Г.Уянга: Ийм нарийн монгол ухааныг Ардын нам болон Д.Дэмбэрэл гишүүн уландаа гишгэж, цав суулгалаа

УИХ-ын гишүүн Г.Уянгатай ярилцлаа.

-Шинэ парламент бүрэлдээд нэлээд хугацаа өнгөрлөө. Гэвч УИХ-ын үйл ажиллагаа жигдэрдэггүй. Нэг нам хуралдаа суухгүй гэж буруу харж суучихаад болдоггүй…

-Тангараг өргөснийхөө маргааш УИХ-д шинээр сонгогдсон гишүүдэд хандаж уриалга гаргасан. Төрийн тогтолцоонд гацаа үүсчихсэн байна. Тиймээс нам, эвсэл, бүлгийн эрх ашгаасаа татгалзаад үндэсний эрх ашгийнхаа төлөө том өөрчлөлт хийе.

Үүнийг хийхийн тулд Үндсэн хуулийн өөрчлөлтөө хийе гэсэн юм. Ийм суурь өөрчлөлт хийхгүйгээр төрийн гацаа арилахгүй л дээ. Бие биедээ чагт тавьж, нэг хэсэг хүмүүсээс болж төрийн ажил явдаггүй энэ байдлыг өөрчлөхөөс нааш болохгүй юм байна.

-Таны хувьд өмнө нь парламентын гадна дуу хоолойгоо илэрхийлж ирсэн. Дотор нь ороод ирэхэд ямар санагдаж байна вэ?

-Хаана, ямар газар очих гэж байгаагаа мэдэж байсан болохоор харь гаригаас буучихсан юм шиг эсвэл огт өөр ертөнцөд ирчихсэн юм шиг санагдахгүй байна. Энэ парламентын бүтэц бүрэлдэхүүн өмнө нь ажиллаж байсан УИХ-аас юугаараа ялгаатай талаар дотроо төсөөлөлтэй байгаа Мэдээж улс төрийн нөхцөл байдал ээдрээтэй, аль ч нам парламентад олонхи болоогүй ийм үед ажиллах гэж байна. Хамгийн олон суудал авсан нам нь дотроо олон фракц бүлэглэлтэй.

Тэдэнтэй эвсч байгаа эвсэл нь хоёр намаас бүрдсэн байх жишээтэй. ИЗНН ч хоёр намын нэгдэл гэх жишээтэй. Ингээд үзэхээр хамтарсан Засгийн газар бол улс төрийн арав гаруй бүлэг, хэсгийн нэгдэл болж хувирах гээд байна. Энэ талаас нь харвал эмзэг Засгийн газар байгуулах төлөвтэй харагдаад байна. Аль нэг фракц нь үйл ажиллагааг гацаавал төрийн ажил зогсч болох нөхцөл үүсч магадгүй.

-Та хамтарсан Засгийн газрыг дэмжихгүй байгаа юм уу?

-Миний гаргасан уриалга бол хамтарсан Засгийн газар байгуулахаа болъё, Үндсэн хуулиа өөрчилье гэсэн утгатай байсан. Гэхдээ энэ саналаасаа би түр түдгэлзээд энэ удаад хамтарсан Засгийн газрыг нэг л шалтгаанаар дэмжиж байгаа. Сүүлийн хэдэн жилдээ анх удаа байж магадгүй, АН бусдад санал дэвшүүлж, бодлогоо тулгаж байна. Өмнө нь тэд дандаа бусдын тулгалтад орж, бусдын хүсэл зоригоор хөдөлж байсан. Гэтэл энэ удаа бусадтай хамтарч бодлого хэрэгжүүлэх боломж АН-д олдлоо. Ийм боломжийг нь хааж, боолгүй ажиллах нөхцөл бололцоог нь олгох хэрэгтэй юм байна гэж бодсон. Манай эвсэл ч ийм шийдвэрт хүрсэн байгаа.

-”Шударга ёс” эвсэл задрах юм уу хэврэг байвал хамтарсан Засгийн газар ганхаад эхлэх байх л даа…

-Улс төрийн бүх үйл явцыг урьдчилан таах боломж алга. “Шударга ёс” эвсэл зөвхөн сонгуулийн эвсэл байхгүй гэсэндээ есөн жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Энэ хугацаанд улс орны төлөө ажиллая гэсэн зорилгоо хамтдаа биелүүлэхээр явна.

-”Шударга ёс” эвслийн жагсаалтаар бичигдээд гараад ирсэн парламентын зарим гишүүдийг хүмүүс гоочилж байлаа. Та чухам тэдний талаар ямар бодолтой байдаг вэ?

-Би 100 хувь пропорциональ тогтолцоог дэмждэг хүн. Тэгвэл улс төрийн намууд эрүүлжиж, төлөвшинө гэж боддог. Холимог тогтолцоогоор сонгууль явуулснаар УИХ-д хоёр төрлийн статустай гишүүдийг бий болгож байна. Нам  бүлгийн эрх ашгаас хальж гишгэх эрхгүй гишүүд нэг талдаа байна. Нөгөө талдаа олон түмний саналыг авахын төлөө “байлдаанд” орж тулалдаад ялсан хүмүүс байгаа. Ийм байдлыг үүсгэсэн холимог тогтолцоо хэр юм бол доо гэсэн бодол надад төрж байна. Гэхдээ парламентад орж ирсэн хувь гишүүдийн тухай энд яриагүй. Ерөнхийд нь холимог тогтолцооны тухай хэлж байгаа юм шүү. Холимог гэхээсээ илүү аль нэг тогтолцоо давамгайлах нь зөв юм байна гэж бодсон.

-УИХ-ын даргыг сонгоход та “Ардын намыг хүлээхэд буруудахгүй” гэж хэлж байсан. Гэхдээ энэ үйл ажиллагаа нь өөрөө аль нэг намаас шалтгаалахгүйгээр төрийн ажил явдаг гэдгийг харуулаад өгөх шиг болсон…

-Төрийн ажил гацсан асуудал бол мэдээж Ардын намаас болсон. Гэхдээ намаас үл хамааран Д.Дэмбэрэл гишүүний хувь хүнийх нь жудгаас шалтгаалж чуулганы хуралдаан хэвийн явах боломж байсан. Харамсалтай нь тэгсэнгүй. Нөгөө талаар асуудлыг заавал Цэцээр яриулж маргаан үүсгэж байсныхаа оронд тэр үед бид Ардын намыг нэг хоног хүлээчих боломж байсан. Нэг хоногийн наана, цаана болоход ямар ч ялгаагүй шүү дээ. Тэгээд яахав, гээнэдээ ч бий, гоонодоо ч бий гэлэг шиг юм боллоо.

УИХ-ын даргыг сонгох ажлыг хийхдээ заавал хууль зүйн үндэслэл гэлтгүй монгол ёс уламжлалаа бодох хэрэгтэй байсан байх. Монголчууд эртнээс хуралдайгаа хийхдээ хамгийн ахмад хүнээрээ удирдуулж ирсэн үе уламжлалт туршлага байдаг. Энэ бол төрөө, ахмадаа хүндэтгэдэг уламжлал юм. Ийм нарийн монгол ухааныг Ардын нам болон Д.Дэмбэрэл гишүүн уландаа гишгэж, цав суулгалаа.

-Хамтарсан Засгийн газарт танай эвслээс хэн хэн орж ажиллах бол…

-Ямар ч байсан хамтарсан Засгийн газар байгуулах байх. Бүтцээ тодорхой болгосны дараа бүрэлдэхүүнд нь хэн байх нь тодорхой болно. Одоогоор энэ бүхэн тодорхойгүй байна.

-Н.Энхбаяр гэдэг хүнийг Шадар сайд болгох саналыг АН хүлээж авахгүй гэвэл хамтарсан Засгийн газрын гэрээ цуцлагдах болов уу?

-МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайдад нэр дэвшүүлье гэсэн албан ёсны шийдвэр эвслийн бүлгээс гараагүй учраас одоогоор энэ талаар ярих боломжгүй байна.

-Амлалт нэхэх ард түмний холбооны зохицуулагч байсан Г.Уянга төрийн түшээ боллоо. Хэр ажиллах бол гэж хүмүүс харж  байгаа байх…

-Гишүүн болоод хамгийн түрүүнд хийсэн ажил бол тэр уриалга байсан. Өөрийнхөө намтарт УИХ–ын гишүүн байсан гэдэг чимэг нэмэхийн тулд нэр дэвшээгүй. Олон түмэн миний тэмцлийг дэмжиж бололцоо олгосон. Тиймээс одоо юу хийж чадахыг чинь харъя гээд ажиж суугаа. Тийм учраас энэ боломжийг ашиглаж, нийгэмд хувьсгалт өөрчлөлтийг хийхийн төлөө ажиллана. Үүний Төлөө өнгөрсөн жилүүдэд явж ирсэн. Хувьсгал гэдэг бол Үндсэн хуулийн өөрчлөлт.

Ингэж ярихаар хүмүүс намайг “Хэтэрхий романтик байна” гэдэг юм. Гэхдээ сүүлийн хэдэн жил улстөрчид хэтэрхий прагматик байсаар ирсэн. Тэдний прагматизм дуусч байгааг амьдрал харуулж байна. Ер нь либерализмыг сүйрүүлж, өмхрүүлчихсэн ийм үед миний үеийнхний романтизмаар нийгэм, улс төрд агаар салхи оруулахаар сонгосон болов уу. Миний үеийнхэн, 1970-аад оныхон энэ парламентад олноор орж ирсэн байгаа.

Тиймээс бид Монголын нийгэм, улс төрийн өөрчлөх салхийг сэвэлзүүлж чадна гэж бодож байна. УИХ консерватив байх ёстой гэдэг. Гэхдээ Л.Цог гишүүн анхдугаар чуулганыг даргалж байхад би “Монголын парламент ямар залуу болсон юм бэ” гэж дотроо бодож суулаа. Нийгмээ, ард түмнээ мэдэрдэг, эрсдэл хийж чаддаг чадвартай байх ёстой гэж бодож байна. Тиймээс зоригтой ажиллана.

-МҮАН тавдугаар Үндсэн хуулийг боловсруулсан. Үүнийг хүлээж авах цаг нь одоо мөн үү?

-Энэ бол нийгэмд тулган хүлээлгэж байгаа шийдвэр биш. Бид зүгээр санал болгож байгаа юм. Үнэхээр Үндсэн хуулийг өөрчлөхөөр бол ард нийтийн санал асуулга явуулж байж шийднэ. Одоогоос 20 гаруй жилийн өмнө Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг баталсан ч гэлээ нэг ч удаа хэрэглээгүй.

Үүнийг хэрэглэж, ард түмнээсээ нэг удаа санал асуух хэрэгцээ шаардлага үүссэн гэж үзэж байна. Нийгмийн зөвшилцөл гэдэг утгаараа Үндсэн хуулийн өөрчлөлтийг ярьж байгаа юм. Түүнээс биш “Бид эрх барьчихлаа. Тиймээс яасан ч яадаг юм” гэдэг утгаар хандаж байгаа юм биш. Нийгэм заавал хоорондоо сөргөлдөх албагүй, бие биеэ дэмждэг, ажил хийх нэгийгээ улдан чангаадаггүй нийгмийн төлөөлөл байх юмсан. Энэ парламентад ажиллахдаа ийм нийгмийн суурийг тавих юм сан гэсэн том зорилготой орж ирсэн.

Я.Мөнгөнцэцэг


URL:

Сэтгэгдэл бичих