Лалын ёс жаягаас болж олимпиос хасагдах нь

Саудын Араб улсыг төлөөлөн Лондонгийн олимпийн жүдо бөхийн төрөлд өрсөлдөх жүдоч бүсгүй лалын шатны ёс жаягийн улмаас олимпийн татамид гарч чадахааргүй байдалд хүрчээ. Ирэх баасан гаригт эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд барилдах хуваарьтай Вождан аль-Сераж Абдулрахим Шахеркани гэгч 16 настай бүсгүй хижаб буюу лалын шашинт эмэгтэйчүүдийн толгойн алчуурын асуудлаас болж хүнд байдалд орсон тухай түүний аав нь хэлжээ. Саудын Арабын албаны хүмүүс олимпийн наадамд оролцох эмэгтэй тамирчдадаа лалын шашны ёс жаягийг зөрчихгүй байхыг хатуу анхааруулсан.

Гэтэл Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны дүрэмд хижабтай барилдах тухай заалт байхгүй тул тус холбооны тэргүүн Мариус Визер түүнийг толгойн алчуураа авч, олимпийн татамид барилдахыг зөвлөжээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт хийсэн мэдэгдэлдээ “Саудын Арабын тамирчид жүдогийн спортын өв уламжлалыг хүндэлж, толгойн хижаб алчуургүй барилдах ёстой” хэмээсэн байна. Жүдогийн спортод тамирчдын аюулгүй байдлын үүднээс толгойн алчуурыг хориглодог ажээ.

Жүдоч бүсгүйн аав Алигийн ярьснаар хэрэв улсынх нь Үндэсний олимпийн хорооноос түүнийг толгойн алчуураа авч барилдахыг зөвшөөрөхгүй бол тэр олимпийн наадамд барилдах боломжгүй гэнэ. Олимпийн болон Саудын албаны хүмүүс энэ асуудлаар шийдэл олохоор ярилцаж байгаа ч эцсийн байдлаар хариу мэдэгдээгүй байгаа аж.

Зуны XXX олимпийн наадамд Саудын Арабаас хоёр эмэгтэй тамирчин оролцох болсон нь жүдоч Шахеркани болоод хөнгөн атлетикийн 800 метрийн гүйлтэд өрсөлдөх Сара Аттар нар юм.

С.ЦЭЛМЭГ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих