Он гарсаар 185 хүн ослоор амиа алдсан бөгөөд нийт ослын 98,7 хувь нь жолоочийн буруугаас үүдэлтэй
Замын цагдаагийн газраас 2012 оны эхний хагас жилийн байдлаарх зам тээврийн осол гэмтлийн судалгааг гаргажээ.
2012 оны эхний хагас жилд нийт 8383 зам тээврийн осол бүртгэгдсэн нь өмнөх оноос 12,1 хувиар буурчээ.
Ослын улмаас улсын хэмжээнд 185 хүн амиа алдаж, 512 хүн гэмтсэн тоо нь урьд оныхтой харьцуулахад нас баралт 21,7 хувиар, гэмтсэн хүн 16,4 хувиар тус тус өссөн байна. Амиа алдсан иргэдийн 63,2 хувь нь орон нутагт, 36,8 хувь нь нийслэлд болсон ослоос шалтгаалжээ.
Амиа алдсан, гэмтсэн хүний осолд өртөх үедээ замын хөдөлгөөнд оролцож байсан хэлбэрээс авч үзвэл нийслэлд дийлэнх нь явган зорчигч илүүтэй хохирч харин орон нутагт жолооч илүүтэй хохирдог байна. Мөн ослын улмаас дийлэнх нь хүндэвтэр болон хүнд гэмтэл авчээ.
Мөн жолооч нарын 64,9 хувь нь, тээврийн хэрэгслээр зорчигч нарын 81,6 хувь нь зам тээврийн осолд орох үедээ хамгаалах бүсээ хэрэглээгүй байснаас эрүүл мэнд, амь насаараа хохирч байна.
Тээврийн хэрэгслээр зорчигч – хохирогч нарын хөдөлгөөнд оролцож байх үеийн автомашинд зорчиж явсан байрлалаас харвал:
-урд суудалд 56,7 %,
-арын суудалд 23,7 %
-дунд буюу бусад суудалд 12,5 %
-тогтоогдоогүй 7,1% нь сууж явсан гэж бүртгэгджээ.
Зам тээврийн ослын улмаас амь насаараа хохирогчдын дийлэнх нь буюу 40,2 хувь нь 18-35 насныхан байна. Мөн 0-17 насны хүүхэд 16,8 хувийг эзэлжээ.
2012 оны эхний хагас жилийн байдлаар онд улсын хэмжээнд 21 хүүхэд нас барж, 248 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтэл авчээ. Хүүхдүүд замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжгүй байдлаас ихэнхи нь болж байгаа ч нөгөө талаас жолоочийн ур чадвар, жолоочийн хөдөлгөөнд оролцох соёл зэргээс ихээхэн шалтгаалдаг байна.
Түүнчлэн нийт зам тээврийн ослын 98,7 хувь нь жолоочийн буруугаас, 1,2 хувь нь явган зорчигчийн буруутай үйлдлээс, 10 буюу 0,1 хувь нь замын нөхцөлөөс гарчээ. Энэ нь замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар “хүний амиар тоглодог” мэт болоход тун ойрхон буйг гэрчилнэ. Тиймээс жолоо барих нь тоглоом бус гэдгийг анхаарч, соёлтой, болгоомжтой оролцох нь зайлшгүй шаардлага болжээ.
М.Жаргал
URL: