Үүнийг бид нар шаардаж байгаль орчны үнэлгээ байхгүй, зөвшөөрөлгүй 10 компанийн үйл ажиллагааг зохих журмын дагуу бичиг баримт бүрдүүлж ашиглалтын лиценз авч, иргэдтэй учраа олох хүртэл нь хаана. Шинэ хуульд байгаль орчны үнэлгээ хийх журмыг заасан байгаа. Тус хуулиар эргэн тойрондоо амьдарч буй хүмүүсийн амьдралд хэр нөлөөлж байгааг харгалзан үзэх ёстой гээд заачихсан байдаг. Энэ дагуу эрхээ авах ёстой байтал биднийг иймэрхүү дүр зураг угтсан нь харамсалтай байна. Эцсийн дүндээ шинэ хууль хэрэгжиж эхэлснийг дурьдаж, байгууллага, аж ахуйн нэгжүүд байгаль орчиндоо, хуулиндаа дүйцсэн үйл ажиллагаа явуулах ёстой гэдгийг Улаанбаатар хотын орчим үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын болон Монголын компаниудад мэдэгдмээр байна. Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад ялангуяа онцгой анхаарах ёстой. Учир нь энэ хавьд малчин өрхүүд нутаглаж байна. Тэдний тав тухыг алдагдуулаад хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа явдал цаашилсаар зөвхөн Улаанбаатарт ч бус Монголын өнцөг булан бүрт явагдаж байгааг үгүйсгэхгүй. Иймээс энэ байдлыг хумьж эхэлнэ.” гэдгээ мэдэгдлээ.
О.Чанцалдулам nudmn
URL: