Улс төрийн нам шүүхийг барьцаална гэв үү?

МАХН-ынхан сүүлийн үед “Улс төрийн шинэ хэлмэгдүүлэлт гаргуулахгүй” гэх зүйлийг ярих болов. Тэртээ өнгөрсөн зууны 30-аад оны хэлмэгдүүлэлтийг тэд сөхөх гэсэнгүй. Харин шинэ зууны улс төрийн хэлмэгдүүлэлт гэх нэр томъёо зохиож шинэ Засгийн газар бүрдүүлэх явцыг барьцаалах замаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаанд нөлөөлөх гэж үзэх болжээ. Хэлмэгдэх гээд байгаа гэх цаад субъект нь тодорхой. Тэр бол Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр.

Хэдийгээр УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийнхэн АН-тай хамтарч шинэ Засгийн газар байгуулахаар гэрээ хийж тунхаг гаргасан ч “МАХН-ын дарга Н.Энхбаярыг гэмгүй өнгөрөөвөл” гэсэн нэг тулгалт хийгээд буй нь тодорхой болов. Хэрэв түүнд ял оноох аваас шинэ цагийн улс төрийн хэлмэгдүүлэлт болох гээд байгаа юм гэнэ. Тэгээд шинэ Засгийн газрыг түүгээрээ барьцаалахаар айлгах болжээ. Улс төрийн нэг нам, нэг эвсэл ийнхүү шинээр бүрдүүлэх Засгийн газрыг барьцаалах аргаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллгнаад нөлөөлөх арга саам хайж байна.

Гэвч хууль, шүүх, прокурорын байгууллагын үйл ажиллагаа нэг намын сүрдүүлгээс болж гацахгүй нь лавтай. Харин ч энэ хууль бус үйл ажиллагааныхаа улмаас МАХН гэдэг нам, “Шударга ёс” эвсэл улс төрийн байр сууриа алдаж улс төрийн тавцангаас бүрмөсөн бууж болох юм.

“Шударга ёс” эвсэл УИХ-д 11 суудал аваад буй. Одоо 10 хүн парламентад сууж байна. Тэднээс дөрөв нь л сонгогчдын итгэл өвөрлөж тойргоос гарч ирсэн. Тэд бол Г.Уянга, Д.Батцогт, Л.Цог, Д.Тэрбишдагва нар. Харин нөгөө долоон хүн МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн жагсаалтаар УИХ-д  орж ирсэн. Хууль бус үйл ажиллагааныхаа улмаас энэ эвсэл улс төрийн тавцангаас буувал тэр долоон хүн УИХ-аас татагдаж, тойргоос сонгогдсон дөрвөн гишүүн бие даагч болж үлдэж мэднэ.

Ийм тохиолдолд төр, засгийн үйл ажиллагааг гацаахгүйн үүднээс АН бусад нам, эвслийн төлөөлөлтэй хамтран гэрээ хийж Засгийн газраа байгуулах эрх зүйн орчин нь нээлттэй. Харин “Шударга ёс” эвслээс жагсаалтаар орж ирсэн долоон гишүүний оронд тэр долоон хүнд ногдох суудлыг парламентад суудалтай бусад намуудад хувь тэнцүүлэн дахин хуваарилах боломж ч бий.

МАХН-ын зүгээс нэг хүний эрх ашгийн үүднээс хууль, шүүхийн үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлөх гэвэл улс төрийн ийм нөхцөл байдал үүсч болохоор болоод байна. Ингэхэд “Шинэ цагийн хэлмэгдүүлэлтийг зогсооно” гэж МАХН-ынхан юу яриад байгаа хэрэг вэ.

Д.ОЮУН

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих