Хар зүрхний Хөх нуурт МАК-ын Нямтайшир таван одтой зочид буудал, нисдэг тэргээр “тансаглаж” байна

Хар зүрхний Хөх нуурын тухай сонсоогүй монгол хүн ховор. Их эзэн Чингис хааны мандан бадралт, унан доройдолтын аль алинтай нь холбоотой энэ түүхэн газар байгалийн үзэсгэлэн, их түүхийн дурсамжийг хадгалж буйгаараа Монголын аялал жуулчлалын гол нутаг болсон.  Харамсалтай нь гадаад, дотоодын жуулчдын хөл тасрахаа больсон энэ газар Монголын төр, засгийн хайр ивээл, хамгаалалтаас хаягдсанаас байгалийн үзэсгэлэн нь хүний хөлд дарагдан, түүхийн дур самжаас өөрөөр бахархах, бахдах зүйлгүй үлдэх аюул ойрхон иржээ.


Хар Зүрхний Хөх нуур нь Хэнтий аймгийн Цэн хэрмандал сумын баруун хойно Бага Буурал уулын зүүн өмнө талд Юдэгийн голын эх Бяруутын бүрдний эхэнд далайн түвшнээс дээш 1600 орчим метр өндөрт оршдог. Улаанбаатараас 220, Бага нуураас 70, засмал замаас салаад 35 км-т байрладаг, Хар зүрх уулын өвөрт, уулын тагтанд орших цэнгэг уст нуур юм. Энэ нуурын орчим нь гуравдугаар жарны Амарлингуй хэмээх шороон шаргачин тахиа жил буюу 1189 онд Жүрхэний Сорхату Жүрхийн хөвүүн Сача Бэхи, Нэхүн тайжийн хөвүүн Хучар, Хутула ханы хөвүүн Алтан зэрэг нөлөө бүхий язгууртнууд Есүхэй баатрын хөвүүн Тэмүүжинг хамаг Монголын хаанд өргөмжилсөн түүхэн нутаг билээ.
Тиймээс байгалийн үзэсгэлэнт сайхнаасаа гадна Богд Чингис хааны амьдрал тэмцэлтэй салшгүй холбоотой, Монгол Улсын түүхийн хуудаснаа тэмдэглэгдсэн хамгийн чухал үйл явдлууд энд тохиож байснаараа онцлог юм. Үүнээс хойш 820 гаруй жил өнгөрсөн ч Хар зүрхний Хөх нуур бол монголчуудын хувьд түүхэн дурсгалаа алдалгүй, амнаас ам дамжин эдүгээ хүрч, гадаад дотоодын монгол судлаач эрдэмтдийн судалгаанд үнэ цэнэтэй дурсгалт газар хэвээр үлдсэн. Гэвч өнөөдрийг хүртэл улсын хамгаалалтад авалгүй Орон нутгийн тусгай хамгаалалтад байлгаж байгаагаас энэ нуурын орчимд мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүс аялал жуулчлал эрхлэх нэрийдлээр хэдэн га-гаар нь газар авч, ямар ч хараа хяналтгүйгээр байгаль орчныг нь сүйтгэж эхэлжээ.
Өнөөдрийн байдлаар нуурын эрэгт жуулчны хоёр бааз газар эзэмшиж, үйл ажиллагаа явуулж байна. Нэг нь нутгийнхны хэлснээр “шар” Даваа гэх хүнийх юм байна. Энд Чингисийн болон түүний хатад, их хаадын хөшөө бүхий цогцолбор байгуулж ирсэн аялагч жуулчдад Монголын түүхийг танилцуулан нуурын эрэг дэх 5-6 дүнзэн байрандаа байрлуулдаг юм байна. Үйл ажиллаагаагаа явуулаад нэлээд хэдэн жил болж байгаа гэнэ. Харин нөгөөх нь МАК-ын Нямтайширынх. Хэдэн жилийн өмнө охиныхоо хуримыг энэ нуурын эрэг дээр хөлтэй хийснээр нь “МАК-ын эдлэн” гэх энэ газрын талаар нутгийнхан үлгэр домог мэт зүйл ярих аж. “Таван одтой 80 давхар зочид буудал барих юм гэнэ лээ.
Нямтайшир болон гэр бүлийнхэн, найз нөхөд нь нисдэг тэргээр ирээд буцдаг. Нисдэг тэрэг нь ирэхээр хамгаалагч залуучууд нь бүчин авч, хөлийг нь газар гишгүүлэлгүй, хивс дэвсэн угтаж, орд өргөөнд нь оруулдаг. Хаяа томчууд шөнө дөлөөр ирээд мөрийтэй тоглоом тоглоод буцдаг гэх мэтчилэн газраас тасарсан мэт амьдралыг нь ярих юм. Нүдээр харсан биш нутгийн малчдын ярианд итгэхэд бэрх. Баян хүн лаагаа иднэ үү луувангаа иднэ үү маньд ямар хамаатай биш. Гэхдээ л Нямтайширын эдлэн гэх тэр газрын амьдрал тун нууцлаг тул хэн бүхний сонирхлыг татдаг бололтой. Нисдэг тэрэгний нүргэлсэн дуу цочоов. Нямтайширын нисдэг тэрэгний дуу мөн байна хэмээн нутгийн залуу хэлэв. Сониуч зандаа хөтлөгдөн муу машинаа хөдөлгөн эдлэн газар руу нь давхилаа. Үнэхээр үнэн байв.
Нисдэг тэрэг буумагц хамгаалагч залуучууд гүйлдэн очиж, шатыг нь буулгаад хивс бололтой зүйл шатан дээр нь дэвсээд цэнхэр урт нөмрөгтэй эмэгтэй, цагаан цайвар костюмтай эрхмийг хоёр хүүхдийн хамт угтан авах нь харагдав. Малчин өвгөн уурлаж байна. “Энэ баячууд байтугай Чингис хаан хатдуудынхаа хамт энэ сайхан зүлэг ногоо дээрээ гишгээд явж болж л байсан юм. Одоо цагийн баячууд ямбалах гэж ядах юм” хэмээн ярвайв. Нуурын ус жилээс жилд л татрах болжээ. Хандгай, буга уулнаас бууж нуурын зэгс идэж, ойр орчмыг нь цэвэрлэдэг байснаа одоо бүүр үзэгдэхээ больсон гэнэ. Нуурын эргэн тойрон намаг ихтэй болжээ. Хөх нуурт хоёр буурлын хайрхнаас эх авдаг Буурлын нуур цутгана.
Хөх нуур өөр цутгал, урсац байхгүй тул өөрөө өөрийгөө цэвэршүүлдэг бололтой. Арав гаруй хун, нугас ирдэг байсан нь одоо хүний хөл, чимээнээс дайжаад зугтсан гэнэ. Арга ч үгүй биз дээ. Онгон дагшин шахуу хүний хөл хөдөлгөөн багатай байсан энэ газар сард 2-3 удаа нисдэг тэрэг ирж, буцаад байхаар дуу чимээнээс нь ан амьтан дайжих нь аргагүй хэмээн нутгийнхан халаглаж сууна.

 

Эх сурвалж: mongolnews.mn Д.Оюун-Эрдэнэ


URL:

Сэтгэгдэл бичих