Урт наслахын нууцыг тайлбал 10 сая доллароор шагнана

ВАШИНГТОН. /Би-Би-Си/. Урт наслахын нууцыг нээсэн эрдэмтэнд 10 сая долларын “Genomics X Prize” тусгай шагнал олгох тухай АНУ-д зарлав.

Үүнтэй зэрэгцэн хүний генийг судлах төсөлд оролцож алдаршсан Жонатан Ротберг тэргүүтэй судлаачдын бүлэг уг шагналд нэр дэвших тухай мэдээлэл гарчээ.

Энэ уралдаанд оролцогчид нэг сарын хугацаанд хэдэн зууны өндөр настны генийг судлах юм. Тэгэхдээ нэг генийн судалгааны өртөг 1000 доллар давах ёсгүй аж.

Уралдаан 2013 оны есдүгээр сард эхэлнэ.

Ирэх оны тавдугаар сар хүртэлх хугацаанд уралдаанд оролцогчид бүртгэлд хамрагдах ёстой.

Хамгийн түрүүнд доктор Ротберг тэргүүтэй Калифорнын “Life Technologies” корпорацийн ажилтнууд оролцохоор бүртгүүлсэн байна.

1000 долларт багтаан ийм судалгаа явуулах нь анагаах ухаанд өдөр тутам хэрэглэхээр хангалттай хямд аргад тооцогдож байгаа юм. Энэ нь эмч нар өвчний оношилгоог сайжруулж, өвчтөний генийн онцлогийн дагуу эм сонгох боломж олгох аж.

Бүр одоо 100 настай 100 хүн уралдаанд зориулан генийн материлаа өгөхөөр зөвшөөрсөн байна. Өндөр насалж байгаа хүмүүс генийн ховор онцлогтойн улмаас зүрх-судасны болон хорт хавдрын өвчин тусдаггүй гэж судлаачид үзэж байгаа аж.

Хэрвээ генийн бүтцийг хэдэн зуун генийн нууцыг байгаа мэдээлэлтэйгээ харьцуулах замаар илрүүлж чадвал энэ нь амьдралыг уртасгах, эмчилгээний шинэ аргуудыг нээхэд тус болох юм.

Гэхдээ олон судлаач 100 өндөр настны мэдээлэл хүний генийн нууцыг тайлахад хангалттай хүрэлцэхгүй гэж үзэж байна.

Гэсэн хэдий ч ген судлаач, үйлдвэрлэл эрхлэгч Жонатан Ротберг 100 өндөр настны генийн шинжилгээ “амьдралын эх сурвалжийг” эрж хайх ашигтай эхлэл болно хэмээн үзэж байна.

“X Prize” сан янз бүрийн салбарт, тухайлбал, сансрын судалгаа болон анагаах ухааны салбарт шагнал олгохоор төлөвлөж байгаа аж.

Уралдааны үеэр ирсэн мэдээллүүд нээлттэй байх ба ирсэн даруйдаа нийтлэгдэх учир урт наслахын генийн механизмын судалгааг өргөжүүлэх боломж олгох болно.

З.Амгалан


URL:

Сэтгэгдэл бичих