Сурах бичгүүд номын дэлгүүрүүдээр худалдаалагдаж байна

Нэг сарын дараа хичээлийн шинэ жил эхэлнэ. Зуны амралтаараа уулзалдаагүй ангийнхан, сурагчид, багш нар, аав ээжийн гараас ардын сургуулийн босгыг алхаж байгаа алдрай бяцхан хүүхдүүдийн баярын өдөр болдог билээ.

Хичээлийн шинэ жил шинэ бүхнээр дүүрэн байдаг хойно хүүхэд бүхэн хичээлийн хэрэглэл худалдан авдаг. Сурагчдын хувьд шинэ сурах бичиг хамгийн чухал учраас эртнээс худалдан авдаг аж. Тиймээс хичээлийн шинэ жилд сурагчид ямар сурах бичгийг хичнээн төгрөгөөр худалдан авч хэрэглэх талаар Ерөнхий Боловсролын Газрын мэргэжилтэн Ч.Ганцэцэгээс дараах зүйлийг тодрууллаа.

-Энэ долоо хоногоос сурах бичгийг гадуур худалдаанд гаргаж байгаа гэсэн. Ямар ямар газруудад худалдаалж байна вэ?
-Дунд болон ахлах ангийн сурагчдын сурах бичгийг гадуур худалдаалж байгаа. Үүнээс 40 хувь нь номын сангуудаар тодорхой зорилтот бүлгийн хүүхдүүдэд үнэгүй тараагдана. Үлдсэн 60 хувь нь томоохон номын дэлгүүрүүдээр борлуулагдана. Долдугаар сарын 1-нээс зарим ном худалдаанд гарсан байгаа. Үлдсэн номнууд энэ долоо хоногоос худалдагдана. Харин бага ангийн хүүхдүүдийн сурах бичгийг үнэ төлбөргүйгээр сургуулийнхаа номын сангуудаас авч хэрэглэх боломжтой.

-Тодорхой зорилтот бүлгийн хүүхдүүдэд үнэгүй тараагдана гэлээ. Тодруулбал?
-Эмзэг бүлгийн хүүхдүүд болон амьдарлын баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн хүүхдүүд, мөн бүтэн болон хагас өнчин хүүхдүүд хамрагдана.

-Сурах бичгийн үнийн хувьд?
-Дунд ангийн сурах бичгүүд дунджаар 2200 төгрөг, ахлах ангийн сурах бичгүүд дунджаар 3420 төгрөгийн үнэтэй худалдаалагдана.

-Энэ жил шинээр ямар номнууд хэвлэгдсэн бэ?
-12 жилийн тогтолцоонд шинээр шилжин орж байгаа тавдугаар анги болон аравдугаар ангиуд шинэ хөтөлбөрөөр хичээллэнэ. Тиймээс эдгээр ангийн бүх номнууд шинээр хэвлэгдсэн.

-Энэ жилийн хувьд номнууд эрт хэвлэлтнээс гарсан байсан. Ямар хэвлэлийн компаниуд хичнээн сурах бичгийг хэвлэсэн бэ?
-Сурах бичгүүдийн хэвлэх ажил зургадугаар сарын 13-наас эхэлсэн. Нийтдээ 10 хэвлэлийн компани 27 нэр төрлийн сурах бичгийг шинээр зохиож хэвлэсэн. Харин 60 гаруй нэр төрлийн сурах бичгийг цөөн тоогоор сургуулийн номын сангийн номыг нөхөн хангах зорилгоор хэвлэсэн байгаа. Нөхөн хангах зорилгоор хэвлэсэн сурах бичгүүд орон нутагт хараахан очиж амжаагүй байна.

-Бага ангийн хүүхдүүд олон ном үүрч явдагаас ихээхэн ачаалал өгдөг. Тиймээс номын жингийн талаар?
-Зургаан настай хүүхдүүдийн авч яваа ном хүнд байна гэсний дагуу судалгаа хийж үзсэн. Номын жингийн хувьд хэтэрсэн юм бол байхгүй. Нэгдүгээр ангийн хүүхдийн нэг номын жин дунджаар 140 грамм байсан. Зургаан настай хүүхдийн цүнх ном дэвтэр болон бусад хэрэгслүүд нийлээд дунджаар 1.7 кг жинтэй байхаар тооцоолсон. Хүүхдүүд орохгүй хичээлийнхээ номыг ч аваад явчихдаг. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ дэвтэр, номыг тохируулж хичээлд нь явуулах хэрэгтэй гэдгийг сануулсан юм. Ямартай ч энэ жилийн хувьд номын хангалт сайн байгаа гэнэ.

Ж.Ганцэцэг


URL:

Сэтгэгдэл бичих