Н.Энхбаяр шүүх хуралд ирлээ

МАХН-ын дарга Н.Энхбаяр Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд хүрэлцэн ирлээ. Тэрээр шүүх хурлыг өмгөөлөгчөө сольсон, өмгөөлөгчөөсөө татгалзсан, өмгөөлөгч нь сонгуулийн ажилд оролцож байгаа ирэх боломжгүй, өмгөөлөгч хүндэтгэх шалтгаанаар ирээгүй, өмгөөлөгч нэмж авсан хэмээн таван удаа хойшлуулаад байгаа ч ийнхүү өнөөдөр зургаа дахь хурал товлогдсон юм.

Түүнтэй хамт До.Чулаанбаатар, Ж.Мягмаржаргал, Д.Дуламсүрэн нар мөн шүүгдэхээр ирээд байна. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т заасан хүндэвтэр зүйл ангиар буруутгаад буй.

Хэрвээ шүүхээр гэм буруутай нь тогтоогдвол хуулийнхаа дагуу бүх эд хөрөнгийг хурааж, тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгүүлэх аж. Хуралд даргалагч шүүгчээр С.Соёмбо-Эрдэнэ, М.Алдар, С.Оюунчимэг, улсын яллагчаар Е.Сагсай, О.Мөнхбаатар нар оролцоно.
Б.Чимэг


URL:

Сэтгэгдэл бичих