Ус зайлуулах суваггүй юм чинь иргэддээ усны гутал, цув тараавал ямар вэ

Монгол Улс борооны улиралтай болчихжээ. Зургаан сар гарсаар бороотой өдрүүд элбэгшиж хүн болгон дэлгэсэн ганган гоё зонтикны доор ихээ романтик алхах боллоо. Яг л хайр дурлалын хот Парисын төрхийг санагдуулам. Парисаас ялгаатай нь Улаанбаатар усан дээр “хөвж” байна.

Усан бороо тасралтгүй 10 минут ороход л нийслэлийн төв замууд үерт автаж, Туул голын дайны бие биеэсээ эх аван урсах нь тун ч соньхон байна. Далан шуудуу нь эвдэрч хагараад сэргээж, засах, энэ төрлийн ажилд анхаарах хүн байна уу нийслэлд. Гэр хорооллын замыг бол ярих ч юм биш. Зундаа үер бууж, өвөлдөө халтиргаа үүсдэг хотын гэр хорооллынхоны орчинд хөгжил даллах бодлого хэрэгтэй байна.

Нийслэлд ус зайлуулах шугам бий юу

Нийслэлийн хэмжээнд нийт 70 гаруй километр замд ус зайлуулах шугам, сүлжээ ашиглагддаг аж. Өөрөөр хэлбэл, таван дүүргийн хэмжээнд гадаргуугийн ус зайлуулах, далд инженерийн шугам сүлжээ байгааг Нийслэлийн Авто замын газрын инженер Б.Марина хэлж байна.

Бага тойруу, МУБИС орчим, Цэцэг төв, МУИС , ШУТИС -ын уулзвар, Энхтайваны өргөн чөлөө, Хүнсний-4 дэлгүүрийн зам гээд хотын гол замуудад 2007 онд бүрэн засвар хийсэн гэдгийг хэлсэн бол Чингисийн өргөн чөлөө, Цагаан хаалга, Мишээл экспо орчимд ус зайлуулах шугам байдаггүй гэнэ.

Энэ жил ус зайлуулах шугам хийсэн үү
Нийслэлд томоохон замуудын ажил эхэлчихсэн, зарим засвар дуусчихсан байгаа ч энэ жил ус зайлуулах төхөөрөмжийг суулгасан зам нэг ч байхгүй гэнэ. Энэ жил нийтдээ 114 тэрбум төгрөгөөр томоохон засварын ажлуудыг эхлүүлсэн ч ус зайлуулах шугамаа ийнхүү хэрэггүй хэмээн үзсэн үү, хийхээ таг мартсан уу олон тэрбумын зам борооны усанд дахиад л “дэвтэх” нь ээ.

Мөнгө булсан чанаргүй замын ажлын хажуугаар борооны ус зайлуулах шуудуу хийж болдоггүй юм уу. Нэгэнт л далан шуудуугүй урсгал усанд живэхээр шийдсэн бол иргэддээ усны гутал, цув тараавал ямар вэ.

Борооны усаа ашиглах бодлого хэрэгтэй байна

Манай улс хөрсний усаа хайр гамгүй ашиглах хэрнээ байгалийн усаа ашиглах бодлого дутмаг байна. Борооны ус зайлуулах шугам шуудуугаар гарч байгаа ус инженерийн далд шугам сүлжээгээр урссаар уулын жалга, суваг, шуудуунд хаягддаг гэнэ.

Тухайлбал, Сүхбаатарын талбайн баруун талын шугам гэхэд Дунд голын хажууханд, XIII хороолол орчмынх Сэлбэ, Туул голын ойролцоо жалганд асгардаг байна. Энэ мэтээр хол замыг туулж хаягддаг учир хувь хүн, албан байгууллагууд замын ус зайлуулах хоолойг хамгаалж, зам зуур нь хогоо хиймээргүй байна гэдгийг албаныхан хэлж байгаа юм.

Алдарт “Бэрх зараа” компанийн гүйцэтгэж байгаа 22-ын товчооны 4.4 км замыг шинэчлэх ажил эхэлж ус зайлуулах таван том хоолой барина гэж байгаа ч уг хоолой, энэхүү замын ажил хэзээ дуусах нь тодорхойгүй байгаа. Улаанбаатар хотод байгаа 63.5 км борооны ус зайлуулах шугам сүлжээг 50-60 жилийн өмнө ЗХУ-ын авто замын мэргэжилтнүүд барьж өгчээ.

М.Мөнхтунгалаг

”Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих