УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг амлалтаа биелүүлсэн үү?

2008 оны УИХ-ын сонгуульд СХД-ээс АН-ынхан “Дөрвөн бэрх” хэмээх сүржин нэртэй баг бүрдүүлэн сонгуулийн ПИАР хийж байсан. Тухайн үедээ дөрвөн бэрхээс 2 нь ард олны саналыг авч их хуралд тэдний төлөөлөл болон суусан.

Тэд олон зүйлийг амлаж, хэрэгжүүлнэ гэж байсан хэдий ч тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл биелсэн амлалт гэж үгүй. Сонгинохайрханчуудын хулхин дээр цэцэг ургуулан, бүр хамтрагчаа хүртэл “хөөрхөн” доош нь хийж байж сонгогдсон Н.Алтанхуяг сайн сайхан зүйл ихийг амласан.

Үлгэр болсон амлалтуудыг эргэн санахуйд:

-Баянхошуу, ханын материал, толгойт, их бага наранд орон сууцны цогцолборыг барьж байгуулах 

-Гэр хорооллын цахилгаангүй газрыг цахилгаанжуулах, хүчдэлийг тогтвортой болгож, цахилгааны өртгийг шөнөдөө тэглэх   

-Гэр хороололд цэвэр усны шугам тавьж айл бүрийн хашаанд хүргэнэ

-Жаргалант тосгонд эрчимжсэн аж ахуй байгуулж, мах, сүү, ногоо гэх зэрэг гол нэрийн бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх агуулах бий болгоно.

-Байнгын ажиллагаатай спорт комплекс байгуулах, соёл амралтын парк байгуулах

-Номын сан, хурлын болон үзэсгэлэнгийн танхим бүхий иргэдийн ордон байгуулах

Түүний амлалтын ард олонд хамгийн таалагдсан хэсэг бол гэр хороололд амьдарч байгаа айл өрхүүдэд байшин барьж өгч чадахгүй ч цэвэр, бохир усны шугамд холбож, худагт оочерлож усаа зөөдөг байдлыг нэгмөсөн таслан зогсоох тухай төсөл байлаа. Уг нь гишүүнд маань эрх мэдэл хангалттай байсан ч энэ асуудлыг шийдэх сэтгэл дутсан уу гэр хорооллыг цэвэр усны шугамд холбох талаар ганц үг ч цухуйлгаагүй.

Тэрбээр мөн бүх нэр дэвшигчдээс ялгарч УИХ-ын болоод хийх ажлын ТАНГАРАГ гэх зүйлийг айл бүрт тараасан юм. Зүрхэн тушаа гараа тавьж тангарагласан түүний амлалтуудын дотор цэвэр, бохир усны шугамаас гадна “Монголдоо үйлдвэрлэе” нэртэй төсөл багтсан бөгөөд өнөөдөр энэ талаар өөрөө ч мартчихсан яваа байж магадгүй.

Цааш нь уншвал СХД-ийн дэд бүтцийг сайжруулах амлалтаар түүний тангараг үргэлжилнэ. Хамгийн гоё нь 2018 он гэхэд автобус унаа хомс, мөн хотын төвөөс зайдуу байдаг иргэд маань метрогоор зорчдог болох тухай үлгэр байв. Эрүүл ухаанаар бодсон ч, эргүү ухаанаар бодсон ч төлөвлөлт муутай нийслэлд хаана нь метро барих вэ гэсэн асуултын хариулт хэнд ч ил. Гэхдээ тэрбээр 2018 онд метрогоор зорчдог болгох ч юм бил үү, хэн мэдлээ. Гагцхүү нийслэлээ метротой болгохоор байнга бодож, мөрөөдсөөр бусад бүх ажлыг хойш хаясан байж болох шүү дээ. Өнгөрсөн 4 жилд амласан зүйлүүдээсээ ганцыг ч хэрэгжүүлээгүй Н.Алтанхуяг дарга энэ жил сонгуульд нэр дэвших эсэхээ тодорхой болгоогүй байгаа тухай эх сурвалж мэдээлсэн. Нэр дэвшлээ гэхэд нэгдүгээр хороолол, СХД орчмоор түүнийг иргэд лав нэг нүдээрээ ч харахгүй нь тодорхой тиймээс ч хүндэт дарга Н.Алтанхуяг уугуул нутаг болох Увс аймагруугаа жолоо залахаар шийдсэн тухай бор шувуу ниссээр байна. Ингэж ээлжит хууралтаа элгэн нутгийнхандаа хүргэхээр сэтгэл шулуудаж бай түүнд итгэх хүн байгаа болов уу?

Г.Цэнд-Аюуш             amlalt


URL:

Сэтгэгдэл бичих