Улсгүй тамирчин Лондонд уралдана
Энэ удаагийн олимпийн наадмын марафон гүйлтийн төрөлд медаль авах найдвар төрүүлж буй тамирчдын нэг нь Гуор Мариал юм. 28 настай тэрээр АНУ-д 11 жил амьдарч, марафон гүйлтээр хичээллэж байгаа. Харин тэрээр иргэний дайны улмаас балчир насандаа Өмнөд Судан улсаа орхин гарчээ. Эх оронд нь үндэсний олимпийн хороо байхгүй учраас тэрээр олимпийн тугийн дор Лондонгийн олимпод оролцохоор болжээ.
Олон улсын олимпийн хорооноос Гуор Мариалд эрхийг нь долоон хоногийн өмнө олгосон байна. Уг шийдвэр гарахаас өмнө Судан улс түүнийг улсынхаа нэрийн өмнөөс уралдахыг зөвшөөрсөн боловч дайны үеэр гэр бүлийн 28 гишүүнээ алдсан учраас эрс татгалзсан хариу өгөөд байсан ажээ. Тэрээр энэ тухайгаа хэвлэлийнхэнд хэлэхдээ, “Намайг олимпийн туган дор оролцуулах болсонд туйлын их баяртай байгаа.
Энэхүү ер бусын үйл явдал залууст, тэр дундаа өмнөд Суданчуудад ихээхэн найдлага төрүүлж байна. Бидний эрх чөлөөний төлөө амиа алдсан хоёр сая гаруй хүний дурсгалыг хүндэтгэсэн түүхэн үйл явдал боллоо” гэжээ. Гуор Мариал Лондонгийн олимпийн сүүлчийн өдөр буюу наймдугаар сарын 12-нд уралдах юм. Тэрээр өнгөрсөн жилийн аравдугаар сард “Twin Cities Marathon”-д 2 цаг 14 минут 32 секундын амжилтаар олимпийн “А” болзол биелүүлсэн ажээ.
URL: