Олимпийн наадмууд

Долоо хоног бүрийн баасан гаригт та бүхэнд хүргэдэг “Олимп” булангийнхаа энэ удаагийн дугаарт бид Олимпийн наадмууд хаана болсон, ямар амжилт үзүүлж, ямар онцлогтой болж байсан талаарх мэдээллийг хүргэж байна.

Анхдугаар наадам. /Грекийн нийслэл Афин. 1896 оны дөрөвдүгээр сар/
Орчин үеийн олимпийн хөлөлгөөнийг үндэслэгч Барон хэргэмт Пьер де Кубертиний санаачилгаар 1894 онд Олон Улсын Олимпийн Анхдугаар Чуулган Парис хотноо зохион байгуулагдсан. Тус чуулганаас Олимпийн Анхдугаар наадмыг 1896 онд Афин хотноо зохион явуулахаар шийдвэрлжээ. Энэхүү шийдвэр нь Грекийн хүн амын олонхийн дэмжлэгийг авсан боловч, Грекийн засгийн газар, Афины захиргаа: “Спортын барилга байгууламж, хөрөнгө санхүүгийн боломж муутай” зэрэг шалтгаанаар нааштай хариу өгөөгүй байна. Энэ байдал нь Пьер де Кубертинийг “Олимпийн анхдугаар наадмыг нутаг дэвсгэр дээрээ зохион байгуулаач” гэсэн хүсэлт бүхий захиаг Унгарын засгийн газарт бичихэд хүргэж байжээ.

Олимпийн наадмын талаар янз бүрийн саналтай улс орнууд, улс төрийн харилцаа зэрэг бүх талыг зохицуулж, Зуны Олимпийн Анхдугаар наадмыг Олимпийн өлгий нутаг Грекийн Афинд зохион байгуулж чадсан нь Барон Пьер де Кубертиний нэгэн гавъяа гэж үздэг. Ийнхүү 80 мянган үзэгчид, хөгжөөн дэмжигчид хуран цугларсан Афиний цэнгэлдэх хүрээлэнд 1896 оны 4 дүгээр сарын 6-нд Грекийн хаан, “ Орчин үеийн олимпийн хөдөлгөөний хамгийн чухал үйл явдлын эхлэлийн нэг Зуны Олимпийн Анхдугаар наадам нээснийг зарласан” түүхтэй. 80 мянган үзэгчид – хөгжөөн дэмжигчид цугларсан тийм олимпийн наадам цаашид 1932 оны Лос-Анжелесийн олимпийн наадмыг хүртэл давтагдаагүй гэдэг.

Анхдугаар наадамд дэлхийн 13 орны 311 тамирчин, 9 спортын 44 төрөл, зайд 132 медалийн төлөө өрсөлджээ. Зөвхөн эрчүүдийн дунд зохиогдсон олимпийн наадмын уралдаан, тэмцээн нь: гимнастик, хөнгөн атлетик, сонгомол бөх, дугуй, буудлага, усанд сэлэлт, теннис, хүндийн өргөлт, туялзуур жадны спортын төрлүүдээр явагджээ.

Грекийн Афин хотноо “Гантиган” цэнгэлдэх хүрээлэнд нээлтээ хийж эхэлсэн орчин үеийн олимпийн анхны наадамд Австрали, Австри, АНУ, Болгар, Герман, Грек, Дани, Их британи, Унгар, Франц, Чили, Швейцари, Швед улсын баг тамирчид олимпийн анхны төлөө өрсөлджээ. Харин анхдугаар олимпийн наадмын хамгийн олон медалийг Грекийн тамирчид авч тэргүүлсэн.

АНУ-ын тамирчид хөнгөн атлетикийн спортын төрөл, зайд давамгайлж, 12 төрлийн 9-д нь тэргүүлж алтан хүртжээ. АНУ-ын хөнгөн атлетикч Жеймс Коннли гурвын харайлтад 13 м 71 см харайж, орчин үеийн олимпийн наадмын түүхэнд анхны аварга болж тодорсон түүхтэй.

Хоёрдугаар наадам. /Францын нийслэл Парис 1900 оны тавдугаар сар/
Афины зуны Олимпийн анхдугаар наадам амжилттай дууссаны дараа грекчүүд цаашид “Олимпийн наадмыг Грект байнга зохион байгуулж байх тухай” асуудал дэвшүүлж, хууль гаргахыг санал болгож байжээ. Гэвч Олон Улсын Олимпийн Хороо, Олимпийн наадмыг гагцхүү олон улсын хүрээнд ардчиллын үндсэн дээр явуулах байр суурийг баримталжээ. Зуны олимпийн хоёрдугаар наадмыг 1900 онд Парис хотноо зохиохоор ОУОХороо шийдвэрлэсэн нь Пьер де Кубертиний Олимпийн хөдөлгөөнд оруулсан гавъяаг нь үнэлсэний нэг илрэл гэж үздэг.

Зуны Олимпийн хоёрдугаар наадамд 21 орны 1330 тамирчин ( эмэгтэй 11), 16 спортын 86 төрөл зайд 264 медалийн төлөө өрсөлджээ. Олимпийн наадамд оролцогч улс орны тоо эрс нэмэгдэж Испани, Итали, Канад,Куба, Голланд, Норвеги, Гайти болон Ази тивийн анхны төлөөлөгч болох Энэтхэгийн баг тамирчид анх удаагаа оролцжээ.

Гуравдугаар наадам /АНУ, Сент-Луис. 1904 оны долоодугаар сарын 1-нээс 11 дүгээр сарын 23/
Олимпийн нэг, хоёрдугаар наадамд амжилттай оролцсон нь Америкийн Нэгдсэн Улс Зуны олимпийн гуравдугаар наадмыг өөрийн нутаг дээр зохион байгуулах эрх авахад нөлөөлжээ. Эхлээд Чикаго хотноо олимпийн наадмыг зохион байгуулахаар төлөвлөж байсан боловч Ерөнхийлөгч Т.Рузвельтийн дэмжлэгээр 1904 онд Сент-Луис хотноо дэлхийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулахдаа холбогдуулан олимпийн наадмыг явуулах хотыг дахин хянаж өөрчилсөн байна. Эдийн засгийн хүндрэлтэй байдлаас шалтгаалж энэ олимпийн наадамд дэлхийн спортын хүчтэй өрсөлдөгч Их британи, Герман, Грек, Австри, Унгар, Швейцарийн баг тамирчид гэхэд зөвхөн 39 хүн оролцжээ. Харин олимпийн наадмыг зохион байгуулагч АНУ-гаас 533 тамирчин өрсөлджээ. Спортын олонхи төрлүүдэд хүчтэй өрсөлдөгчид дутмаг байснаас Олимпийн аваргын төлөө өрсөлдөөн зөвхөн АНУ-ын тамирчдын хооронд болж өнгөрсөн. Сент-Луисын Зуны олимпийн гуравдугаар наадамд 12 орны 681 (эмэгтэй 8) тамирчид оролцож,14 спортын 89 төрөл зай, жинд 267 медалийн төлөө өрсөлджээ.

Дөрөвдүгээр наадам /Англи улс Лондон. 1908 оны 4 дүгээр сарын 27-ноос 10 дугаар сарын 31/

Зуны олимпийн дөрөвдүгээр наадамд Итали улсын Ром хот эрхийн төлөө тунаж үлдсэн боловч, Италичууд татгалзсан учир олимпийн наадмыг зохион байгуулах эрх Английн Лондон хотноо шилжжээ. Лондончууд олимпийн бүтээн байгуулалтын ажлыг богино хугацаанд амжилттай зохион байгуулж 70 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн, 100 метрийн усанд сэлэлтийн бассейн зэрэг спортын барилга байгууламжийг босгожээ. Анх удаа Исланд, Шинэ Зеландын баг тамирчид олимпод оролцсон байна.

Зуны олимпийн дөрөвдүгээр наадамд 22 орны 2034 тамирчин (эмэгтэй 36) оролцож, 21 спортын 110 төрөл, зай, жинд 324 медалийн төлөө өрсөлдсөн.

Тавдугаар наадам /Швед, Стокхольм. 1912 оны тавдугаар сарын 5-наас долоодугаар сарын 22/
Олимпийн наадмыг өөрийн нутаг дээр зохион байгуулах асуудлыг Шведчүүд бүр эртнээс ОУОХороо байгуулагдах үеэс тавьж иржээ. Шведчүүдийн хүсэл 1904 оны ОУОХорооны ээлжит чуулганаар шийдвэрлэгдэж, Зуны олимпийн Тавдугаар наадмыг зохион байгуулах бэлтгэл ажил хийгдэж эхэлжээ. Стокхольмын олимпийн наадамд зориулж спортын барилга байгууламжийг шинээр барьж байгуулахад Шведийн хаан ихээхэн ач холбогдол өгч анхаарсан нь бэлтгэл ажлыг үр дүнтэй болгоход нөлөөлжээ. Стокхольмын Зуны олимпийн Тавдугаар наадамд 28 орны 2490 тамирчин (эмэгтэй 55), 13 спортын 98 төрөл, зай, жинд 294 медалийн төлөө өрсөлдсөн.

Долоодугаар наадам /Бельги, Антверпин. 1920 оны 7 дугаар сарын 7-ноос 9 дүгээр сарын 12/
Зуны олимпийн зургадугаар наадам 1916 онд Берлин хотноо явагдах байсан боловч дэлхийн 1-р дайны уршигаар тасалдсан юм. Олимпийн наадам 8 жил завсарласны эцэст дэлхийн 29 орны 2668 тамирчин /77 эмэгтэй/ олимпийн 7-р наадамд оролцохоор Бельги улсын Антверпин хотноо хуран цугларчээ. Тэднээс Аргентин, Бразил, Испани, Манако, Чехсоловак, Югославын бага тамирчид анх удаа олимпод оролцжээ. Харин дэлхийн 1-р дайны улмаас үүдэн тус олимпийн наадамд Герман болон түүний холбоотны улсуудыг ОУО хороо уриагүй байна. Залуу Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот улсын баг тамирчдыг мөн л уриагүй байна. Өмнөх олимпийн наадмуудтай харьцуулахад спортын төрлүүд нилээр өргөжиж бокс, чөлөөт бөх, байт харваа, хүндийг өргөлт, регби, морин поло хөтөлбөрт оржээ. Өвлийн спортын төрлөөс хокей, уран гулгалтын төрлүүд хөтөлбөрт орсон. Зуны олимпийн 7-р наадамд анх удаа олимпийн тангараг өргөх ёслолын ажиллагаа болсон бөгөөд тангаргын баярыг 1913 онд Пьер де Кубертин боловсруулжээ. Түүнчлэн цагаан дэвсгэр дээр цэнхэр, шар, хар ногоон өнгөөр хэлхэгдсэн таван цагираг бүхий олимпийн далбаа анх удаа олимпийн цэнгэлдэх хүрээлэнд өргөгдсөн түүхтэй.

Наймдугаар наадам /Франц, Парис. 1924 оны 5 дугаар сарын 4-нөөс 7 дүгээр сарын 27/
Зуны олимпийн 8-р наадмыг зохион байгуулахаар Голландын Амстердам, Испанийн Барселон, Францын Парис, Америкийн Лос-Анжелес, Чехсоловакийн Прага, Италийн Ром хотууд өрсөлдсөн байна. ОУОХ асуудлыг шийдвэрлэхдээ нэгд, олимпийн хөдөлгөөнийг сэргээхэд Пьер де Купертины оруулсан гавъяаг хүндэтгэж хоёрт, орчин үеийн олимпийн хөдөлгөөний 30 жилийн ой зэргийг харгалзан шийдвэрлэсний дагуу 1924 онд олимпийн наадмыг 2 дахь удаагаа зохион байгуулах эрх Францын Парис хотод олгогджээ. Олимпийн наадамд оролцогчдын хүрээ улам бүр тэлж, зуны олимпийн 8-р наадамд дэлхийн 44 орны 3092 тамирчин оролцсоны 136 эмэгтэй тамирчид байжээ. Парисын зуны олимпийн 8-р наадамд тамирчид 18 спортын 126 төрөл, зай, жинд 378 медалийн төлөө өрсөлдсөн байна.

Есдүгээр наадам /Голланд, Амстердам. 1928 оны 5 дугаар сарын 17-ноос 8 дугаар сарын 12/
Зуны олимпийн 9-р наадмын албан ёсны нээлтийн ажиллагаа 1928 оны 7-р сарын 28-нд Голланд улсын Амстердам хотноо эхэлсэн. Зуны олимпийн 9-р наадамд дэлхийн 46 орны 3014 тамирчин /290 эмэгтэй/, 15 спортын 110 төрөл, зай, жинд 330 медалийн төлөө өрсөлдсөн. Германы баг тамирчид 16 жил завсарласны дараа Амстердамын олимпийн наадам оролцжээ. Энэ олимпод эмэгтэйчүүд анх удаа гимнастик, хөнгөн атлетикийн тэмцээнд өрсөлджээ. Олимпийн 9-р наадмын нээлтийн ажиллагааны үеэр энх тайван, эрх чөлөөний билэгдэл болгож анх удаа олон тооны тагтаа нисгэжээ. Түүнчлэн нарны туяаг олимп уулнаа галт ширээнд тусгаж асаасан бамбарыг Грек, Югослав, Австри, Германы тамирчид хүндэтгэлтэйгээр олимпийн дамжуулан буухиалж Амстердамын зуны олимпийн 9-р наадамд авчирсан байна. Энэхүү олимпийн гал нь анх удаа олимпийн наадмын ажиллагааны нээлтээс хаалт хүртлэх хугацаанд дүрэлзсэн ажээ.

Аравдугаар наадам /АНУ, Лос-Анжелес. 1932 оны 7 дугаар сарын 30-ноос 8 дугаар сарын 14/
Лос-Анжелесийн олимпийн наадамд оролцогчдын тоо өмнөх дөрвөн олимпийн наадамд оролцогчдоос бараг 2 дахин цөөрсөн нь нэгд, олимпийн наадам болсон хот Европийн орнуудаас алслагдсан, хоёрт, эдийн нөхцөл байдалтай холбоотой байжээ. Харин БНХАУ, Колумбийн баг тамирчид анх удаа олимпод оролцжээ. Гэхдээ зуны олимпийн 10-р наадам дэлхийн 37 орны 1328 тамирчин (эмэгтэй 127) оролцож, 15 спортын 116 төрөл, зай, жинд 348 медалийн төлөө өрсөлджээ.

Олимпийн наадмын хөтөлбөрийн хувьд өмнөх наадмаас онц өөрчлөгдөөгүй бөгөөд гагцхүү хөл бөмбөгийн спортын оронд буудлагын спортыг дахин оруулжээ. Лос-Анжелесийн олимпийн наадамын хөнгөн атлетикийн уртын харайлтаас бусад төрөл, зайд дэлхий, олимпийн дээд амжилт эвдэгдэж, дэлхийн рекордыг 18 удаа, олимпийн рекордыг 54 удаа тус тус шинэчлэн тогтоожээ.

Арваннэгдүгээр наадам /Герман, Берлин. 1936 оны наймдугаар сарын 1-ноос наймдугаар сарын 16/
Берлин хотноо зуны олимпийн 11-р наадмыг зохион байгуулах шийдвэр нь 1932 онд өөрөөр хэлбэл нацистууд засгийн эрх аваагүй байхад гарчээ. Дэлхийн олон орны үндэсний олимпийн хорооны төлөөлөгчид фашист дэглэмтэй улсад олимпийн наадам явуулахыг эсэргүүцэж байжээ. Гэсэн хэдий ч олимпийн бэлтгэл ажил амжилттай зохион байгуулагдсан. Берлиний зуны олимпийн 11-р наадамд дэлхийн 49 орны 4066 тамирчин /эмэгтэй 328/ 20 спортын 130 төрөл, зай, жинд 390 медалийн төлөө өрсөлджээ. Афганистан, Бирмудын арал, Болив, Перу, Косторика, Лихтенштин олимпод тамирчдаа анх удаа оролцуулжээ. Хамгийн олон бүрэлдэхүүнтэй нь 406 тамирчинтай Германы баг байжээ. Энэхүү олимпийн наадамд Германы тамирчид дээд зэргийн бэлтгэл, зохион байгуулалттайгаар оролцсон нь олимпийн өрсөлдөөний талбарыг улам өргөтгөжээ. Берлиний олимпод дэлхийн дээд амжилтыг 13 удаа, олимпийн дээд рекордыг 41 удаа шинэчлэн тогтоосон байна.

Арвандөрөвдүгээр наадам /Англи, Лондон. 1948 оны долоодугаар сарын 29-нөөс наймдугаар сарын 14/
Дэлхийн 2-р дайны уршгаар 1940, 1944 онуудад зуны олимпийн наадам зохион байгуулагдаагүй. ОУОХороо Лондон хотноо 1944 онд олимпийн наадмыг зохион байгуулна гэж найдаж байсан боловч дайны уршгаар эвдэрсэн барилга байгууламж, эдийн засгийн хүнд нөхцлөөс шалтгаалан боломжгүй болжээ. Эдийн засаг улс төрийн хувьд сүүлийн жилүүдэд дэлхий дахинаа бий болсон байдлууд нь 1948 оны зуны олимпийн наадмын зохион байгуулалты асуудлыг 2-рт тавихад хүргэж байжээ. Гэсэн хэдий ч Лондонгийн зуны олимпийн 14-р наадамд дэлхийн 59 орны 4099 тамирчдын төлөөлөгчид /эмэгтэй 385/ оролцжээ. Герман, Японы баг тамирчид Лондонгийн зуны олимпийн наадамд уригдаагүй байна. Лондонгийн 1948 оны зуны олимпийн 14-р наадамд 18 спортын 136 төрөл, зай, жинд 408 медалийн төлөө өрсөлджээ.

Арвантавдугаар наадам /Финлянд, Хельсинк. 1952 оны долоодугаар сарын 19-нөөс наймдугаар сарын 3/
Финляндын нийслэлд олимпийн наадмыг 1940 онд зохион байгуулахаар төлөвлөж байсан боловч дайн гамшгийн улмаас хойшлогджээ. Иймээс 12 жилийн дараа дэлхийн 69 орны 4925 тамирчид /эмэгтэй 518/ 17 спортын 149 төрөл, зай, жинд 457 медалийн төлөө өрсөлдөхөөр Хельсинк хотноо цугларчээ. Өмнөх олимпийн наадмуудад хэзээ ч оролцож байгаагүй улс орон баг тамирчид энэ олимпод оролцсон нь Хельсинкийн наадмын нэг онцлог байжээ. Ялангуяа ЗХУ, зарим социалист орны баг тамирчид анх удаагаа олимпийн наадамд оролцсон нь спортын уралдаан тэмцээнийг улам ч өрсөлдөөнтэй болгожээ. Мөн Багамын арал, Ганна, Гватималь, Хонг Конг, Израйль, Индонейз, Нигер, Антилын арлууд, ХБНГУ, Тайланд, Вьетнамын баг тамирчид анх удаагаа олимпийн наадамд оролцжээ. Хельсинкийн олимпийн наадам нь ЗХУ, АНУ-ын баг тамирчдын ширүүн өрсөлдөөний талбар болж цаашдаа ч дараа дараагийн олимпийн наадмуудад үргэлжилжээ. Хельсинкийн олимпийн наадам нь спортын өндөр түвшинд явагдсаны баталгаа бол тус олимпийн наадмын явцад дэлхийн дээд амжилт рекордыг 18 удаа, олимпийн дээд амжилтыг 66 удаа шинэчлэн тогтоосон явдал юм.

Арвандолдугаар наадам /Итали, Ром. 1960 оны наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 11/
Зуны олимпийн 17-р наадмыг өөрийн хотод зохион байгуулах эрхийг авахын төлөө Афин, Брюсель, Будапешт, Буэнос-Айрос, Мехико, Лос Анжелес, Нью-Иорк, Токио хотууд өрсөлдсөнөөс Италийн Ром шалгарчээ. Зуны олимпийн 17-р наадам спортын ширүүн өрсөлдөөний талбар бол олон гайхамшигт амжилт дуулиант үйл явдал гарсан, дэлхийн олон орны баг тамирчид оролцсон сайтар зохион байгуулагдсанаараа олимпийн түүхэнд үлджээ. Зуны олимпийн 17-р наадамд дэлхийн 84 орны 5348 тамирчин /эмэгтэй 610/ 18 спортын 152 төрөл, зай, жинд 466 медалийн төлөө өрсөлджээ. Марокко, Сан Марино, Судан, Тунис улсууд Зуны олимпийн наадамд анх удаагаа оролцжээ.

Арваннаймдугаар наадам /Япон, Токио. 1964 оны аравдугаар сарын 10-наас аравдугаар сарын 24/
Японы Токио хот 1940 онд олимпийн наадмыг зохион байгуулах эрх авч байсан боловч дэлхийн 2-р дайны улмаас олимпийн наадам зохиогдоогүй. Олимпийн 18-р наадам нь Ази тивд анх удаа зохиогдсоноороо түүхэн ач холбогдолтой. Токиогийн олимпийн наадамд 93 орны 5140 тамирчин /эмэгтэй 683/ 20 спортын 163 төрөл, зай, жинд 503 медалийн төлөө өрсөлджээ. Олимпийн наадмын хөтөлбөрт жүдо бөх, воллейболын спортууд нэмэгдэж орсон байна. Колоний дарлалаас чөлөөлөгдсөн Африк тивийн 17 орон анх удаагаа олимпийн хөдөлгөөнд нэгджээ. БНХАУ, ӨАБНУ, БНАСАУ, Индонейзийн баг тамирчид олимпийн наадамд оролцоогүй байна. Ийнхүү Ази тивд анхлан морилсон анхны наадамд өрсөлдсөн улс орнуудаас 41 орон алт мөнгө хүрэл медалийн эзэд болсны дотор 26 орны тамирчдаас олимпийн аварга төржээ. Токиогийн зуны олимпийн 18-р наадамд дэлхийн дээд амжилт рекордыг 32 удаа олимпийн дээд амжилтыг 81 удаа шинэчлэн тогтоосон байна.

Арванесдүгээр наадам /Мексик, Мехико. 1968 оны аравдугаар сарын 12-ноос аравдугаар сарын 27/
Мехикогийн олимпийн наадам Латин Америкт зохион байгуулагдсан анхны наадам. Тус олимпийн наадмын бэлтгэл ажлын явцад дотоод гадаад олон зөрчлийг даван туулж олимпийн наадмын үйл ажиллагааг амжилттай явуулсан. Мехикогийн олимпийн наадамд дэлхийн 112 орны 5531 тамирчин /эмэгтэй 781/ 19 спортын 174 төрөл, зай, жинд 533 медалийн төлөө өрсөлджээ. Мехикогийн олимпийн 19-р наадам нь өндөр уулын бүсэд зохион байгуулагдаж тамирчдын амжилтад байгаль цаг агаар, орчны нөхцөл хэрхэн нааштай нөлөөлдгийг нотлон харуулснаараа нэгэн онцлог бөгөөд иймээс ч олимпийн наадамд дэлхийн рекорд амжилтыг 28 удаа олимпийн рекордыг 76 удаа шинэчлэн тогтоожээ.

Хорьдугаар наадам /Герман, Мюнхен. 1972 оны наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын 10/
Европ тивд 12 жилийн дараа Мюнхений олимпийн наадамд цугларсан баг тамирчид тооны хувьд рекорд амжилтыг тогтоожээ. Мюнхений зуны олимпийн 20-р наадамд 7123 тамирчин /эмэгтэй 1058/ 23 спортын 195 төрөл, зай, жинд 602 медалийн төлөө өрсөлджээ. Мюнхений олимпийн наадам нь зөвхөн оролцогчдын хувьд төдийгүй спортын барилга байгууламж бэлтгэл ажлын хувьд үлэмж давуу талтай байжээ. Мюнхений 20-р наадамд Албани, Габон, Дагоми, БНАСАУ, Лисото, Малаби, Того улсын баг тамирчид анх удаагаа оролцжээ.

Хориннэгдүгээр наадам /Канад, Монреаль. 1976 оны долоодугаар сарын 17-ноос наймдугаар сарын 1/
Монреалийн олимпийн наадмын эргэн тойронд улс төрийн хурц хямрал бий болсон нь зуны олимпийн 21-р наадмын бэлтгэл ажиллагаанд муугаар нөлөөлсөн. Канадын засгийн газар өмнөх олимпийн наадмын үеэр гарсан эмгэнэлт явдлаас үүдэн олимпийн наадамд холбогдох бүхий л газруудыг цагдаагийн байгууллагын онцгой анхааралд авч ажиллажээ. ОУОХ зохион байгуулах хорооны тууштай үйл ажиллагааны үр дүнд Монреалийн зуны олимпийн 21-р наадам зохион байгуулалтын өндөр түвшинд явагдсан байна. Зуны олимпийн 21-р наадам дэлхийн 88 орны 6189 тамирчин /эмэгтэй 1274/ 21 спортын 198 төрөл, зай, жинд 611 медалийн төлөө өрсөлджээ.

Хоринхоёрдугаар наадам /ЗХУ, Москва. 1980 оны долоодугаар сарын 19-нөөс наймдугаар сарын 3/
ЗХУ-ын нийслэл Москва хотноо олимпийн наадмыг явуулах тухай шийдвэрийг ОУОХороо Австрийн Вень хотноо 1974 оны 10-р сарын 23-нд хуралдсан 75-р чуулганаасаа гаргасан. Москва хотдоо АНУ-ын Лос Анжелес хот өрсөлдөж ялагджээ. Москвагийн зуны олимпийн 22-р наадамд 81 орны 5503 тамирчин /эмэгтэй 1192/ 22 спортын 203 төрөл, зай, жинд 628 медалийн төлөө өрсөлджээ.

Хорингуравдугаар наадам /АНУ, Лос-Анжелес. 1984 оны долоодугаар сарын 28-наас наймдугаар сарын 12/
АНУ-ын Лос Анжелесийн зуны олимпийн 23-р наадамд өмнөх Москва 1980 олимпийн наадмын үеийн улс төрийн уур амьсгал нөлөөлж олимпийн спортын хүчтэй өрсөлдөгч ЗХУ, БНАГУ, Унгар, Болгар, Куба зэрэг орнуудын баг тамирчид хясан боох үйл ажиллагаа явуулж оролцоогүй байна. Лос Анжелесийн зуны олимпийн 23-р наадамд дэлхийн 141 орны 7078 тамирчин /эмэгтэй 1620/ 22 спортын 224 төрөл, зай, жинд 692 медалийн төлөө өрсөлджээ.

Хориндөрөвдүгээр наадам /БНСУ, Сөүл. 1988 оны есдүгээр сарын 17-ноос аравдугаар сарын 2/
Сөүлийн олимпийн 24-р наадам нь зөвхөн спортын амжилт агуулгын хувьд төдийгүй хүн төрөлхтөний хувьд хамгийн энэрэнгүй шинж чанарыг илтгэж чадсанаараа олон улсын асар их ач холбогдолтой болсон гэж үнэлэгддэг. Дэлхийн 160 орон төлөөлөгчдөө илгээсэн байна. Сөүлийн зуны олимпийн 24-р наадамд 160 орны 8465 тамирчин /эмэгтэй 2186/ 24 спортын 237 төрөл, зай, жинд 734 медалийн төлөө өрсөлдсөн байна.

Хоринтавдугаар наадам /Испани, Барселон. 1992 оны долоодугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9/
БНСУ-ын нийслэл Сөүл хотноо Зуны олимпийн 25-р наадамд Барселоны зуны олимпийн 25-р наадамд дэлхийн 172 орны 9364 тамирчин /эмэгтэй 2707/ 27 спортын 258 төрөл, зай, жинд 810 медалийн төлөө өрсөлджээ.

Хоринзургадугаар наадам /АНУ, Атланта. 1996 оны долоодугаар сарын 19-нөөс наймдугаар сарын 4/
Орчин үеийн олимпийн наадам зохион байгуулагдсаны 100 жилийн ойн наадмыг зохион явуулахын төлөө өрсөлдсөн хотуудыг ялсан АНУ-ын Атлантад ихээхэн үүрэг хариуцлага ноогджээ. Учир нь орчин үеийн олимпийн хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ойг дэлхий даяар тэмдэглэсэн халуун мөр олимпийн наадам зохион байгуулагдаж эхэлсний 100 жилийн ойтой давхацсанаараа түүхэн ач холбогдолтой наадам байв. Зуны олимпийн наадам АНУ-ын хотуудад дөрвөн удаа зохион байгуулагдсаны дөрөвдэх нь Атланта билээ. ОУОХороо, “Зуун жил-Алтан олимпийн наадам”-ыг анхны олимпийн эх орон Грекийн Афин хотноо зохион байгуулах чигтэй байсан боловч Афинчууд зохих бэлтгэлээ хангаагүйн улмаас түүхэн олимпийн наадмаа зохион байгуулах эрхээ алджээ. Атлантын зуны олимпийн XXVI наадамд 197 орны 10310 тамирчин (эмэгтэй 3513), 26 спортын 264 төрөл, зай, жинд 818 медалийн төлөө өрсөлджээ. Атлантын олимпийн наадмын хөтөлбөрт: Элсний волейбол, уулын дугуй, эмэгтэй хөлбөмбөг, софтбол, сэлүүрт завины зарим төрлүүд нэмэгдэж орсон байна. Анхны олимпийн 100 жилийн ойн Атланта-100 олимпийн наадам нь “Спортын олон арван одод”-ыг төрүүлснээрээ нэн бахархалтай болсон юм.

Хориндолдугаар наадам /Австрали, Сидней. 2000 оны есдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 1/
Олимпийн хотуудыг шалгаруулах байранд өөрийн хамгийн хүчтэй өрсөлдөгч Бээжинг хоёрхон оноогоор ялсан Австралийн Сидней, ногоон тивд хоёрдох удаагаа олимпийн наадмыг зохион байгуулах үүрэг хүлээсэн билээ. Сидней -2000 олимпийн наадам нь XXI зуун – шинэ мянганы олимпийн түүхийг нээсэн анхны олимп болсноороо онцлогтой. Сидней- 2000 олимпийн наадам нь дэлхийн улс түмний найрамдал, хамтын ажиллагаа, олимпийн эвлэрлийн бодит илэрхийлэл болж чадсан билээ. Хойд Солонгос, Өмнөд Солонгос хамтран Сиднейн олимпийн нээлтийн ёслолын ажиллагаанд нэгэн тугийн доор жагссан нь нэг үндэстэн эдгээр улс орнууд энхжин нэгдэж нягтрахын баталгаа болсон юм. Хэдийгээр олимпийн наадамд оролцохын тулд спортын төрөл тус бүрт тодорхой шалгуур үзүүлэлтүүдийг давж,эрх авч оролцдог болсон ч Сидней- 2000 олимпийн наадам дэлхийн хамгийн олон орны тамирчдын өрсөлдөөний талбар болсон юм. Сиднейн олимпийн наадамд 199 орны 10651 тамирчин 28 спортын 295 төрөл, зай, жинд 928 медалийн төлөө өрсөлджээ.

Хориннаймдугаар наадам. /Грек, Афин. 2004 оны наймдугаар сарын 13-29/
2004 оны Зуны олимпийн наадам нь Грекийн нийслэл наймдугаар сарын 13-наас наймдугаар сарын 29-ний өдрүүдэд зохиогдсон юм. Олимпийн наадмын хувьд XXVIII олимпиадад албан ёсоор тооцогддог. Нийт 201 орны 10,625 тамирчид оролцож байжээ. Спортын 28 төрөлд 301 медалийг баг тамирчид хүртэн эх орондоо харьжээ.

Хоринесдүгээр наадам. /БНХАУ, Бээжин. 2008 наймдугаар сарын 8-аас наймдугаар сарын 24/
Бээжингийн олимп буюу 2008 оны зуны олимпийн наадам, албан ёсоор 29-р олимпиадын наадам нь 2008 оны 8 сарын 8-аас (хөлбөмбөг 6-наас эхлэсэн) 8 сарын 24 хүртэл БНХАУ-ын нийслэл Бээжин хотод зохиогдсон томоохон хэмжээний спортын наадам юм. Нийт 10,500 тамирчин 28 төрөлд 302 спортоор өрсөлдөх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд энэ нь Афины олимпоос 1 спортоор илүү юм.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих