АТГ-аас Ц.Анандбазарын хэргийг хэрэгсэхгүй болгож ТЕГ-т шалгуулахаар шилжүүлжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс шалгагдаж буй зарим томоохон хэргийн талаар өчигдөр мэдээлэл хийв. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат болон Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ж.Батсайхан, Хяналт шалгалтын албаны дарга Л.Сүх-Очир нар оролцсон юм. Тэд аливаа хэргийг мөрдөн байцаах, шалгах үед өмгөөлөгчид нь холбогдох байгууллагуудтай үгсэн хуйвалдаж хахууль өгч эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж байгааг онцлон дурдав.
Энэ үеэр Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат сэтгүүлчдийн зарим асуултад хариулт өгөв.
-”Сод монгол” группын захирал Ц.Анандбазарын хэргийг хэрэгсэхгүй болгосон гэсэн. Энэ үнэн үү?
- Өнгөрсөн тавдугаар сарын 25-нд АТГ-аас МАН-аас Дорноговь, Говьсүмбэр аймгийн тойрогт нэр дэвшихээр зэхэж байсан “Сод Монгол” группын захирал Ц.Анандбазарыг хээл хахуулийн хэргээр шалгаж байсан. Шалгалтын явцад тэрээр нэр дэвших үйл ажиллагаатай холбоотойгоор нэр дэвшихээр зэхэж байсан зарим тойргийн иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын талаар өөрт нь хадгалагдаж байсан нь илэрсэн. Энэ асуудлыг бид ТЕГ-т шилжүүлэн өгсөн байгаа. Манайд шалгагдаж байсан хэргийн тухайд Нийслэлийн прокурорын газраас татаж, хэрэгсэхгүй болгосон.
-Тухайн үед Ц.Анандбазар МАН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвших гэж байсан. Тиймээс хэн нэгэн хүний худал мэдүүлгээс болж хохирч байна. Үүнд хэн хариуцлага хүлээх вэ?
-УИХ-ын сонгуулийн үеэр тухайн хүнийг буруутай юу үгүй юу гэдгийг шалгаж мөрдөн байцаах шатанд явж байсан болохоор одоо хэн нэгэнтэй хариуцлага тооцох боломжгүй юм. Харин үнэхээр онц ноцтой гэмт хэрэгтэй холбоотой хэрэг байсан бол ташаа мэдээлэл өгсөн хүнд хариуцлага тооцох болно.
-Зарим томоохон албан тушаалтнуудад холбогдох хэрэг дээд шүүхэд шилжээд 2-3 жилийн ял аваад дараа нь хэрэгсэхгүй болдог тогтолцоо бий болоод байгаа. Үүнийг АТГ-аас тухайн хэрэгт холбогдох мэдээллийгдутуу шалгадаг гэж ойлгож болох уу?
-Энэ талаар тайлбар өгөхөд манайхаас шалгагдаад прокурор болон Дээд шүүхэд шилжсэн бол тэдний л шийдэх асуудал. Тэндээс асуу. Бид хийх ёстой ажлаа л бүрэн гүйцэтгэдэг гэв. Тэрээр мөн УБЕГ-ын дарга Л.Амарсанаа болон УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нарын хэрэг мөрдөн байцаах шатандаа явж байгаа бөгөөд зарим гадны хөрөнгө оруулалттай компанийг ч шалгах шатандаа явж байгааг хэлэв.
Мөн Өмнөговь аймгийн МАН-ын хорооныхон Засаг дарга Б.Бадрааг дөрвөн тэрбум орчим төгрөг шамшигдуулсан гэж үзэж Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасан. Уг гомдлын дагуу АТГ-аас Б.Бадраад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлээд байжээ. Харин прокуророос түүний хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Түүнчлэн БХЯ-ны Зэвсэгт хүчний жанжин штабын зарим генералуудыг шалгаж байгаа талаар мэдээлж байсан. Тэднийг БНАСАУ-ын Элчин сайдын яамнаас манайд асуудал тавьсны дагуу шалгасан. Нийт 1.3 сая ам доллартай тэнцэхүйц хэмжээний мөнгийг БНАСАУ-ыг төлөөлж ирсэн хүмүүсээс аваад тус мөнгөнөөс завшсан хэмээн АТГ-аас шалгаж байсан билээ. Гэвч мөрдөн байцаалтын явцад гэмт хэрэг үйлдээгүй нь нотлогдсон учраас тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
Өнгөрсөн гуравдугаар сард АТГ-т Дундговь аймгийн 70 жилийн ойгоор цугларсан хандивын мөнгийг тус аймгийн Засаг дарга Д.Чандмань хувьдаа завшсан байж болзошгүй гэх гомдол иржээ. Гомдлын дагуу АТГ-аас шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна. Сонгуулийн өмнөхөн АТГ-аас аймгуудын Засаг дарга нарыг шалгаж эхэлсэн. Ингэснээр Говьсүмбэр, Увс аймгийн Засаг дарга нар шүүхээс ял сонсож, Орхон аймгийн Засаг дарга ял сонссон ч цагаадаж, Багануур дүүргийн Засаг даргын эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж хууль бусаар газар олгосон зэрэг хэргүүд шалгагдаж байгаа аж.
Д.ДАВААСҮРЭН
URL: