Олимпийн рингэнд илүүрхээрэй залуус аа!
Маргааш буурал тивийн будант Лондон хотноо нээлтээ эхлэх хүн төрөлхтний спортын хамгийн том наадам зуны ХХХ олимпийн тоглолтонд оролцохоор шалгарсан монголын 29 тамирчид маань дасгалжуулагчид албаны төлөөлөлийн хамт олимпийн тосгонд бууриа засаад их тулааны өмнө бэлтгэлээ базаан байгаа билээ.
Олимпийн наадмын боксын рингэнд өрсөлдөх манай боксчид аль улсын хэнтэй таарч хэрхэн тулалдах бол хэмээн бокс сонирхогчид тоглолтын сугалааны дүнг догдлон хүлээж сууна. Мэдээж манай дөрөв ямар ч өрсөлдөгчтэй таарсан ялалтын төлөө бүх хүчээ дайчлан тоглох зориг итгэл дүүрэн байгаа нь ойлгомжтой. Ингээд оршил болгон олныг нуршилгүй боксчдынхоо тухай зарим нэг мэдээлэл өөрийн санал бодолоо хуваалцъя.
Олимпийн боксын хамгийн хөнгөн жин буюу 49 кг-д Бээжингийн олимпийн мөнгөн медалт, 2009 оны дэлхийн аварга, 2011 оны дэлхийн аваргын хүрэл медалт гавъяат тамирчин Пүрэвдоржийн СЭРДАМБА тоглоно. Энэ жил 27 нас хүрч монгол эрийн ид хавыг үзүүлдэг залуу халуун үе дээрээ яваа Сэрдэмба маань АЙБА-аас гаргасан 2012 оны эрэмбийн жагсаалтад эхнээсээ 6-д бичигджээ. Түүний жинд 26 улсын найдвар Лондонд ирээд байгаа бөгөөд тэдний дундаас үзүүлсэн амжилтаараа хамгийн эхэнд 2004 оны Афины олимпийн хүрэл медалт, 2008 оны Бээжингийн олимпийн аварга, 2003 оны дэлхийн аваргын мөнгөн медалт, 2005, 2007, 2011 оны дэлхийн аварга Хятадын домогт боксчин Зоу Ши Мин орох нь гарцаагүй. Тэрээр Бээжингийн олимпийн дараа их спортыг орхиж буйгаа мэдэгдэж байсан ч 2011 оны Бакугийн дэлхийн аваргаар эргэн ирж АЙБА-ийн жагсаалтыг одоо тэргүүлж буй Өмнөд Солонгосын Шин Жон Хунг илүүрхэн (20:11) ялж түрүүлсэн юм. Учир нь Зоугийн орыг залган Лондонг зорих учиртай Ли Шизао 2009 оны Миланы дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэн “хангалтгүй” дүн үзүүлсэн тул Хятадууд 31 настай Зоудаа дахин найдахаас аргагүй болсон гэдэг. Хэрэв тэрээр энэ олимпд дахин түрүүлбэл нангиадын боксын түүхэнд гарч байгаагүй өвөрмөц амжилтын эзэн болох тул их гүрэн түүнд итгэж асар том үүрэг хүлээлгэж буй.
Манай Сэрдамбын хувьд Зоу Ши Минг ид үед нь буюу 2006 оны Ази тивийн аваргаар нутаг дээрээ урамтай сайхан хожиж түрүүлж байсан бөгөөд 2008 оны Бээжингийн олипийн финалд түүнтэй үлдээд бэртлийн улмаас бүрэн тоглолгүй ялагдсанаас хойж дахин таараагүй байгаа. Харин Сэрдамба АЙБА-ын жагсаалтыг энэ жилээс ахлах болсон Өмнөд Солонгосын “чөтгөр” Шин Жун Хунд 2011 оны тивийн болон дэлхийн аваргаар дараалан ялагдаж дээр нь Казахын хурд хүчтэй залуу боксчин Бирзан Закиповт 2010 оны Азийн тоглолтоор ялагдаж байсан тул олимпийн дэвжээнд энэ хоёртой таарвал өмнөх алдаагаа давтахгүй “өшөөгөө” авах бодолтой байгаа байхаа. АЙБА-гийн жагсаалтад 3-т бичигдсэн 2011 оны Европын аварга Азарбайджаны Салман Ализаде олипд оролцох эрх авч чадаагүй бол 4-рт жагссан Камеруны Томас Эссомбаг манай хүн 2011 оны Бакугийн дэлхийн аваргаар 11:6-аар ялж байсан бөгөөд 5-рт эрэмблэгдсэн Оросын аварга Давид Айрапетьяныг 2009 оны Миланы дэлхийн аваргын финалд 10:5-аар илүүрхэн ялж түрүүлж байсан үе бий. За тэгээд бусад эвгүй өрсөлдөгч нар гэвэл Энэтхэгийн залуу боксчин Лашрам Сингх, Болгарын Александр Александров, Кубын Ёсебани Виета Сото. Тайландын Понгпраён гээд өмнө нь манай хүний нударганы амтыг амсаж байсан олон нөхдүүд олимпд дахин таарвал урьдын “тооцоо” бодох санаатай яаж тоглохоо сайтар боловсруулан бэлтгэж ирсэн нь ойлгомжтой. Манай хүн ч хариуг нь хэрхэн барих аргаа дотроо бодоод тооцчихсон яваа болуу.
Боксын их гүрэн Куба дэлхийн аваргын хагас финалд Сэрдэмбад элгэндээ цохиулаад эвхрэн унаж ялагдаж байсан залуу тамирчин Сотогоо дахин илгээсэн нь тэрээр нутагтаа очоод дийлдээгүй л гэсэн үг. Сэрдамба ер нь том тэмцээнд илүү одтой хиймортой оролцдог бөгөөд тоглолтын олон төрлийн арга барилтай ямар ч үед сандардаггүй тайван маш сайн хараатай тоглодог хашир туршлагатай тамирчин. Харин сүүлд оролцсон хэд хэдэн тэмцээнүүд дээр өрсөлдөгчөөсөө хурд хүчээр дутах тал ажиглагдаад байгаа, хэрэв олби огтоно шиг бултаж зайлдаг овжин зальтай тоглолттой Зоутай таарвал өмнөх шигээ анаж хүлээсэн арга барилаар тоглоод хожино гэхэд хэцүү харин “өст” Солонгостой таарчихвал илүү хүлээцтэй угтуулсан оновчтой олон цохилттой хүлээж тогломоор. За тэгээд хашир гавъяат маань хэн гуайтай ч таарсан учрыг нь олоод хужрыг нь тунгаах бизээ.
52 кг. 2009 оны Миланы дэлхийн аваргаар олон улсын тэмцээний ямар ч туршлаггүй 17 настай монгол хүү Нямбаярын ТӨГСЦОГТ мөнгөн медалд хүрч шуугиан тарьж байв. Түүнээс хойш Төгсөө анхаарлын төвд орж ирсэн бөгөөд 2010 оны дэлхийн залуучуудын аварга, Ази тивийн аварга, 2011 оны Бакугийн дэлхийн аваргаас шүүгчдийн шууд “тусламжтай” хоосон хоцорч байсныг байлаа. Тэрээр хэсэг хугацаанд “World Series of Boxing” цувралд оролцохоор гадагшаа уригдан “Баку Файерс” багийн эгнээнд амжилттай тоглоод мэргэжилийн тулааны хал үзэж халуун чулуу атган хат суугаад ирсэн нь сайхан үр дүнгээ өгч өнгөрсөн жил Ази тивд олимпийн эрх олгох сүүлчийн тэмцээнээс мөнгөн медал хүртэн Лондон ирэх визээ авсан билээ. Одоогоор АЙБА-аас гаргасан эрэмбээр манай хүний нэр эхний 35!! дотор алга, гэхдээ энэхүү эрэмбийн 2,3-р байранд хүндтэй гэгч нь залраад байгаа Оросын Миша Алоян, Италын Виченцо Пикарди нар 2009 онд Миланд огт танигдаагүй монгол “бацаанд” дараалан хожигдсоноо мартаагүй байх учиртай. Астанагийн тэмцээний үеэр дэлхийн боксын мэргэжилтнүүд манай тамирчны өсөх ирээдүй ур чадварыг өндөр үнэлсэн бөгөөд финалд тоглосон Казахын Ильяс Сулемейнов 18:14 харьцаагаар манай хүнийг ялагдахад бас л шүүгчийн “тусламж” орсныг орон орны олон түмэн үзэгчид харцгаасан байхаа. Олимпд түүнтэй өрсөлдөх 26 боксчны дунд энэ л хамгийн хэцүү гээд цохож нэрлэх айхтар “дайсан” алга гэж хэлж болно. Төгсөө маань Лондонд “НЭГ ЮМ” дуулгана шүү!!!
64 кг-д манай гавъяат Уранчимэгийн МӨНХ-ЭРДЭНЭ- тэй нэгэн үе тэнгийн хашир “бурхинууд” голдуу байна. Тухайлбал 2005, 2006 оны Европын аварга, 2003, 2009 оны дэлхийн аваргын хошой хүрэл медалт Унгарын Гюла Кате, 2011 оны дэлхийн аваргын хүрэл медалт Английн найдваруудын нэг Томас Сталкер, Италын Мангикапри, 2009 оны дэлхийн аварга Кубын Сотолонго, Хасагийн Данияр Елеусинов, Энэтхэгийн Манож Кумар гээд цааш үргэлжлэн нийт 28 өрсөлдөгч иржээ. Энэ жил 30 нас хүрч олимпийн наадамд 3 дахь удаагаа оролцож буй манай Мөнх-Эрдэнэ АЙБА-ийн эрэмбээр 2 дугаарт бичигдэж буй тул сугалааны аль нэг хэсэгийг толгойлох болов уу. Амжилтын хувьд 2009 оны дэлхийн аваргаас хүрэл авчирснаас хойш тэмцээн уралдаанд тогтмол оролцож бага дэлхийн аварга хэмээгддэг Польшийн Феликс Штамын нэрэмжит тэмцээнд түрүүлж өнгөрсөн жил Ази тивийн аварга болсон жигдхэн сайн үзүүлэлттэй байгаа. Боксын мэргэжилтнүүд түүнийг 2011 оны дэлхийн аваргаар түрүүлэх боломжоо бүрэн ашиглаж чадаагүй гэж дүгнэсэн нь үнэний хувьтай. Бээжингийн олимпд ч түүнд сэтгэл зүйн бэлтгэл дутсан тухай ардын багш Банди харамсан ярж байсан. Харьцангуй тайван хянуур хичээнгүй нягт шургуу тоглолттой Мөнх-Эрдэнэд маань хуримтлуулсан туршлага, тоглолтын торгон мэдрэмж, олон төрлийн тактик, арга ухаан тэсвэр хатуужил зэрэг шилдэг чанарууд бүгд бий харин сэтгэл санааны тал дээр “шаталт, түлэгдэлт” үүсэх зэргээс болгоомжлон өөрийгөө зөв удирдан дайчлан хурцалж чадваас олимийн ямар ч медалд хүрэх зам манай хүний өмнө нээлттэй байна.
69 кг жинд олимпийн эрхийг 28 боксчин авчээ. Манай Бямбаагийн ТҮВШИНБАТ-ын жинд дэлхийн хошой аварга (2003, 2007 он) Казахстаны нэрт боксчин Серик Сапиев, 2011 оны дэлхийн аварга Украйны Тарас Шелистюк, Хятадын Мей Мататурсун, Оросын Андрей Замковой, Энэтхэгийн Киршан Викас, Францын Алекс Вастин нарын олон “одууд” байгаа бол Бээжингийн олимпийн аварга Доминиканы Мануэл Феликс Диас, дэд аварга Тайландын Манус Бумжинхунг зэрэг томчууд эрхээ авч чадаагүй ажээ. Мөн Германаас 2009 оны дэлхийн аварга Джек Кульчай-Кетын оронд 20 настай Патрик Войчицки олимпд үзэхээр ирсэн бол 2009 оны дэлхийн аварга Кубын Рониел Иглесас зодог тайлж оронд нь гарч ирсэн залуу тамирчин олипийн эрх авч чадаагүй байна. Түвшинбат маань 2011 оны Ази тивийн аварга, Ази тивд олимпийн эрх олгох Астанагийн тэмцээнд дараалан финалд хүрч АЙБА-ийн эрэмбээр 13-т жагссан байгаа. Манай хүн Азийн аварга, Астанагийн олимпийн эрх олгох тэмцээнд Хятадын уйгар гаралтай боксчинд дараалан ялагдаж 2012 оны бага дэлхийн аварга гэгддэг Химийн цомын тэмцээнд Германы Войчицкид 9:6 харьцаагаар, 2011 оны Бакугийн дэлхийн аваргаар Оросын Замковойд 14:8 харьцаагаар хожигдсон алдаан дээрээ сайтар дүгнэлт дүн шинжилгээ хийж ахин таарвал заавал хожих зорилготой ирсэн нь гарцаагүй. Одоо Түвшээ маань Астанагийн рингэнд авсан гарын бэртэл гэмтэл нь бүрэн эдгэж бүрэн илааршин бэлтгэл формондоо орж жигдрээд гарааны өмнө бэлэн байгаа бизээ.
За ингээд Бээжингийн олмпоос алт мөнгөн медал авчирч багаараа дэлхийн 77 орноос 4-р байрт шалгарсан амжилтаа батлан Лондонгийн тэнгэрт соёмбо үсэгтэй тугаа мандуулахын төлөө урагшаа залуусаа, монголын боксчид илүү шүү, илүү!
Д.Цэрэндорж
Сан-Франциско хот
2012 оны 7 сарын 27 өдөр
URL: