Хятадууд эргэлзэж байна

Одоогоос дөрвөн жилийн өмнө эх орондоо зохион явуулсан Олимпийн наадамд хамгийн олон алтан медалийн эзэн болж АНУ-ыг ардаа орхисон Хятад Лондон 2012 Олимпийн наадамд өмнөх амжилтаа баталгаажуулна гэдэгтээ эргэлзжээ. Бээжингийн Олимпийн наадамд Хятадын шигшээ баг 51 алтан медаль хожиж, 36 алтан медалийн эзэн АНУ-ын өмнө гишгэсэн юм. Лондонд болсон хэвлэлийн хурлын үеэр Хятадын Олимпийн хорооны төлөөлөгч Сьяо Тиен эх орондоо зохион явуулсан Олимпийн наадамд 51 алтан медаль хожиж,  түүхэн амжилтаа гаргаснаа дахин онцлоод өмнөх шиг давуу тал байхгүй тул алтан медалийн амжилтаа батлахад том сорилттой тулгарч байгаа талаар ярьжээ.

Бээжингийн Олимпийн наадамд Хятадын шигшээ багт 639 тамирчин өрсөлдөж байсан бол энэ удаа бараг хоёр дахин цөөн буюу 396 тамирчин өрсөлдөхөөр болжээ. Бээжингийн Олимпийн алтан медалийн эздээс 39 нь Лондон 2012 Олимпийн наадамд Хятадын шигшээ багт орсон бөгөөд гандбол, хөлбөмбөг, морин уралдаанаас бусад төрөлд өрсөлдөх юм. Бээжингийн Олимпийн наадмаас 51 алтан медаль хожсон тамирчид нь усанд шумбалт, гимнастик, буудлага, ширээний теннис, хүндийг өргөлт, бадминтоны тамирчид байснаас  Олимпийн дараа Хятадын хүнд сурталт коммунист намын аппарат эмэгтэйчүүдийн спортод мөнгө ихээр хаях болсон гэдэг. Учир нь Бээжингийн Олимпийн наадмаас өмнө Хятад бусад орнуудтай харьцуулахад эмэгтэйчүүдийн спортын төрлүүдэд хөрөнгө оруулах нь бага байсан аж. Лондон 2012 Олимпийн наадамд л гэхэд Хятадын шигшээ багийн тамирчдын 225 нь эмэгтэй, 171 нь эрэгтэй тамирчид байгаа юм. Хятадын тамирчид дугуй, бокс, жудо, трамплин, туялзуур жад, сэлүүрт завины төрөлд алтан медаль авах магадлал өндөр байгаа гэнэ. Гэвч Хятадын тамирчдын хувьд хөлбөмбөг, сагсан бөмбөгийн спортод өөрсдийн байр сууриа тогтоох нь одоо ч хатуу даваа хэвээр байна. Хятадын шигшээ багийн  төлөөлөгч Сьяо Лондонд болсон хэвлэлийн хурлын үеэр сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн шигшээ багийн олон жилийн муу тоглолтыг хатуухан шүүмжилсэн ч туг баригчаар NBA-д багагүй амжилт гаргасан сагсан бөмбөгч И Жянлианийг сонгосон нь санамсаргүй тохиолдол биш аж. Өндөр, нуруулаг тамирчид бол Хятадуудын мөрөөдөл билээ. Чухам ийм шалтгаанаар 1984 оноос хойш Олимпийн наадмын нээлтийн ёслолд Хятадын туг баригчаар сагсан бөмбөгчдийг томилох болсон юм.

Н.Энх


URL:

Сэтгэгдэл бичих