О.Баасанхүү: 90 жилийн түүхтэй нам хуваагдаж, олонхи нь цөөнхөө барьж идсэн нь МАХН-ыг хэлмэгдүүлэх эхлэл болсон

МАХН-МҮАН-ын “Шударга ёс”эвслийн гишүүн, өмгөөлөгч О.Баасанхүүтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-УИХ-ын чуулган гацаанд орчихоод байна. МАН-ын зүгээс УИХ-ын даргын томилгоог хууль бус гэж үзээд Үндсэн хуулийн цэцэд хандсан байгаа шүү дээ. УИХ-ын даргын томилгоо хууль зөрчсөн үү. Хуульч хүнийхээ хувьд хэрхэн дүгнэж байна вэ?
-Гацааж байгаа үйлдлийг хоёр хэсэгт хувааж үзэх ёстой. Эхнийх нь томилгоотой холбоотой асуудал яригдсан. УИХ-ын дар­гын томилгоог хууль бус гэж үзэж байгаа Ардын намын байр суурь буруу. Би одоогоор тангараг өргөөгүй учраас УИХ-ын гишүүний хувиас бус хуульчийн байр сууринаас тайлбар өгмөөр байна. Ардын нам ямар ч байр суурьтай байж болно. Хууль ёсны ч байж болно, хууль бус байр суурьтай байсан ч хамгийн гол нь УИХ дээр орж ирээд намынхаа байр суурийг илэрхийлэх байсан. Үүний дараа тэдний хүсэлтийг зөвшөөрөхгүй бол чуулганы хуралдааныг орхих зарчимтай. Хуралд орсон хойноо таалагдсан, таалагдаагүй гээд хаяад гарсан тохиолдолд тэднийг хүлээх үү, үгүй юү гэсэн асуудал гарч болно. Гэтэл бүлгийн хурал дээр асуудлыг гаргаж ярьсан гэж хэлээд байгаа юм. Бүлгийн хурал гэж байхгүй. Одоогоор бүлэг байгуулагдаагүй байгаа шүү дээ. Хуулиндаа УИХ байгуулагдсанаас хойш 24 цагийн дотор намууд саналаа өгснөөр бүлэг байгуулагдсанд тооцно гэж байдаг. Бүлгийн хурал байхгүй бол нам дээр ярьсан байж болох талтай.

Гэхдээ нам төрийн ажилд оролдох ёсгүй. Мөн хаалттай хуралдаанаар ямар асуудал яригдсан нь бусад нам бүлэг, хэвлэл мэдээлэлд дуулдаагүй учраас ярьсан, яриагүйг мэдэх аргагүй юм. Тийм учраас Ардын намын байр суурийг харахад Д.Дэмбэрэл гишүүний юм уу, эсвэл Ө.Энхтүвшин гишүүний хувь оролцоо харагдаад байна. Огт хуралд оролцохгүй байгаа хүмүүсийг хурал хийлгэх хүсэлгүй гэж ойлгох хэрэгтэй. Орж ирэхгүй байгаа хүмүүсийг хүчээр хуралд оруулна гэсэн хууль зүйн гарц өнөөдөр байхгүй учраас одоо байгаагаар нь шийдвэр гаргах нь зөв. Нөгөө талаас Монгол Улсын Ерөнхийлөгч чиг үүргээ илүү хүчтэй гүйцэтгэх хэрэгтэй байсан болов уу. Анхдугаар чуулганыг хуралдуулна гэдэг хурлыг эхлүүлнэ гэсэн үг биш. Хурлыг эхлүүлсэн. Дуустал үргэлжлүүлэх үүрэг Ерөнхийлөгчид байсан.

-МАН бүх асуудлыг хуулийн дагуу хийх үүднээс гурван хүсэлт тавьж ажлын хэсэг байгуулан зөвшилцөх санал тавьсан. Гаргаж тавьсан хүсэлтүүд нь хууль зүйн үндэслэлтэй байж чадах уу?
-Хоёр намаас ажлын хэсэг гарч зөвшилцөх бүрэн боломжтой. УИХ-ын дарга ч ийм байр суурьтай байна гэж харж байна. Байнгын хороодууд намуудын төлөөллөөс үүсч байгаа. Тэр утгаараа зөвшилцөл явагдах ёстой. Гацаалт гэхээсээ илүү хэлэлцээрийн үйл ажиллагаа явагдаж байна гэж ойлгож болно. МАН-ын тавьсан хүсэлтийг судалсан. Өвөрхангайн тойргийн хоёр нэр дэвшигчийн шүүхийн шийдвэрийг түргэвчилж, тангараг өргүүл гэсэн. Энэ боломжгүй. Тухайн тойргийн хоёр нэр дэвшигч нийслэлийн шүүхэд гомдол гаргасан. Нийслэлийн шүүхийн хариу гараагүй байхад хоёр гишүүнийг оруулж ирэх боломжгүй. Ядаж хоёр гишүүнийгээ хүндэтгэх ёстой. Тэр хоёр давж заалдах хүсэлтээ өгөөд хүлээгээд сууж байна. Магадгүй хариу нь сөрөг гарсан ч тэр хоёр нэр дэвшигч дараагийн шатны шүүхэд хандах хүсэлтэй байгаа шүү дээ. Тэгэхээр шүүх процессын дундуур орж, өөрсдийнхөө гишүүдийн хүсэлтийн эсрэг явж байгаа нь сонирхолтой байна. Миний ойлгож байгаагаар тухайн хоёр гишүүн хуулийн байгууллагаар асуудлыг шийдүүлэх хүсэлтэй байгаа. МАН шүүхийг үл хүндэтгэж байна. Санал дахин гараар тоолох боломж байсан уу гэвэл байсан. Гэхдээ СЕХ хороо эцсийн дүнгээ гаргаж Ерөнхийлөгчид өргөн бариагүй байх үед юм. Хэрвээ МАН-ын гаргаж тавиад байгаа хүсэлтийг АН хүлээж авсан тохиолдолд СЕХ болон Ерөнхийлөгчийн тушаалыг хүчингүй болгосноор дахин тоолно. АН-д энэ гомдол нь ямар ч хамаагүй. МАН СЕХ-нд гомдол тавих ёстой.

-Шударга ёс эвслээс хоёр гишүүнийг тангараг өргүүлэх шийдвэр гаргасан байна. Танай эвсэл МАХН-ын дарга Н.Энхбаярыг нэр дэвшигчийн жагсаалтаас хассан асуудлаар дахин Цэцэд хандахаар болоод байгаа нь хэр үндэслэлтэй юм бэ?
-Өмгөөлөгчийн хувиар СЕХ-ны шийдвэрийг зөвшөөрөхгүй байсан. Тиймээс Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргах талаар намын гишүүддээ тусалсан. Цэцийн шийдвэрийг хүлээж байсан. Цэцийн шийдвэр бидэнд таалагдаагүй. Таалагдаагүй гэдэг нь зөвшөөрөхгүй гэсэн үг биш. Намын удирдах зөвлөлд байгаа хүмүүс маань ярилцаад ямар ч байсан хоёр хүнийхээ тангаргийг өргүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Гэхдээ МАХН-ын дарга, эвслийн тэргүүн байгаа хүний эсрэг хууль бус шийдвэр гаргасан. Шийдвэртэй эвлэрнэ гэдэг хэцүү. Хууль зүйн гарц байгаа. Гарцыг мухарлахын тулд нэг гишүүнийхээ тангараг өргөх асуудлыг түр түдгэлзүүлээд байна.

-Шударга ёс эвслийн гишүүдийн дунд үл ойлголцол гарч нэлээд хагаралтай байгаа гэсэн. Хамтарсан засагт орж ажиллах МАХН, МҮАН-ын гишүүд сайдын томилгоо, ал­бан тушаалаас шалтгаалан маргалдах болсон уу?
-Хүмүүс үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг. Эцсийн шийдвэр бол Удирдах зөвлөлөөс гардаг. Хүн болгонд таалагдах албагүй. Зарим нь би УИХ-ын гишүүн, манай ТББ-ын ачаар ийм мундаг явж байна гэх мэтээр үзэл бодлоо илэрхийлж байгааг хагарал гэж харж болохгүй. Хамгийн гол цул зүйл нь эвслийн удирдах зөвлөлийн шийдвэр юм. Хүн үзэл бодлоо илэрхийлж байхад хагарч байна гэж ярих ёсгүй.

-МАНАН-гаас сална гэсэн уриа лоозон өргөж байсан Шударга ёс эвсэл АН-тай эвсэх хүсэлт тавьсан нь сонирхолтой санагдаж байна. Засгийн газарт орж ажиллах шийдвэрийг хэрхэн дүгнэж байна вэ?
-Ерэн жилийн түүхтэй нам хуваагдаад энэ хуваагдал нь олонх нь цөөнхөө барьж идсэн нь МАХН-ыг хэлмэгдүүлэх эхлэл болсон. Н.Энхбаяр, Б.Тулга, З.Баянсэлэнгийн хэргийг цөм улс төрийн шинжтэй хэлмэгдүүлэлт гэж харж байгаа. Манай бүлэг хатуу, нэг байр суурьтай байгаа. Бид аливаа улс төрийн хэлмэгдүүлэлттэй хэзээ ч эвлэрэхгүй. Үгээ хэлсэн хүнийг хэлмэгдүүлж ирсэн түүх бий. Улс төрийн хэлмэгдүүлэлт үргэлжлэх ёсгүй гэж үзэж байгаа. Үргэлжлэх юм бол бид тууштай тэмцэх болно. Ардчилал өөрөө чөлөөтэй. Таны ярьж байгаа зүйл надад таалагдахгүй байна. Гэхдээ таньд ярих эрхийг олгоно гэдэг учраас бид хамт байгаа гэж ойлгож байгаа. Улс төрийн хэлмэгдүүлэлт явагдвал энэ эвсэл цаашаа явах боломжгүй. Хамгийн гол нь хүний эрхийг бид нэн тэргүүнд тавих ёстой. Шударга ёс эвслийн байр суурь биш. Энэ хувь гишүүний байр суурь. АН ч энэ байр суурийг баримталж байгаа учраас эвсэж байна гэж харж байна.

-МАН-ын дарга Ө.Энх­түвшин “УИХ-ын даргыг хууль бусаар сонгосон асуудлаар Цэцэд хандсан. 24 цагийн дотор Цэцэд хандсан тул МАН УИХ-д бүлэг байгуулах эрхтэй” гэснийг юу гэж үзэж байгаа вэ?
-Цэц шийдвэр гаргаагүй байхад Цэцийн өмнөөс ярина гэдэг буруу. Цэц хараат бус. Тэндээс ямар шийдвэр гарахыг хэн ч урьдчилж мэдэхгүй. Цэцэд хандангуут үйл ажиллагаа зогсдог гэсэн зүйл байхгүй. 24 цагийн дотор Цэцэд мэдэгдэл өгөхөд бүлэг байгуулах эрх нь нээлттэй байна гэж ойлголт байдаггүй. Цэцэд хандангуут УИХ-ын гаргасан тогтоол түр түдгэлзэнэ гэсэн хуулийн гарц байхгүй. Цэц хууль зүйн үндэслэлгүй гэсэн дүгнэлт гаргачихвал бүлэг байгуулагдах ямар ч боломжгүй. Хөнгөмсгөөр найдлага тавьж болохгүй.

-УИХ-д байгуулагдсан “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд даргын томилгоо зөв шийд­вэр байсан уу. МАХН-ын хувьд боловсон хүчин муутай гэсэн шүүмжлэлд өртөөд байна?
-Бүлгийн дарга, дэд даргын томилгоо зөв зүйтэй шийдвэр болсон. Бүлгийн дарга тухайн гишүүдийн үйл ажиллагааг нэгтгэдэг. Зарим хүмүүс З.Баянсэлэнгэ гишүүнийг шүүмжилдэг. Хийхээсээ илүү их ярьж байна гэсэн байна лээ. Ярьдаг хүн болгон буруу юм бол маньяак гэж ярьсан хүн байж л байна. Ярьдаг хүн болгон буруу байхгүй. Бүх зүйл ном журмын дагуу болдог. З.Баянсэлэнгэ гишүүн ном журмын дагуу гишүүн болсон. Намайг ч гэсэн элдэв янзаар хэлж байна. Бид тодорхой чиг үүргийнхээ дагуу ард түмний эрх ашгийн төлөө тэмцэнэ. Өлсгөлөн зарлалаа гээд муу хүн болохгүй. Амь насаараа дэнчин тавина гэдэг хамгийн хүнд даваа. З.Баянсэлэнгэ гишүүний бусад гишүүдээс ялгарах дутагдал нь баян, биш эгэл жирийн иргэн юм байна лээ. Баян биш учраас ухаан муутай юм уу. Баяжсан нь ухаантай гэж хэн хэлээд байгаа юм. Боловсролоороо ч тэд ялгарч чадахгүй. Ямар арын хаалгаар яаж диплом худалдан авч, хэрхэн сургууль төгссөн нэр зүүснийг нь би мэднэ. Гадаадад очоогүй учраас чадваргүй болчихсон юм уу. Гадаадад очиж архи ууж, хар тамхи татах нь боловсролтой хүний чанар мөн үү. Хүний эрхийн төлөө 15 жил зүтгэсэн би бас муу хүн үү. Намынхаа нэрийг авч үлдэхийн тулд эрх баригчдийн эсрэг зүтгэсэн нь муу боловсон хүчний хийдэг ажил гэж үзэхгүй байна.

Б.Өнөртогтох


URL:

Сэтгэгдэл бичих