Муу амалж байгаа юм биш, монголчууд хоосон ч ирж мэднэ

Олимп ч болдгоороо болж байна. Бид ч туйлширдгаараа туйлширсаар л… Мехикогийн/1968/ олимпоос нэг мөнгө, гурван хүрэл медаль авснаас хойш манайхан Олимпийн мөнгө, хүрлийг бараг тоохоо байсан юм. Энэ гаж үзэгдэл далаад оноос л биднийг өвчлүүлсэн бөлгөө. “Олимпийн алтан медаль, аварга” гэдэг үг оюун санаанаас маань гарахаа байж, үгийн санд маань мөнхөд хадагдсан билээ. Унтвал зүүдэлж, сэрвэл мөрөөддөг ганц юм нь тэр л байв. Мөн ч олон тамирчин түүнд дөхсөнөөс хүзүүндээ бараг зүүж үзээд буцаагаад өгчихсөн хүн миний л мэдэхийн гурав буй. Чөлөөтийн З.Ойдов, Ж.Даваажав, жүдогийн Ц.Дамдин нар. Тэдний амжилт биднийг бүр галзууруулж орхисон юм. “Алт, зөвхөн алт”, өөр юу ч бидэнд хэрэггүй байлаа. Гэтэл хатуухан хувь тавилан биднийг хүлээж байсан бөгөөд арайхийж ганц хүрэлтэй, сүүлдээ бүр юу ч үгүй ирж үзсэн түүхтэй. Тэр цагаас ухаан жаал суух шахсан удаатай.

Дэлхий нийтэд спорт өргөн дэлгэр хөгжиж, даяаршлын ертөнц түрэн орж ирснээр Олимпийн ямар ч медалийг амлаад байж болдоггүй, болох ч үгүйг монголчууд түр болов ч ойлгосон. Тэгтэл тун санамсаргүй юм тохиож, тэр медалийг Бээжингийн Олимпоос авч орхисон билээ. Авах, авахдаа бүр хоёрыг гээч.

Эл үйл явдал угаас хөөргөн бидний элэнц, хуланцын араншинг хөдөлгөн “алт”-аас бусдыг медаль гэж үзэхгүйд хүргэсэн юм. Томоогүй бяцхан үрс маань хүртэл хэлд орохдоо “Том болоод Олимпийн аварга болно” хэмээдэг болсон ажгуу. Тэрхүү эмгэг эдгэлгүй, бүр архагшин энэхүү Олимптой золгосон хэрэг л дээ. Тамирчин болгон нь алтын төлөө алалцах хүсэл тээн, Төр нь ч тийм даалгавар өгөн мордуулсныг бид бүгд мэднэ.

Медаль зүүдэлж, мөрөөдөж очсон тамирчид маань эхнээсээ бүдрээд эхэллээ. Гэхдээ энэ тийм их эмзэглээд байх зүйл биш л дээ. Бүх орон эдэлж, туулж яваа л зовлон бөлгөө. Жаргал ч байж бас мэдэх. Олимпоос заавал медаль, тэр дундаа “алт” авч байх ямар хэрэгтэй юм. Тамирчдаа зүгээр нэг харж л байя. Аваад ирвэл сайн л биз. Үгүй бол тэр л биз. Муу амалж байгаа юм биш шүү, монголчууд энэ удаа хоосон ч ирж мэднэ.
Г.Мөнх (www.wikimon.mn)


URL:

Сэтгэгдэл бичих