Ц.Нямдорж гүрийж Дээд шүүхэд хандахаар болов
УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг анхан болон давж заалдах шатны шүүхээс УИХ-ын гишүүн Х:Баттулгын нэр төрд халдсан хэмээн үзсэн. Тиймээс түүнийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан Х.Баттулга гишүүнээс уучлал гуйх шийдвэр гаргасан. Гэвч Ц.Нямдорж гишүүн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд хандахаар болжээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хэлэхдээ “Хуулийн хувьд их хөгийн юм болоод байна. Анхан шатны шүүх Хан-Уул дүүргийн шүүхэд болсон. Харьяаллаараа бол Хан-Уул дүүргийн шүүхэд хэлэлцэгдэх хэрэг биш. Би тэр үгийг Засгийн газрын ордонд хэлсэн. Тэгэхээр Х.Баттулгын хувьд Хан-Уул дүүргийн шүүх найдвартай байсан юм байлгүй. Тиймээс би Нийслэлийн шүүхэд давж заалдахад гурван сонингоор дамжуулж уучлал гуй гэсэн. Тэгэхээр би Улсын дээд шүүхийн хяналтын шүүхэд хандахаар болж байна. Х.Баттулгаас уучлал гуйлаа гээд надаас юм уначихгүй. Гэхдээ төрийн дампуурал, шүүхийн дампуурал, захиалгат шүүх харагдаж байна. 1997 оны үед М.Энхсайхан Ерөнхий сайд байхад би гүтгүүлсэн гээд 100 мянган төгрөгийн заргаа авч байсан түүхтэй. Ерөнхийдөө Монголын төр, шүүхийн систем дампуураад дууслаа” хэмээн тайлбарлав.
Тэгэхээр Ц.Нямдорж гишүүний хувьд анхан шатны шүүх Хан-уул дүүргийн шүүхэд болсон нь хууль бус, мөн хоёр шатны шүүх Х.Баттулга гишүүний талд гарсан нь хууль бус хэмээн үзэж байгаа юм байна. Мөн Х.Баттулга гишүүнээс уучлал гуйхад ядаад байх юм байхгүй ч монголын төр, шүүх дампуурч байхад түүнээс уучлал гуйхгүй хэмээн шийдсэн бололтой. Харин түүний улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд хандаж гаргасан өргөдлийг шүүх есөн сараас нааш хүлээж авахгүй аж. Учир нь Улсын дээд шүүхийн шүүгчид есдүгээр сар хүртэл амарч байгаа юм байна.
URL: