Н.Энхбаяр: Ийм утгагүй зүйлд ял тулгуулаад шүүх танхимд сууна гэж бодож байсангүй
Өмгөөлөгч С.Нарангэрэлийн хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд хүлээн авах боломжгүй гэж үзсэн юм. Дараа нь өмгөөлөгч С.Нарангэрэл Сүхбаатар дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч, шүүх хурлыг даргалагч С.Соёмбо-Эрдэнээс татгалзах хүсэлт гаргав. Түүний татгалзах үндэслэл нь Е.Сагсайгаас татгалзах хүсэлттэй адил шахуу байлаа. Тодруулбал, “Е.Сагсайгаас ирүүлсэн албан бичгийг СЕХ-нд хүргүүлж нэр дэвшигч Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхээс татгалзах хүсэлтийг гаргахад оролцсон” гэжээ.
Шүүх бүрэлдэхүүн С.Нарангэрэлийн тавьсан хүсэлтийг хүлээн авахаас татгалзсанаар хурал үргэлжлэв. Ингээд шүүхийн хэлэлцүүлэг эхлэхийн өмнө улсын яллагч Е.Сагсай, О.Мөнхбаатар нар яллах талынхаа нотлох баримтуудыг, шүүгдэгчдийн өмгөөлөгч С.Нарангэрэл, Г.Оюунцэцэг, К.Бауржан нар хавтаст хэрэгт буй шинжлэн судлах шаардлагатай цагаатгах талын нотлох баримтуудын хуудсын дугаарыг шүүх бүрэлдэхүүнд тэмдэглүүлсэн. Ингээд хурал түр завсарлаж, 14.00 цагаас үргэлжилсэн. Н.Энхбаярыг УИХ дахь цөөнхийн бүлгийн даргаар ажиллаж байхдаа Японы шашны байгууллагаас хандивласан Монголд бурхны шашныг дэлгэрүүлэх үйлсэд хандивласан телевизийн тоног төхөөрөмжийг завшсан. МИАТ ХК-ийн захирал асан Б.Эрдэнэбилэгтэй бүлэглэн 3033 кг тээшийг БНСУ-аас үнэ төлбөргүй тээвэрлүүлсэн.
Нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаяр, Нийслэлийн өмчийн харилцааны газрын орлогч дарга Д.Дуламсүрэн нартай бүлэглэн “Өргөө” зочид буудлын хөрөнгийг завшсан. НИТХ-ын дарга Т.Билэгт болон Д.Чулуунбаатар нартай хамтран “Улаанбаатар таймс” сонин, Хэвлэх үйлдвэрийн барилгыг хууль бусаар худалдан авсан. “Хенлон” компанийн захирал Ж.Мягмаржаргалд “Эрдэнэт” үйлдвэрээс 3.4 сая долларын хөрөнгийг завших боломж олгосон нь хавтаст хэрэгт цуглуулсан гэрчүүдийн мэдүүлэг зэргээр нотлогдсон учраас шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэв” хэмээн улсын яллагч Е.Сагсай, О.Мөнхбаатар нар бүтэн цаг гаруйн турш уншиж танилцууллаа. Шүүгдэгч нарын мэдүүлгийг сонсох ээлж болоход Н.Энхбаяр “Ингээд шүүх танхимд сууж байгаа минь сайхан санагдахгүй байна. Шүүх хурлыг гаднын улс орныхон анхааралтай ажиглаж, шүүх нь хэр шударга вэ гэдгийг дүгнэнэ гэдэгт итгэлтэй сууна.
СЕХ сонгууль зохион байгуулах байгууллага болохоос биш хүний эрхийг хасдаг байгууллага биш. Би Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гээд албан тушаал хашиж байсан. Ийм утгагүй зүйлд ял тулгуулаад шүүх танхимд сууж байна гэж огт бодож байсангүй. Энэ хэрэгт шүүх засаглал хариуцлагатай хандаасай. Монгол монголоо хэлмэгдүүлдэг цаг өнгөрсөн. “ТВ-9” телевизийн тухайд Японы “Агуншёо” шашны байгууллагаас телевизийн студийн тоног төхөөрөмжийг Д.Чойжамц хамба бид хоёрт л бэлэглэсэн юм. Түүнээс биш хуучны МАХН-д болон Гандантэгчэнлин хийдэд хандивлаагүй. Түүнээс өмнө би Буддын гүн ухаанд итгэдэг болж, багш нар маань ч “Бусдын зүйлийг дундаас нь хулгайлж болохгүй” гэдгийг ухамсарлуулсан. Тоног төхөөрөмжийн гаалийн татварыг “Таван богд”-ын Ц.Баатарсайханд хандаж тусламж авсан.
Миний найман боть номыг З.Түмэнжаргал зөвлөх судалж байгаад БНСУ-д хэвлүүлсэн. Улмаар хэвлэсэн компани нь төмөр замаар Монгол руу илгээсэн баримтыг шүүх бүрэлдэхүүнд манай өмгөөлөгч гаргаж өглөө. МИАТ-ын онгоцоор ирсэн ачаа бол миний ном биш, Монгол Улсын ном. “Өргөө” зочид буудал бол надтай огт хамаагүй. Б.Хуяг гэж хүний байгуулсан “Хар дун” компанийнх. Миний хүүгийн нэр дээр байдаг компанитай холбогдсон асуудал нь гүтгэлэг. Шинжээчид миний хүү Э.Батшугарын гарын үсэг биш гэдгийг тогтоосон” хэмээн яллах дүгнэлтэд дурдсан үндэслэлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй буйгаа илэрхийлэв.
Бусад шүүгдэгчид ч мөн л яллах дүгнэлтэд дурдсан үндэслэлүүдийг хүлээн зөвшөөрөөгүй. Тухайлбал, Ж.Мягмаржаргал “Би “Эрдэнэт” үйлдвэрт өр байхгүй, харин ч 1.3 сая доллар, Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс мөн авлагатай гэдгийг аудитын байгууллага тогтоосон” гэв. Шүүхийн хэлэлцүүлэг өчигдөр нэлээд орой болтол үргэлжилж, яллах, цагаатгах талынхан шүүгдэгч нараас асуултад хариулт авснаар өндөрлөсөн юм. Шүүх хурал өнөөдөр үргэлжилнэ.
Г.ЦОЛМОН
URL: