Н.Энхбаяр нарын хоёр дахь өдрийн шүүх хурал эхэллээ

МАХН-ын дарга Н.Энхбаяр нарт холбогдох долоон тэрбумын авилгалын хэргийн хоёр дахь өдрийн шүүх хурал дөнгөж сая Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд эхэллээ. Өчигдөр 10.00 цагаас эхэлсэн шүүх хурал орой 21.15 цагт завсарласан юм. Өнөөдрийн шүүх хурлаар шинжээдчээс асууж тодруулах зүйлээ асууснаар шүүх хурал эхлэх юм байна. Өчигдөр шүүгдэгчид мэдүүлгээ өгсөн билээ. Н.Энхбаяртай хамт До.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал, Д.Дуламсүрэн нар шүүгдэж байгаа.
Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т заасан хүндэвтэр зүйл ангиар буруутгаад буй. Хэрвээ шүүхээр гэм буруутай нь тогтоогдвол хуулийнхаа дагуу бүх эд хөрөнгийг хурааж, тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгүүлэх аж. Хуралд даргалагч шүүгчээр С.Соёмбо-Эрдэнэ, М.Алдар, С.Оюунчимэг, улсын яллагчаар Е.Сагсай, О.Мөнхбаатар, өмгөөлөгчөөр Ц.Цэрэнжээ, Б.Сайнгэрэл, С.Нарангэрэл, Л.Өлзийнхүү, К.Бауржин нар оролцож байна.
Б.Чимэг


URL:

Сэтгэгдэл бичих