Шинэ гишүүдийн “но” эхнээсээ ил болсоор…

Энэ удаагийн парламентад “но”-той, ноцтой эрхмүүд нэлээд шургалжээ. Одоогийн байдлаар гэхэд л, өнгөрөгч их сунгааны үеэр холбогдох хууль зөрчсөн гэдгээр нэр бүхий зургаан гишүүн хүчнийхний хурц хараанд өртөөд буй. Тэд эхнээсээ л хувийн алдаа гаргачихлаа. Эрх мэдэл, албан тушаалын төлөө эрүүгийн хэрэгт холбогдоод буй ийм хүмүүс хувийн амбийцаа дарж, төрийн бодлого зангилалцаж чадна гэж үү.

Ямартай ч Нийслэлийн прокурорын газрын мэдэгдсэнээр сонгуультай холбоотой 10 гаруй хэргийг шалгаж буй аж.  Тухайлбал, МАН-аас Өвөрхангайд нэр дэвшсэн Н.Төмөрхүү, С.Чинзориг, Увсад нэр дэвшсэн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Орхонд нэр дэвшсэн О.Содбилэг, Дархан-Уул аймагт нэр дэвшсэн Д.Хаянхярваа нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Тэднийг Сонгуулийн тухай хууль зөрчсөн, будлиан гаргасан, суртал­чилгааны явцад иргэдэд эд зүйл, мөнгө тараасан, санал хураах явцад нөлөөлөхөөр сонгогчдын нэрсийн жагсаалтыг давхардуулан үйлдсэн зэрэг хэрэгт буруутгаж буй.

Д.Хаянхярваа гишүүний хувьд, сайдын албан тушаалаа урвуулан ашиглаж, тойргийнхоо өндөр настай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд “Хүний хөгжил сан”-гийн мөнгө болох 670 мянган төгрөг тараасан хэмээн буруутгагдаж, Авлигатай тэмцэх газарт зочлоод буй юм. Ийнхүү хууль хяналтынхны эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа дээрх нэр дэвшигчдээс Н.Төмөрхүү, С.Чинзориг нар л УИХ-ын гишүүний тангаргаа өргөөгүй. Зүй нь шүүх тэднийг буруугүй гэж үзсэн тохиолдолд УИХ-ын гишүүн болгох аж.

Харин бусдынх нь тухайд,Сонгуулийн ерөнхий хороо нэрийг нь өргөн мэдүүлчихсэн учир, гэмт хэрэгт холбогдсон ч УИХ-ын гишүүний тангараг өргөчихлөө. Гэхдээ анхааруулгын тэмдэгтэй. Учир нь тангараг өргөж, гишүүн болсон ч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдвол Улсын ерөнхий прокуророос эрхэм түшээдийн халдашгүй бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр УИХ-д хандах болно.Гэхдээ энд нэг зүйлийг тодруулахад, үе үеийн УИХ хуулийг гууль болгож, “гэмт хэрэгтнүүд”-ийг хамгаалж ирсэн түүх бий.

 

Жишээ нь гэхэд л, УИХ-ын гишүүн асан О.Чулуунбат, Л.Гүндалай нарын нэр дээр хаяглагдсан прокурорын бичгийг хэд хэдэн удаа ирүүлж байсан. Гэвч танхимаараа талцан асуудлыг хав дарж, эцэст нь хариуцлагаас бултуулсан түүхтэй. Харин энэ удаад тангарагаа өргөсөн эрхэм гишүүдийн хувь заяа хэрхэхийг шинэ парламентын эв эе мэдэх “бичигдээгүй хууль” нөлөөлж чадах болов уу.Мөн төрийн ордны зөөлөн сэнтийд тухлахаасаа өмнө эрүүгийн хэрэгт холбогдсон цөөнгүй түшээд, “Төр түмнийхээ төлөө чөмгөө дундартал ажиллахаа мэдэгдэн” тангараг өргөөд  байгаа юм.

 

Ямартай ч хувийн асуудлаа шийдэж, биеэ засч чадаагүй нөхөд энэ төрд нэг бус нэлээд олноороо илгээгджээ. Гэхдээ энэхүү жагсаалтад багтсан эрхмүүдийн үүх түүх, төрд хэрхэн шургалсан гээд элдэв асуудлыг нь багцаалвал бас л сонирхолтой дүр зураг гарч мэдэх нь. Хамгийн гол нь энэхүү жагсаалтыг тэргүүлж буй хүмүүс тойрогт нэр дэвшиж төрд илгээгдсэн бус улс төрийн хүчин бараадсаныхаа төлөө намын жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон эрхмүүд байх юм. Түүнээс ард түмэн тэднийг “Улс орныхоо торгон жолоог атгалц” гэж төрд илгээгээгүй.

Харин намын даргын үзэмжээр ч юм уу, нэг эзэнд үнэнч байсных нь төлөө намын жагсаалтад багтаасан хэрэг. Нэг үгээр хэлбэл, асуудалтай “гар”-ууд тойрогт өрсөлдсөн бол тодорч гарч ирэх нь юу л бол. Томчуудын хөлд дарагдаж, парламентын гадна тээр хол шидэгдэх байсан биз. Харин жагсаалтад бичигдсэн тэдний хэн нь бэ гэдгийг мэдэхгүй сонгогчид намд нь саналаа өгсөн нь тэдэнд боломж олдож, торойгоод гараад ирсэн хэрэг шүү дээ. Уг нь намын жагсаалтад лидерүүдийг багтаадаг “алтан зарчим” нь дэлхийн жишиг. Гэтэл анхны юм болгон алдаатай, оноотой гэж.

Намуудын листэнд хувийн асуудалтай цөөнгүй хүмүүс багтсан нь ёстой нөгөө “хуулийн цоорхой” гэгч нь дэг шүү. Гэхдээ аливаа хүний алганд багтсан аз, одийг яая гэхэв.   Энэхүү жагсаалтын эхлэлийг УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл өнгөлж буй. Тэрбээр  энэ удаагийн УИХ-ын сонгуулиар ИЗНН-аас жагсаалтаар сонгогдож, төрийн ордонд ирэх дөрвөн жил ажиллах албан өрөөгөө төвхнүүлээд байгаа билээ. Түүнийг ажиглагчид энэ парламентын хамгийн азтай хүнээр тодруулаад буй юм.

Учир нь эрхэм гишүүнийг намын жагсаал­таар УИХ-д суухад ердөө л 0.05 хувь дутсан. Гэхдээ аз хүү байвал ёоз хүүгээр цохино гэж энэхүү үзүүлэлт дээр нь таван хувийн босго даваагүй намуудын хувийг нэмэхэд, УИХ-ын гишүүн болох боломж бүрджээ. Ингээд л иргэн С.Дэмбэрэл энэ төрд илгээгдсэн хэрэг. Гэвч тэрбээр “цэвэр ариун” алдар нэртэйгээр парламентын суудалд заларч чадсангүй. Учир нь тэрбээр Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулан ашиглаж, төрсөн эгчийнхээ хүүхдийн нэр дээр их хэмжээний газар авч, хувьдаа ашигласан хэрэгт холбогдоод байгаа аж.

Түүнд Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн шүүхэд шилжүүлсэнмэдээтэй байна. Гэвч шүүхээс учруулсан хохирлыг нарийвчлан тогтоох шаардлагатай гэсэн үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан сурагтай. Түүгээр зогсохгүй эл асуудлаар эрхэм гишүүнийг Авлигатай тэмцэх газраас дуудан, байцаалт авсан гэх. Ямартай ч энэхүү хэргийг зургадугаар сарын сүүлээр буюу сонгуулийн үеэр хэрэгсэхгүй болгосон ч дахин сэргээсэн талаар албаны эх сурвалж мэдээлсэн юм.

Эрхэм гишүүн энэ асуудлынхаа талаар нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Ер нь сүүлийн үед АТГ-т бараг хүн болгон л дуудагдаж байгаа биз дээ. Энэ асуудлын тухайд ч гэсэн эзэн холбогдогч нь тодорхойгүй нэг хүний өргөдлөөр асуудлыг дэвэргээд байгаа юм билээ. Анх хэрэг үүсгээд, тэр нь Хан-Уул дүүргийн шүүхэд хүрч үндэслэл дутуу байна гэж буцаагдсан…” хэмээжээ. Ямартай ч тэрбээр УИХ-ын гишүүний тангараг өргөсөн ч гэм буруутай нь тогтоогдвол 5-8 жилийн хорих  ялаар шийтгүүлэх аж.

Мөн намын жагсаалтын “буянаар” төрийн сэнтийд заларч, УИХ-ын гишүүний үнэмлэхээ гардаад буй эксийн намын цорын ганц эмэгтэй гишүүн болох З.Баянсэлэнгийн хувь заяа дээсэн дөрөөн дээр байгаа гэнэ. Гэхдээ тэр бол энэ парламентын есөн эмэгтэй гишүүний хамгийн азтай нь. Ёстой л хувь заяаны шоглоом түүнийг шаргал ордны улаан буйданд залчихав уу гэлтэй. Гэхдээ түүний УИХ-ын гишүүн болсон замнал олны нүдэн дээр тов тодорхой байсан. Тэрбээр нэгэн цагт монгол төрийг эзэгнэж явсан экс эрхмийн төлөө гудамжинд жагсаал цуглаан хийж, Дэнжийн мянгын 111 дүгээр хорих ангийн цементэн шалан дээр хүртэл бор хоногийг өнгөрүүлж байсан удаатай.

Гэхдээ л ингэж явсных нь үр дүн гарав бололтой. Харин энэ цагаас хойш зон олны итгэлийг дааж чадах нь түүний зүтгэл мэдэх асуудал. Ямартай ч хорооны засаг даргаас төрийн түшээ болтлоо суга дэвшлээ. Гэхдээ юманд учир гэж тэрбээр бас л асуудалтай гишүүдийн тоонд зүй ёсоор багтаж байгаа юм. Түүнд улсын яллагчаас ял төлөвлөж, холбогдох хэргийг шалгаж буй юм. Хэрвээ тэрбээр энэхүү ялаас мултарч чадвал улаан буйданд тухлах эрх нь нээлттэй байгаа.

Тэгэхээр эрхэм гишүүний талаарх хэрэг явдлыг тодруулбал, намын нөхдүүд болох М.Амартүвшин, Я.Мөнхсайхан, Д.Шонхоо нарын хамт эксЕрөнхийлөгч Н.Энхбаярын туслах Б.Тулгыг суллахыг шаардан нийслэлийн Прокурорын газрын  гадаа жагсаал зохион байгуулахдаа “бяцхан дайн” гаргасан асуудлаар буруутгагдаж байгаа юм. Энэхүү холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаасныг хяналтын прокурор Ц.Хашбаатар нийслэлийн Шүүхэд эсэргүүцэл бичжээ.

Эл эсэргүүцлийг давж заалдах шатны шүүхээс хүлээн авч УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэргийг шийдвэрлэх даалгаварыг анхан шатны шүүхэд өгөөд байгаа. Тэднийг Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор О.Мөнхбаатарын биед халдан, хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэсэн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 245.1-д зааснаар үндэслэн буруутгаж байгаа аж.

Түүнтэй холбоотой бас нэгэн таагүй мэдээлэл бол Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгчээр ажиллаж байхдаа авлига авч, ажлаасаа хөөгдсөн гэсэн ярианд нэр холбогдож явсан нь хэвлэлийн шар хуудаснаа архивлагджээ. Энэ мэтчилэн шинэ гишүүдийн “зэс” эхнээсээ цухуйж эхэллээ.

О.МӨРӨН
Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих