Балгасаасаа салаагүй метро мөрөөдөгчид
Мишээсэн дагина шиг миний Улаанбаатарт тав алхаад л балгас тааралдана. Зарим нь он удаан жил болж, газар чичирхийлэх төдийд нурах барилга. Харин зарим хэсэг нь золгүй хувь тавилангаар ийм байдалд хүрсэн. Тухайлбал, шатсан гэх мэт. Үүний нэгэн жишээ Баянзүрх дүүргийн XIII дугаар хороололд байрлах “East” төвийн барилга. Өнгөрсөн оны нэгдүгээр сард шатсан ч одоог хүртэл зассан, нураасан зүйлгүй. Тэр хавийнхан хотын өнгө үзэмж гутаасан, олны нүдний ил энэ барилгыг шинэчилдэггүй юм гэхэд нураадаг байгаа даа гэж халаглаж байна гэсэн. Мөн төрийн ордны зүүн талд байдаг хуучин Сүхбаатарын нэрэмжит хэвлэх үйлдвэрийн байр. Дэргэдүүр нь гарахад “арай чөтгөр шүглэсэн юм биш байгаа даа” гэж бодогдохоор удаж байна. Уг нь энд парламентийн шинэ ордон сүндэрлэх сураг дуулдаад байсан ч цагийн юм цагтаа гэдгээс эсрэгээрээ байдаг манайд домог болоод байгаа. Мөн хуучнаар “Хангай” зочид буудал нэртэй нэгэн барилга буй.
Түүнд гаж донтой залуус цуглаж муур, нохой хядаж, этгээд зан үйл үйлддэг гэх мэт яриа сонсогдож л байсан. Үнэн худлыг мэдэхгүй ч балгас гэдэг багагүй муу зүйл дагуулдаг нь ойлгомжтой санагдана. Нөгөөтэйгүүр нийслэлд “Хүн амьдрахыг хориглоно” гэсэн тодотголтой байр олон. Ихэнх нь орос ах нарын үед баригдсан орон сууц. Эдгээр барилгаас хүмүүсийн хамгийн сайн мэддэг нь Хан-Уул дүүргийн XIX хороололд байрлах 27 хуучин орон сууц байна. Мөн Төмөр замын шар байрууд, Дэнжийн мянгын цагаан байрууд, УБИС-ын урд талын цагаан байрууд гээд энэ жагсаалт цааш урт үргэлжилнэ. Үйлдвэр үйлчилгээ явуулдгаас Урт цагааны байр ч энэ жагсаалтыг үргэлжлүүлнэ. Тэгвэл энэ оны эхээр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хүн амьдрах боломжгүй байшин, барилгуудын жагсаалтыг гаргасан. Ийм барилгад нийт 44 барилга орсны хамгийн эрсдэлтэй 17 барилгын жагсаалтад өнөөх алдарт орон сууцууд байхгүй байна шүү.
Үүнээс үзэхэд бидний аюултай гэж үздэгээс илүү “аюултай” гэхээр салхинд өвс шиг ганхдаг байх гээд байгаа юм. Жагсаалтыг сонирхвол 1935-1967 оны хооронд ашиглалтад орсон 648 айлын орон сууцууд багтжээ. Үүнд: БЗД-ийн XIII XV хороонд байрлах 60, 61, 44 дүгээр байр, тус дүүргийн дөрөв дүгээр хороонд байрлах 4-10 дугаар байрууд, Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд байрлах хуучин районы гурван орон сууц, Сүхбаатар дүүргийн VI хорооны 46 айлын 22 дугаар байр, СХД-ийн XXI хорооллын 48 айлын гурван давхар орон сууц зэрэг барилгууд багтсан байх юм.
Өнөөх төмөр замын шарууд, Чингэлтэй дүүргийн I хороо 40 мянгатын байруудын сураг бүр байхгүй шүү. Эдгээр байрууд аль аль нь хана, тааз нь цуурсан, хаалга үүд нь эвдэрсэн, дусаал тусдаг, чийгтэж мөөгөнцөрдсөн гээд олон асуудалтай. Гэтэл айлын эхнэр хүүхдүүддээ алаг үзэлтэй ханддаг шиг заримыг шинэчилж, нэг хэсгийг нь хайрлаад хадгалаад байдаг ямар сонин бодлого гээч вэ гэж бодох хүн гарна. Саяхан юм. Төмөрзамын шар байрны оршин суугчдаас санал сэтгэгдлийг нь сонсч байхад шүүрэн шанага шиг байрнаасаа салахын мөрөөдөлд умбасан нэг хэсэг байхад, хулгайч оготно шиг ухаж ггүх гаргачихаад түүнийгээ өөрийнхөө бүх л эд хөрөнгө, амьдарал гээд хэнийг ч халдаадаггүй хэсэг байсан. Зарим нь “Энэ байрыг нурааж, шинэ байр барихыг нь харах юмсан. Хөх инээд хүрчихлээ. Хүний өмчийг дээрэмдэхгүй л бол эзэн нь зөвшөөрөөгүй цагт яах юм энэ бэлэн амтнууд” гэсэн юм яриад сууж байсан юм. Энэ асуудлыг яаж шийдэх талаар албаны хүнээс тодруулахад, “Эдгээр оршин суугчид өөрсдөө л барилга барих компанитайгаа зохицвол бидэнд дургүйцэх зүйлгүй” гэсэн юм ярьж байсан.
Байдал ойлгомжтой байна шүү дээ. Хэрэв тодорхой бодлого хөтөлбөрийн дагуу барилга барих ажлыг зохицуулахгүй бол дараа зуун гэхэд ч монголчуудын “балгас” хотын амьдрал үргэлжлэхээр байна шүү дээ. Эдгээр барилгуудыг нурааж шинэ хотхон барих хамгийн чухал ажлуудынх нь нэг гэдгийг мэдсэн ч мэдээгүй явдаг юм уу, эсвэл энэ асуудаыг шийдэхэд ухаан нь хүрдэггүй манийн өрөөсөн гутал энэ улсыг жолоодоод байгаа юм уу гэж бодогдох юм. Уг нь метро тавина, Улаанбаатар хот 2020 он гэхэд метротой болох боломжтой, 2014 оноос ажлыг нь эхлүүлнэ, энэхүү ажилд дөрвөн их наяд 917 тэрбум төгрөг хэрэгтэй энэ тэр гээд байхыг нь харахаар “хоосонгүй” толгойнууд юм шиг. Аль эсвэл өөрт ашиггүй, хэд гурван зоосны хаялагагүй юман дээр хөдөлдөггүй нөхдүүд юм уу ч гэж бодож үзлээ. Ямартай ч манайхан хотын балгас, төрийн мангас хоёроос салаагүй цагт цэмцгэр хотын, соёлт иргэн болно гэхэд хэцүү л санагдах юм.
www.top.mn
URL: