Салхит төсөлд зориулж 85 сая ам.долларын зээл олгоно
Монголын анхны салхин ферм байгуулах төсөлд зориулж Европын сэргээн босголт, хөгжлийн банк болон Нидерландын санхүүгийн хөгжлийн компани Монгол Улсад 85 сая ам.долларын зээл олгохоор болжээ. Монгол Улсын цахилгаан эрчим хүчний нийт хэрэглээний таван хувийг хангах 50 МВт-ын Салхит салхин фермийг нийслэл хотоос зүүн өмнө зүгт барьж байгаа бөгөөд энэ оны эцсээр ашиглалтад оруулна хэмээн төслийн санхүүгийн зөвлөх “Norton Rose LLP” мэдээлсэн байна. Салхин ферм байгуулах төслийг “Newcom LLC” групп хэрэгжүүлж байгаа бөгөөд салхин сэнснүүдийг “General Electric Co” компани оруулж ирж байгаа юм байна. “General Electric Co” компани өнгөрсөн арваннэгдүгээр сард Салхит төсөлд нийт 100 сая ам.долларын хөрөнгө оруулсан юм. Салхит төсөл нь 2020 он гэхэд эрчим хүчний нийт хэрэглээний 25 хувийг сэргээгдэх эрчим хүчээр орлуулах Монголын Засгийн газрын төлөвлөгөөний нэг хэсэг юм.
Н.Энх
URL: