Арилжаа доголдсон өдрүүд

Монголын хөрөнгийн биржийн арилжаа тасалдаад арав гаруй хонож байна. Улстөрийн бужигнал, зуны назгайралтай зэрэгцээд Монголын хөрөнгийн зах зээлд болж буй энэхүү сөрөг үзэгдэл үзэгчдээс холхондуухан байгаа.  Ерөнхийдөө брокер, диллерийн компаниуд болоод Монголын хөрөнгийн бирж гэсэн хоёр субьектын дунд өрнөж буй маргаан адаг сүүлдээ арилжааг зогсооход хүргээд байгаа юм.  Өдөртөө 100 сая төгрөгийн хувьцаа арилждаг байсан, 20 жилийн түүхтэй Монголын хөрөнгийн зах зээл  доргих болсон гол шалтгаан нь  Лондонгийн хөрөнгийн биржээс суурилуулсан “Millennium IT” гэх төлбөр тооцоо, арилжааны шинэ системтэй холбоотой.

Аль ч улс орны эдийн засагт амин чухал судас нь хөрөнгийн зах зээл нь байдаг. Тэр ч утгаараа Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагаа шинэчлэх гурван жилийн төслийг Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа юм.  Үүний хүрээнд Төрийн өмчийн хороо, Монголын хөрөнгийн бирж, Лондонгийн хөрөнгийн биржийн Монголын хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийг сайжруулах цогц арга хэмжээний гурвалсан гэрээг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард байгуулсан билээ.  Дээрх төслийг хэрэгжүүлэхэд Монголын Засгийн газар Лондонгийн мэргэжлийн багт 14 сая ам.долларыг төлсөн бөгөөд энэхүү санхүүжилтийн дийлэнх буюу 11 сая ам.доллар нь Хөрөнгийн биржийн төлбөр тооцоо арилжааны системийн шинэчлэлд зарцуулж буй аж. Үлдсэн гурван сая ам.доллар нь Лондонгийн хөрөнгийн биржийн мэргэжилтнүүдийн цалин хөлст зарцуулагджээ.

Английн мэргэжилтнүүд бүтэн жилийн турш арилжааны тэрхүү системийг суурилуулж, энэ сарын 2-ноос Монголын хөрөнгийн бирж Т+3 системийн дагуу арилжаа явуулах болсон нь бэнчин муутайхан брокеруудыг ажил хаяхад хүргээд байгаа юм. Энэхүү системийн дагуу брокерууд арилжаанд оролцохдоо заавал төлбөрийн баталгааны санд 10 саяас дээш хөрөнгө байршуулсан, арилжааны банкуудтай энэ асуудлаар гэрээ байгуулсан байхыг Санхүүгийн зохицуулах хорооны  өнгөрсөн зургадугаар сарын 30-ны өдөр гаргасан журамд заачихаж.

Мэргэжилтнүүдийн тайлбарлаж буйгаар дээрх шаардлага тийм ч буруу зүйл биш юм билээ. Хэрэвзээ Монголын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлье, эдийн засгийн гол судас болох энэхүү зах зээлээс хөрөнгө хураая,  Монголд үйл ажиллагаа явуулж буй гадаад, дотоодын баян компаниудын хувьцааг Монголдоо арилжаалья гэвэл дээрх системийг хүлээн зөвшөөрөхөөс өөр гарц байхгүй юм байна. Аль аль талдаа эрсдэлгүй, арилжааг олон улсын хөрөнгийн биржүүдийн стандартад нийцүүлэн явуулахыг хүсвэл хэдийгээр хүндрэл бэрхшээл ихтэй ч гэсэн шинэчлэлийг дэмжих нь эдийн засагт томоохон үр өгөөж өгч чадна гэсэн итгэл үнэмшил  л бидэнд дутагдаад байгаа бололтой. Энэ бүгдээс харахад ийм л бодол төрж байна.

Харин шинэчлэлд бэлэн байхыг, шинэ системийн дагуу шаардлага өндөрсөхийг Монголын хөрөнгийн биржийн удирдлагуудын зүгээс брокеруудад эртнээс ойлгуулах, таниулах, тэднийг сургалт хөтөлбөрөөр хангах ажил харин дутагдчихсан нь үйл ойлголцол үүсгэж, арилжаа тасалдахад хүргэв үү гэсэн хардлага төрүүлж буйг нуух юун.  Монголын хөрөнгийн биржийн ТУЗ-ын дарга Б.Болд  брокерууд хариуцлагатай, туршлагатай байхаас гадна эрсдэлээ даадаг байх ёстойг сануулж, иргэн бүрт бэлэглэсэн “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг байршуулсан брокер диллерийн компани дампуурсан тохиолдолд хохирсон иргэдийн хохирлыг хэн барагдуулах вэ гэдэг асуудал ч урган гарах учраас дээр систем бол Монголын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх түүхэн хуудасыг нээлээ хэмээн ойлгож болохыг ч дурдсан.  Үнэндээ цэнхэр, ягаан тасалбараас өөрөөр үнэт цаас, бонд, хувьцааны тухай ойлголтоор маруухан монголчууд өдгөө “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцаатай болж байгаа тохиолдолд эрсдэлийг нэгдүгээрт тооцох нь зүйн хэрэг биз. Тэгээд ч нэг үеэ бодвол хөрөнгийн зах зээлээс мөнгө босгож болно гэдэг мэдлэг, ойлголттой монгол хүн олон болсон шүү дээ.

Хөрөнгийн биржийн гишүүнчлэлийн төлбөр шинэчлэлийн дагуу нэмэгдсэн бөгөөд брокерууд жилдээ 2.5 сая төгрөг төлөхөөр болжээ. Үнэндээ сардаа сая төгрөгийн түрээс төлөөд цайны газар ажиллуулахч юм уу зах дээр наймаа хийж амьжиргаагаа залгуулах хүмүүс  олон. Тэдний жилдээ төлдөгтэй харьцуулахад бол тун бага төлбөр.

Монголын хөрөнгийн зах зээл шинэчлэгдэх ёстой юу гэвэл тийм. Тэр ч утгаараа Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагаа шинэчлэгдэж гэмээнэ хөрөнгийн зах зээл  олон улсын төвшинд хүрдэггүй юм аа гэхэд ойртох биз. Гэхдээ яаж вэ. Үүнийг л брокерууд нь ч, Хөрөнгийн биржийн удирдлагууд нь ч бодолцох ёстой байж.  Харин энэхүү шинэчлэл байж болох, байх ёстой ажил юм. Брокеруудтай хэл амаа ололцох, тэдэнд энэ бүгдийг ойлгуулж, тавиад байгаа шаардлага нь өөрсдийнх нь ч эрсдлийг хамгаална гэдгийн таниулахгүйгээр оролцвол оролц байвал бай гэх маягаар хандах нь харин буруу юм.  Брокеруудын зүгээс Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан журам, тавиад байгаа мөнгөний тоон дээр харилцан ярилцахыг л хүсч байгаа болохоос шинэ системийг хүлээн зөвшөөрөхгүйгээс арилжаанд оролцохгүй байгаа юм биш билээ. Хүн хэлээр мал хөлөөр гэдэг. Аль аль талдаа учраа олж асуудалд зөвөөр хандахгүй бол арилжаа явагдахгүй байх тусам эдийн засагт учрах хохирол нэмэгдсээр л байх болов уу. Эдийн засагт томоохон, гүн гүнзгий асуудал үүсчихээгүй байгаа энэ үед л асуудлыг хурдан шийдвэрлэх хэрэгтэй болжээ.

Ж.НЯМСҮРЭН


URL:

Сэтгэгдэл бичих