Ерөнхийлөгч олимпийн нийслэлийг зорилоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр өглөө олимпийн нийслэл Лондонг зорилоо. Будант Албьоны нийслэл Лондон хотноо ирэх баасан гаригт нээлтээ хийх зуны XXX олимпийн наадмын нээлтийн ёслолын ажиллагаанд оролцохоор дэлхийн 120 орны төрийн тэргүүд, мянга мянган VIP зочид уригдаад байгаа.
Тэдний хувьд Германы канцлер Ангела Меркел, Японы Ерөнхий сайд Ёсихиро Нода, АНУ-ын Тэргүүн хатагтай Мишель Обама, Свазиланд улсын эзэн хаан, Холливудын хамгийн сайхан хос гэгддэг Брэд Питт, Анжелина Жоли нарын зочид багтаж буй гэнэ.
Хүндэт зочдын нэг болох Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нээлтийн ёслолыг үзэхийн сацуу олимпийн тамирчдаа дэмжих юм. Тэрбээр Ерөнхийлөгчийг дагалдан явах хүндэт зочноор Бээжингийн олимпийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Бадар-Ууган болон Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц нарыг сонгосон билээ.
URL: