Болгоомжтой… Зам цөмөрнө шүү
Орой ажлаа тарж яваад нэгэн сонин зүйл олж үздэг юм байна. III, IV хорооллын эцэст, арын засмал зам дээр цагаан өнгийн “verna” машины зөв талын урд дугуй нүх рүү яваад орчихсон байх юм. Гэгээн цагаан өдөр, хараагүй хүн л биш бол ийм том нүх рүү машинаа аваачаад хийчих тэнэг хүн гэж баймааргүй юм гэсэн шүү юм бодож байтал жолооч нь гарч ирэн, амандаа үглэж, дэмий л машинаа хэдэнтэй тойрох аж. Хэрэгт дурлан юу болсныг асуувал “Зүгээр явж байтал гэнэт зам цөмрөөд орчихлоо” гэдэг байна. Тухайн үед ямар аймар худалч нөхөр вэ, ичсэн нүүрэндээ ингэж хэлж байна даа гэсэн юм бодоод цааш хэд алхтал яг түрүүнийх шиг хоёр том нүх замын голд тааралдах юм.
Гайхсандаа дэргэдээ яваа арай ч нэг худлаа ярихгүй байх гэмээр залуугаас “Саяын жолоочийн зам цөмрөөд орчихсон гэдэг үнэн болов уу” гэж асуув. Гэтэл өнөөх залуу “Угаасаа сүүлийн үед энэ хавийн зам цөмрөөд байгаа шүү дээ” гэж хэзээний мэдчихсэн, дассан хандлагаар хэлдэг юм байна. Гэтэл өглөө ажилдаа ирүүт интернэтээр “Ширүүн борооны улмаас өчигдөр Чингэлтэй дүүрэг, зургаан буудлын зам цөмөрч, автомашины түгжрэл үүсгэжээ. Үүнээс болж тээврийн хэрэгслүүд зам дундаас буцаж эргэж байсан бөгөөд завсрын буудал орчимд том оврын автобус буцаж эргэх гэж байгаад айлын хашаатай хавсран хүн мөргөсөн байна” гэсэн мэдээллийг олж үзлээ.
Энэ хэрэг надтай тохиолдсон явдалтай нэг өдөр мандсан болж таарч байв. Ингээд л хамгийн хашир хүний онигоо толгойд орж ирээд буй юм. “Хамгийн хашраар тодорсон та шагналаа авна уу” гэхэд “Энэ шал чинь цөмөрчих юм биш биз” гэж хаширласан гэдэг шиг жолооч нарт хоёр зээрдээрээ таваргасан нь аминд өлзийтэй, машинд гамтай гэдгийг хэлмээр санагдсан юм. Үүнийг эрхэм дарга нар мэдэж байдаг байгаа даа. Царай хардаг гэдэг шиг дарга нарыг явж байхад нь цөмрөхгүй юм энэ замууд. Хэрэв зээ хэн нэгэн эрхтэн дархтаны явж буй зам ингэж цөмөрвөл мөн ч их хэрэг дэгдэнээ дээ. Гэтэл үүнээс нь болж хүний амь насанд хохирол учраад байхад дүлий дүмбэ оргиод яваа нөхдийг яалтай билээ.
Ингээд ер нь ингэж зам цөмрөх тохиолдол гардаг эсэхийг судалж үзвэл манай урд хөршид энэ оны дөрөвдүгээр сард нэгэн охин явган хүний зам дээр явж байгаад гэнэт цөмрөн зургаан метрийн гүнд унаж байсан байх юм. Азаар тэр охин эсэн мэнд гарсан аж. Мөн хойд хөршид энэ оны нэгдүгээр сарын 8-нд түрдэг тэргэнд хүүхдээ суулгасан эмэгтэйн явж байсан явган хүний зам цөмөрснөөс болж ээж нь амьд үлдсэн ч ой гарантай хүүгийнх нь цогцос олдоогүй гэх мэдээлэл байх юм.
Угийн өөнтөгч мань мэтэд хоёр ахынхаа мууг хүртэл дурайх гэсэн юм байх даа гэсэн сөрөв бодол төрөв. Арга ч үгүй юм. Хятад ах нар өөрийн орны туршлагаа манай дээр хэрэгжүүлсэн юм болов уу. Бодоод бодоод бодын шийр дөрөв гэдэг шиг яаж ч бодсон зам доороо хөндий баймааргүй санагдаад байгаа юм. Гэтэл яалт ч үгүй л хөндий болж таараад байна. Ингээд бодохоор жолооч гэлтгүй явган яваа бид ч гэсэн айж явбал аминд өлзийтэй болоод байна. Айлаа гээд нисэлтэй биш. Яамаар ч юм бэ дээ хүмүүс минь.
Ч.БАТМАА
URL: