УУЛ УУРХАЙГ ХӨГЖЛИЙН ШИДЭТ ДОХИУР БОЛГОСОН АВСТРАЛИЙН ТУРШЛАГААС…
Б.СЭВЖИДМАА
Дэлхийн таван тивээс ганцхан Австралид л байдаг кенгуру буюу имж бол австраличуудын бэлгэ тэмдэг, бараг л шүтээн шахуу болсон амьтан. Энэ нь кенгуру зөвхөн Австралид л байдагтай холбоотой гэвэл өрөөсгөл ойлголт болно. Кенгуру хойшоо ухарч явдаггүй амьтан. Түүн шиг австраличууд ч хөгжил дэвшлээс хоцрогдож, хойшоо ухрахыг хүсэхгүй. Кенгуру шиг үргэлж урагшаа явж, өөдөлж тэмүүлж байхыг бэлгэдэж үндэснийхээ бэлгэдэл дээр хүртэл сийлж, шүтэж хайрладаг.
Үнэхээр ч Австралийн түүхэнд хойшоо ухарч явсан үе байхгүй, үргэлжид л их ажил, үйлдвэрлэл, бүтээн байгуулалт нүргэлсээр өнөөдөртэй золгожээ. Хөгжлийн энэ өрнүүн түүхийг бичилцэж, дэлхийн хамгийн хөрөнгөтэй орнуудын нэг болтол нь хөгжүүлж чадсан салбарын тухай одоо онцлох гэж байна. Тэр бол уул уурхай гэдгийг уншигчид хэлүүлэлтгүй мэдэж буй биз ээ.
Австрали газар доорх баялгаа олж нээхээс өмнө түүнийхээ үр шимийг хүртэн амьдардаг газар тариалан, мал аж ахуйн орон байлаа. Гэхдээ “MOG” хэмээх шидэт үг гарч ирснээр Австралийн эдийн засаг, хүн амынх нь амьдралын хэв маяг, амьжиргаанд огцом эргэлт авчирсан гэдэг. MOG гэдэг нь Mineral буюу эрдэс баялаг, Oil буюу газрын тос, Gas буюу байгалийн хий гэсэн гурван үгний нийлбэр юм. Чухамдаа энэ гурван баялаг нь Австралийг шидэт саваагаар дохьсон мэт өнөөгийн хөгжлийн өндөрлөгт хүргэсэн учраас MOG бол шидэг үг гэж австраличууд итгэхээс өөр аргагүй. Үнэхээр ч австраличууд хайсан бүхнийг нь агуулж байдаг арвин их баялагтай газар шорооны эзэн болсон азтай хувь тавилантай хүмүүс ажээ.
Тэдний газар доорх баялгаа олж нээсэн түүх нь их сонин. Энэ их баялгаа олж мэдэхийн өмнө бараг бурхны сорилт гэхэд буруудахааргүй байгалийн том шалгуурыг австраличууд давсан байдаг. 1840-өөд оны үед Виктория мужид таван жил дараалан ган болж хонины сүүл нь бараг л амьдаараа хайлж урсахаар их халуун болсон гэдэг. Хүн малгүй зовсон их ган гачгийн дараа хоёр жил дараалан бороо орж, үер болж бүхнийг угаасан мэт болгож орхижээ. Долоон жил дараалсан байгалийн энэ гамшгийн дараа Австралийн хөрсөн дор нуугдсан алт эрдэнэс өөрөө нүдний өмнө ил гарч ирсэн нь “gold rush” буюу алтны халуурлыг эхлүүлсэн түүхтэй. Хоёр жил үргэлжилсэн их бороо газар доорх алтыг угааж, Викториягийн хөрс шороо алтны үр цацсан мэт энд тэндгүй гялтганаж байх болжээ.
Тэр үед алтны эрэлд гарсан хятадууд эх газраасаа Австралийг явганаар зорьж байсан түүх ч бий. Алтны халуурлыг эхлүүлсэн тэр газар Мельбурн хотоос цаг шахам явах зайд бий бөгөөд одоо ч хүмүүс тэнд очиж бусдын олж хараагүй, үлдээчихсэн байж магад алтны эрэлд гарах нь бий. Алтны халуурлын үед ихэнх баялгийг нь түүчихсэн хэдий ч зарим хүний аз нь шовойж, цэцэрлэгийнхээ хашаанаас их хэмжээний алт оллоо гэсэн мэдээ хааяа нэг телевизээр гарах нь бий.
Ердөө арван жил /1851-1861/ үргэлжилсэн алтны халуурлын үед Виктория муж дангаараа алтны үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч болсон байв. Ингэж уул уурхайн амтанд орсон австраличууд бусад эрдэнэсийн эрэлд ч гарсан бөгөөд хамгийн азтай нь тэдний хайсан бүхэн хөрсөн доор нь ямагт байж байдаг байлаа. Ямар сайндаа л австраличуудыг “Хайсан бүхнээ олдог” хэмээн ярьдаг байх вэ. Алт, зэс, хөнгөн цагаан, алмааз, опал, төрөл бүрийн эрдэнийн чулуу, нүүрс, цайр, мөнгө, уран, дэлхийд ганцхан ягаан алмааз гээд хайсан эрдэс баялаг бүхэн газар дор нь байж байдаг чухам л геологичдын жаргалын орон болсон газар ажээ.
Өрсөлдөгчөөсөө суралцах нь:
Уул уурхайн 150 жилийн түүхтэй Австрали орноос суралцах зүйл их. Тэдний туулсан зам бидний хувьд аль нь зөв бэ гэдгийг ялгаж харах том сургамж болно. Уул уурхайн аварга том компаниуд төрөн гарсан, арвин туршлагатай энэ орон нөгөө талаар бидний өрсөлдөгч. Монголын сэтгүүлчидтэй уулзаж ярилцсан Австралийн аль ч төвшний төлөөлөгч, албан тушаалтан, уул уурхайн мэргэжилтэн, судлаач ер нь хэн ч манай улсыг өөрийнхөө өрсөлдөгч хэмээн харж байна. Тэд манай уул уурхайн салбарын тоо баримтыг бараг биднээс илүү судалж мэдсэн байна. Хятад хэмээх нэг л том зах зээлд нүүрс, түүхий эдээ борлуулж буй учраас дэлхийн уул уурхайн тавцанд хүч түрэн гарч ирж буй Монгол хэмээх шинэхэн бөгөөд туршлага багатай тоглогч ч тэдний хувьд анхаарч харж байх өрсөлдөгч нь ажээ. Тэд биднийг ингэж харж ажиглаж байхад бид ч бас өрсөлдөгчөө судалж мэдэж байхгүй бол болохгүй. Австралийн уул уурхай, хэвлэл мэдээллийн салбарын туршлагаас багахан хугацаанд суралцаад ирсэн сэтгүүлчийн хувьд дараахь хэдэн зүйлийг онцлон сонирхуулмаар байна.
Голланд өвчнөөс сэргийлэх вакцин буюу эдийн засгаа төрөлжүүлэх нь
Уул уурхай хэдий том салбар ч хөгжингүй орнууд дундаа эдийн засгийн өсөлтөөрөө /4,3%/ тэргүүлэгч Австралийн ДНБ-ний 11,4 хувийг л эзэлж байна. Энэ бол австраличууд дан ганц уул уурхайдаа найддаггүйн хамгийн том жишээ. Тэд уул уурхай харж, бусад салбараа хаяагүй бөгөөд алтны ид халуурлын үед ч хөдөө аж ахуй, газар тариалан, үйлдвэрлэлээ давхар авч явсан нь өнөөдөр баялгийн хараал гэх ашигт малтмал арвинтай газар орнуудын ганц айж явдаг өвчнөөс хамгаалах урьдчилсан тарилга нь болж өгчээ. 1850-1945 он хүртэл Австралийн эдийн засгийн хөгжлийг WWMMM хэмээх үгс тодорхойлж байв.
1.Wool буюу ноос,
2.Wheat буюу улаан буудай,
3.Meat буюу махны үйлдвэрлэл,
4.Mineral буюу эрдэс баялаг,
5.Manufacturing буюу аж үйлдвэрлэл
Үндсэндээ 100 жилийн хугацаанд Австралийн эдийн засгийг авч явсан таван гол тулгуур багана нь эдгээр салбар бөгөөд уул уурхай ердөө тэдний нэг нь байв. Тэд алт, зэс, төмөр, мөнгө, цайраа олборлохын хажуугаар ноосоо Британийн үйлдвэрүүдэд тушааж, улаан буудайгаа тариалж, махаа экспортолж, төрөл бүрийн үйлдвэрлэл эрхэлж байжээ. Үүний хүчинд 1900 он гэхэд Австрали нэг хүнд ногдох ДНБ-ээр дэлхийд тэргүүлэгч болж чаджээ. Ингээд өнгөрсөн зууны дунд үед усан тээвэр, төмөр зам, авто зам, барилга гээд дэд бүтэцдээ асар их хөрөнгө хаяж, автомашин, нисэх онгоц, цахилгаан барааны үйлдвэрлэлээ ч дэмжиж эхэлжээ.
Үүний зэрэгцээ Мельбурн, Сидней зэрэг томоохон хотуудынхаа дэд бүтцийг сайжруулж, аялал жуулчлалын зорилгоор үйлчилгээний салбараа хөгжүүлж эхэлсэн байна. Хэрэв 1945-2010 оны хоорондох Австралийн хөгжлийн түүхийг харвал дээрх WWMMM хэмээх товчлол дээр S /Service/ буюу үйлчилгээний салбар хүч түрэн нэмэгдсэн байдаг. Одоо ч Австралийн эдийн засгийн голлох хэсгийн нэгийг үйлчилгээний салбар эзэлсээр байгаа юм. Эдийн засгаа ингэж төрөлжүүлэх нь эцсийн эцэст баялгаас үүдэж болох сөрөг үр дагаварын л эсрэг арга хэмжээ. Голланд өвчин, баялгийн хараал гэх нэр томъёо гарч ирэхээс ч өмнө австраличууд ингэж өөрсдийгөө дархлаажуулсан байна. Гэсэн хэдий ч баялгийн хараалаас сэргийлэх сонор сэрэмжээ одоо ч алдаагүй, уул уурхайн хөгжил зөв яваад байна уу, үгүй юу гэдгээ байнга л ярилцаж, хэлэлцэж байх юм. Энэ ч бас учиртай. Юу гэвэл, сүүлийн 30-40 жилийн хугацаанд эдийн засагт нь уул уурхайн эзлэх хэмжээ нэмэгдсээр байгаа нь эдийн засагчдын санааг зовоож байгаа аж.
Жишээлбэл, 1979 онд аж үйлдвэрлэлийн эдийн засагт эзлэх хэмжээ 31 хувь байсан бол 2010 он гэхэд 15 хувь болж буураад байна. Гэтэл уул уурхайн эзлэх хувь эсрэгээр 18 хувь байснаас өнөөдөр 50 хувь болж өсчээ. Энэ нь уул уурхайгаас хэтэрхий хараат болох вий гэсэн болгоомжлолыг австраличуудад төрүүлж байгаа ч үйлчилгээний салбар нь харьцангуй сайн буюу эдийн засгийнхаа 20 хувийг эзэлж байгаа аж. Ерөнхийдөө тус улсын эдийн засгийг 100 хувь гээд тоймлож үзвэл уул уурхай 50, хөдөө аж ахуй 15, үйлдвэрлэл 15, үйлчилгээний салбар 15 хувийг тус тус бүрдүүлж байна. Эдгээр салбарт гарсан өөрчлөлтийг дагаад ажил эрхлэлт, хөдөлмөрлөх хүчний хуваарилалт ч өөрчлөгдсөн байна. Тухайлбал, 2005-2011 оны хооронд аж үйлдвэрийн салбар дахь ажлын байр 59 мянгаар хорогдсон бол үйлчилгээний салбарт огцом өсөлт гарч, 1,5 сая хүнийг ажлын байраар хангасан байна.
Харин уул уурхайн хувьд зургаан жилийн хооронд 100 мянган хүнийг ажилтай болгожээ. Австралийн ажилтай иргэдийн тоо 11 саяар яригдана. Үүний 217 мянга нь л уул уурхайн салбарт харьяалагддаг. Энэ нь хэзээ нэгэн цагт уурхай хаагдахад хамаг хүмүүс нь ажилгүй болж хоцрохгүй гэсэн бодлогын үр дүн. Ер нь, австраличууд уурхайдаа хамаг найдлагаа тавьдаггүй ажээ. Гэвч энэ том салбар далайцаараа экспортын 52 хувийг эзэлж, 2010-2011 онд гэхэд 154 тэрбум ам.долларын ашигт малтмал, түүхий эд гадагш гаргажээ. Ойрын жилүүдэд ч уул уурхайг чиглэсэн хөрөнгө оруулалт нэмэгдсэн хэвээр байж, 95 тэрбум ам.доллар оруулж ирнэ гэсэн тооцоо байна.
Төр уул уурхайн компанийн хувь эзэмшигч байх нь зөв үү
Баялагтай орон бүрт нэг ижил зовлон бий. Баялгаа яаж гадаадынхны хоол болгочихолгүй, өөрсдөдөө шингээж үлдээх вэ гэж. Энэ толгой гашилгасан асуулт уул уурхайн хэдэн зуун жилийн түүхтэй оронд ч, манайх шиг шинэ тутам хөгжиж байгаа оронд ч адилхан тулгардаг аж. Гэхдээ ялгаатай нь үүний эсрэг авах хариу арга хэмжээ нь өөр өөр байх юм. Жишээлбэл, манайд бол томоохон орд газраасаа ахиухан хувь эзэмшихийг хамгийн найдвартай арга гэж үзэж, Оюу толгойн гэрээгээ мөн ч олон сар жил ярьж хэлэлцсэн дээ. Тэгвэл Австралийн уул уурхайн судлаач, хөрөнгө оруулагч, эдийн засагчдын үзэж буйгаар төр өөрөө уул уурхайд хувь эзэмших нь тийм ч сайн арга биш гэнэ. Учир нь, төр хувь эзэмшээд эхэлбэл хүссэн хүсээгүй өөрийн ашиг сонирхлыг төлөөлж, байр сууриа хамгаалах гээд эхлэх учраас тухайн бизнесийн цааш явах, хөгжиж томрох замд нь саад болдог байна. Гэвч төр өөрөө оролцохгүй гэвэл баялгаа яаж хамгаалах юм бэ? Мэдээж ийм асуулт гарч ирнэ.
Хариулт нь тун энгийн. Татвар.
Баялгаа ашиглуулсны татварыг хангалттай сайн ав. Үүн дээр бизнесийн таатай орчин бүрдүүлэх, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах гэх мэтийн шалтаг зааж өндөр татвар тогтоохоос зайлсхийх хандлага хүчтэй байдаг. Тэгвэл уул уурхайг маш амжилттай хөгжүүлсэн орнуудын хамгийн сайн жишээнд байнга дурдагддаг Норвеги гэхэд гадаадын компаниудаас бараг хамаг ашгийг сорох хэмжээний татвар авч байж, өнөөгийн хөгжилдөө хүрсэн байдаг.
Тус улс газрын тос, шатахууны компаниудаас гэхэд 50 хувийн татвар авах жишээтэй. Норвегийн энэ жишээнээс суралцсан Австралийн эрх баригчид уул уурхайн компаниудад 40 хувийн татвар тогтоох гэж оролдоод Ерөнхий сайд Кевин Радд суудлаасаа огцорч байсныг уншигчид санаж буй биз ээ. Улс төрийн хүчнүүд, уул уурхайн томоохон компаниудын хооронд асар том маргаан мэтгэлцээн өрнүүлсэн татварын тухай яриа хэлэлцээр хоёр жил гаруй үргэлжилж, Кевин Раддын залгамжлагч одоогийн Ерөнхий сайд Жулия Гиллардын үед 30 хувь болж батлагдсан юм. Төмрийн хүдэр, нүүрс олборлогч компаниудад тогтоосон энэ татварын хууль өнгөрсөн сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн бөгөөд ирэх гурван жилийн хугацаанд 10,6 тэрбум ам.долларыг улсын төсөвт төвлөрүүлэх тооцоо бий. Хэдийгээр хууль батлахын өмнө хөрөнгө оруулагчид, компаниудын зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байсан ч энэ өндөр татварын дүнд цугларах асар их мөнгөн орлогоос зургаан тэрбумыг нь дэд бүтцээ сайжруулахад, иргэдийн тэтгэврийн хадгаламжийг нэмэгдүүлэхэд цөөнгүй хувийг зориулна хэмээн амласнаар олон нийтийн дэмжлэг хүлээж, батлагджээ.
Энэ мэтчилэн Австралийн уул уурхайн туршлагаас судалж суралцах, санаа авах зүйл бишгүй олон. Нинжа нартай харилцах арга барил, бие даасан хөрөнгийн сан, уул уурхайн салбар дахь ажиллах хүчний бодлого гээд тэднээс суралцах зүйл их байна. Тэр бүхнийг бид “Mining Daily” хавсралтынхаа дараа, дараагийн дугаараараа цуврал болгон хүргэх болно.
ardchilal
URL: