Хог хотын захаас төв рүү нүүж байна

Хотын хог үнэхээр дэндлээ. Нийслэлийн зүгээс энэ ажилд үнэхээр хариуцлагагүй хандаж байна.

“Хогны мөнгийг цахилгааны төлбөртэй хамт авдаг болбол хур хог гэдэг ойлголт байхгүй болно” гэсэн сурталчилгаа одоо эргээд харахад улс орны хэмжээнд авч үзвэл “Тавантолгой”-н дараа орох, нийслэлийн иргэдийн хувьд бол хамгийн том “тархи угаалт” байжээ. Уг нь шинэ журмын талаар яригдаж байх үед хамгийн хэрэгтэй журам, энийг хийчих юм бол бараг л Улаанбаатар хот “Азийн цагаан дагина” нэрээ буцааж авна гэх нь холгүй сурталчилсан билээ. Гэтэл “Их санасан газар есөн шөнө хоосон” гэгч болов.

Журам хэрэгжиж эхэлснээс хойш хотын захын иргэд хогоо хашаандаа хуралдуулахгүйн тулд бага багаар нь хотын төв рүү зөөж хаях тактик баримталж эхэлжээ. Машинтай нэг нь өглөө ажилдаа явахдаа хогоо ачаад гардаг болсон байна. Машингүй айлд очихоор “Буцахдаа энэ тортой хогийг аваад явчих. Төв рүү оруулаад хогийн савтай газар хаячих” гэж гуйцгаадаг болсон байна. Ингэж сэргэлэнтэлгүй, хашаандаа хогоо овоолчихоод дунд амьдарч байгаа айлуудыг ч харлаа. Шинэ журам гарснаар “Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гэгч болжээ. Өмнө нь хот хогтой байсан, гэхдээ арай ч одоогийнх шиг байгаагүй гэдгийг хотын захын гэр хорооллын иргэд хэлж байна.

Хог ачсаны төлбөр очих газраа очиж байгаа гэдэг нь хогны машин хэдэн зуугаар нь худалдаж авсан мэдээнээс тодорхой харагддаг. Харамсалтай нь хогоо ачихгүй байна. Баянзүрх дүүргийн Улиастайн орчмын гэр хороололд хогны машин дөрөвдүгээр сараас хойш ирээгүй аж. Дүүргийн Засаг дарга Б.Батзоригийн санаачилгаар нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хороо бүрт хогны машин баяр ёслолын байдалтайгаар гардуулж сүр дуулиан болсон. Тэр 28 машиныг Улиастайн иргэд одоо болтол олж хараагүй л байна. Дарга нь ч гэж дарга, аль эрт тэр санаачилгаа гаргаад хогны машинтай болгоод өгчихдөггүй. Улиастайн иргэд “Хюндэй корпорацид үйлдвэрлэсэн 3.5-8 тонны даацтай машин ганц нэг айлын хогийг ачсаар өдрийг авдаггүй байлтай гэж гайхацгааж байна.

“Явах хүнээр ачаа бүү татуул” гэж үг бий. Уруудсаар байгаа Нийслэлийн ажил байдалд одоо яг энэ үг тохирох бололтой. Өч төчнөөн тэрбум төгрөөр эвдэрхий машин авдаг, удирдлага солигдохоос өмнө амжуудах гэсэн мэт төсвийн хөрөнгийг баруун солгойгүй цацдаг байдал газар авлаа. Зүв зүгээр шуудуундаа хэвтэж байсан өмхий лагийг айлуудын дунд аваачаад асгачихаж ч байх шиг.

Нийслэлийн захирагчийн албаны шийдвэрээр Баянгол дүүргийн 22, 23 дугаар хороо “хогийн сав” томоохон жорлон болчихоод байна. Хотын захын хогоо төвдөө аваачиж хаядаг, бузар булай бүххнийгээ ухаж гаргаад айлуудын дунд асгадаг ийм хот манайхаас өөр байдаггүй байх. Дуугүй, юм хэлэхгүй яваад байвал хүний толгой дээр шүлсээ хаяхаас ч сийхгүй болж дээ. Таныг нэг өдөр гартаа харихад чинь гудамжинд чинь цэвэрлэх байгууламжийн лагийг аваачаад асгачихсан ч байж ч мэдэхээр болжээ.

www.Монголын мэдээ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих