Ц.Нямдорж: Н.Энхбаярыг хэрхэхээс Хамтарсан Засгийн газарт орох эсэхээ шийднэ гэж байна шүү дээ
МАН-ын бүлгийн дараа сэтгүүлчид Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос дараахь асуултуудад хариулт авсан юм.
-Сонгуулийн дараа УИХ бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж чадсангүй. Үндсэндээ төрийн ажил гацчихлаа. Энэ нь Ардын намаас болсон байх. Үүнийг та юу гэж үзэж байгаа вэ?
-Сонгууль өнгөрөөд сар болж байна. Энэ хугацаанд Ардын намын зүгээс төрийн ямар ч харилцаанд орох хуулийн үндэс байгаагүй шүү дээ. Ардчилсан нам фракцуудынхаа сонирхлыг зохицуулах гэж баахан зүдрэх шиг боллоо. Дараа нь эвсэл гээч юмтай сайд нарынхаа асуудлыг тохирох гэж баахан хугацаа авлаа. Тэгээд нэг юм тохиронгуутаа УИХ-ын хуралдаан зохион байгуулах үүрэгтэй хүнд хэлэлгүйгээр чуулган зарлачихсан. Зүй нь бол УИХ-ын насаар хамгийн ахмад гишүүн хуралдаан зохион байгуулах үүрэгтэй. Тиймээс түүнд хурал зарлах, бэлтгэл хангуулах үүрэг ногддог. Гэтэл түүнд ажиллах нөхцөл олголгүйгээр хуралдааныг зарлаж, өөрсдөө гацаа үүсгэчихлээ. Тэгчихээд бүх бурууг Ардын нам руу тохох гэж оролдоод байх шиг байна. Сонгуулийн санал хураалтын дараа намууд “би ялсан, чи ялсан” гэж би, чи дээ тулж байхад Ардчилсан намын зарим хүнтэй утсаар ярьж “Аль нь ч олонхийн суудал авахааргүй болчихлоо, ганц хоёр суудлаар танайхан илүү гарч магадгүй, наадах чинь ялалт биш шүү. Тиймээс их эмзэг парламент бүрдэж байна, та нар ялалтын баяр тэмдэглэж ийш, тийш гүйхээ боливол яасан юм бэ” гэдгийг хэлсэн.
-Ард түмний сонголт эмзэг парламентыг бий болголоо гэж үү?
-Энэ удаа засаг байгуулж байгаа хэсэг нь 45 хүрэхгүй болчихоод байна. Тэгээд цөөнхийн байр суурь дээрээ очиж байгаа нам нь бараг 30 суудалтай. Нэг талаасаа ийм сонин улс төрийн байдал үүссэн. Харин нөгөө талаасаа Ардчилсан намтай нийлж байгаа эвслийн нэг хэсэг нь Ардчилсан намаас, үлдсэн нь Ардын намаас урваж явсан хүмүүсээс бүрдсэн байгаа. З.Баянсэлэнгийг эс тооцвол шүү дээ. Нэг урвасан хүн хоёр дахь удаагаа урвадаг л байхгүй юу. АН ийм л ирээдүйтэй засаг байгуулах гэж байна. Тиймээс асуудалд болгоомжтой хандаж, Засгийн газрын бүрэлдэхүүнд орохгүй намтайгаа учир зүйгээ ол гэж ярьсаар байгаад өнөөдрийг хүрч байна. Бид З.Энхболд гишүүнтэй уулзъя гэж хэлээд хүлээсэн, орж ирээгүй. Ардчилсан намын өгсөн бичигт хариу өгөхөөр бэлдчихсэн байсан. Гэвч тэр бүгдийг тоогоогүй, хачин нөхцөл байдал УИХ-д үүсгэчихлээ.
-УИХ-ын даргад нэр дэвшсэн З.Энхболд гишүүнээс тухайн үед танай намынхан юу асуух гээд байсан юм бэ?
-Яамдын тоог 20 болгохоор төлөвлөж байгаа гэж сонссон юм. Үүнийг том зургаар харах юм бол хоёр гишүүний дунд нэг яам байх зохион байгуулалтыг хийхээр тэд зүтгэж байна. Энэ үнэн үү гэдгийг асуух гэсэн юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өмнөх УИХ-ын үед “Засгийн газрын тэргүүн нь УИХ-ын гишүүн байж болно. Үлдсэн нь парламентын гаднаас томилогдох ёстой” гэсэн хуулийн төсөл боловсруулчихсан байгаа. Үүнийг хэлэлцүүлэх үү” гэдгийг УИХ-ын даргад нэр дэвшигчээс асуух гэсэн юм. Гэтэл үүнд хариулт өгөх хүн АН-аас олдоогүй.
Баянзүрх дүүрэгт манай намын гишүүн сонгогдох нь тодорхой. Мөн Сонгинохайрханд болох дахин санал хураалтад Ардын намын нэр дэвшигч ялчихвал манай бүлэг 29 гишүүнтэй болно. Ийм эмзэг зүйлд анхнаас нь бодолтой хандах ёстой биз дээ. Дээрээс нь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл Ардчилсан намд тулган шаардлага хүргүүлсэн гэж сонссон.
-Ямар асуудлаар…
- Н.Энхбаярын хэргийг бидний хүсээгүй байдлаар гаргах юм бол “Шударга ёс” эвсэл хамтарсан Засгийн газарт орохгүй шүү” гэсэн гэнэ лээ. Ардын нам сандал ширээтэй зууралдаад, албан тушаал гуйж, засгийн ажилд ад болох гээд садаа хийгээд байгаа зүйл ерөөсөө байхгүй. Парламентад хоёр, гуравхан суудлаар илүү хэсэг нь нөгөөдөө хүчирхийлэл хэрэглээд байгаа учраас араасаа хариу үйлдэл дагуулаад байна шүү дээ. Жишээ нь Өвөрхангай аймагт гарсан сонгуулийн маргаан байна. Өвөрхангай аймагт гарсан маргааныг тэнд нь л шүүдэг. Гэтэл хаа хамаагүй Хан-Уул дүүргийн шүүх дээр авчирч шийдэж болохгүй. Ингэж хуулийг завхруулж, шүүхийг улс төрийн тэмцлийн хэрэгсэл болгон ашиглаад байхаар Ардын нам болон сонголтоо хийсэн ард түмэн зүгээр суугаад байх уу. Зуурсан бантангийнхаа учрыг АН өөрсдөө л олох ёстой.
-Шинэ УИХ бүрэлдсэнээс хойш 45 хоногийн дотор Засгийн газар байгуулагдах ёстой. Энэ хугацаанд амжихгүй бол яах вэ?
-Үүнийг эрх барих гэж байгаа хэсэг нь өөрсдөө л бодох асуудал. Хуралдаанаа хийгээд асуудлаа шийдэцгээнэ л биз. Өнөөдрийг хүртэл Ерөнхий сайдад хэнийг нэр дэвшүүлж байгаа тухай албан ёсоор мэдэгдсэн зүйл алга л байна шүү дээ. Н.Алтанхуяг гэдэг нэр яригдаад байгаа болохоос биш, тэдний зүгээс энэ тухайгаа Ерөнхийлөгчид бичиг өгсөн гэж дуулаагүй.
-Ардын намын тавьсан гурван шаардлагыг биелүүлэхээс нааш чуулганы хуралдаан болохгүй гэж ойлгож болох уу?
-Зайлшгүй хууль зөрчсөн асуудал дээр Ардчилсан нам байр сууриа эргэж харахгүй бол хэцүү. Өвөрхангайн сонгуулийн маргаантай асуудлыг харьяаллын бус шүүхээр шийдсэн асуудлыг зохицуулах ёстой.
-Шүүхийн асуудал Ардчилсан намд ямар хамаатай юм бэ?
-Ардчилсан намынхан яг ингэж ярина л даа. Гэхдээ тэгдэггүй л байхгүй юу. Улс төрийн захиалга байсан учраас Хан-Уул дүүргийн шүүх дээр авчирч шийдвэр гаргуулж байгаа юм. Ер нь Хан-Уул дүүргийн шүүх дандаа ийм хууль бус зүйл хийж гаршсан. Би тэр шүүхийн шийдвэрийн нэг хувийг нь үзсэн. Хариуцагч талаас нь хэн ч байхгүй. Зүгээр л нэг хүн өргөдөл өгөөд, маргааш нь хуралдаан хийж хариуцагчгүй, харьяалал зөрчсөн хууль бус шийдвэр гаргасан. Үүндээ Ардчилсан нам арга хэмжээ авахгүй бол бид яаж тэвчээд сууж байх юм бэ.
-УИХ-ын даргыг сонгох процессыг эхнээс нь хийхийг шаардаад байгаа юм уу?
-Нэг хувилбар нь энэ. Өөр хувилбар байж болно. Ардчилсан намын тухайд Хан-Уулын шүүх дээр хийсэн балиар юмаа болиулах хэрэгтэй. Шүүхээр ингэж шийдвэр гаргуулахыг олигархижсан төр гэдэг юм. Эцсийн дүндээ олигархи гэдгийг сонгодог утгаар нь бизнес, төр, шүүх гурав нийлээд нэг хүнд үйлчилж эхлэхээрээ жинхэнэ олигархи болдог. Монголд энэ байдал 100 хувь үүсээд байна. Цаад АН-ынхан чинь есөн сайдын суудлынхаа тавыг Женкогийн бүлэглэлд өгөх гэж байгаа юм гэнэ лээ. Олигархийн засаглал гэж үүнийг хэлдэг. Монголд АН-ынхан хэдэн урвагчидтай нийлээд жинхэнэ олигархийн засаглалыг бий болгож байна.
-Өвөрхангайн асуудлыг танай талд шийдвэл чуулганы хуралдаанд сууна гэсэн үг үү?
-Нэг ёсондоо тийм.
-Үндсэн хуулийн Цэц Ардын намын гомдлыг үндэслэлгүй гэж үзвэл УИХ-д танай намын бүлэг байхгүй болох юм биш үү?
-МАН-ын бүлгийг байхгүй болголоо гээд гишүүдийг нь яах юм. Бүлгийг нь байхгүй болго л доо. УИХ-д 57 гишүүн байж эрх зүйн чадамжтай болдог юм. Тэд үсрээд л 40 гаруй байгаа биз дээ.
-Мөн Цэцийн шийдвэр танай талд гарахгүй бол Ардын намын дараагийн алхам юу байх вэ?
-Ойлголцох л хэрэгтэй шүү дээ.
Я.МӨНГӨН
”Өдрийн сонин”
URL: