Мөрдөн байцаагч хийхдээ оодорч байсан эрхэм УИХ-ын гишүүн болоод яах бол?
УИХ-ын гишүүнээр сонгогдсон цагаасаа хойш хамгийн их хэл ам дагуулж буй эрхэм бол З.Баянсэлэнгэ гишүүн. Түүнийг “Ордны азтай бүсгүй”, “2012 оны хамгийн азтай хүн” “Хорооны даргаас, УИХ-ын гишүүн болсон” гээд янз бүрээр ярьж бичиж байсан. Мөн залилангийн хэрэгт холбогдож байсан, цагдаагийн байгууллагаас хөөгдсөн, хэрэг нуун дарагдуулсан гээд түүний талаарх яриа мундахгүй байв. Түүнчлэн УИХ-ын гишүүнээс нэрийг нь татаж магадгүй хэмээн ч яригдаж байлаа. Учир нь түүнд холбогдох прокурорын биед халдсан гэх хэргийн шүүх хурал удахгүй товлогдох юм.
Харин энэ бүхэнд тэрээр тайлбар хийсэн. Тайлбар хийсэн ч гэж дээ. МАХН-ын дарга Н.Энхбаярын шүүх хурлын үеэр ирэхдээ өөрийнх нь тухай хэвлэлээр гараад байгаа мэдээллийн талаар сэтгүүлчдэд тайлбарлав. Тэгэхдээ тэрээр өөрийгөө буруу илэрхийлээд авах шиг болсон.
“Таныг цагдаагийн байгууллагад ажиллаж байхдаа хэрэг нуун дарагдуулаад авлигын хэргээр хөөгдсөн гэдэг” гэсэн сэтгүүлчийн асуултад тэрээр “Мөрдөн байцаагч хийдэгтээ оодорч, алдаа гаргаж байсан минь үнэн. Найз нөхөддөө тусласнаар би хэлмэгдсэн” гэв. Тэгэхээр мөрдөн байцаагч хийдэгтээ оодорч, найз нөхөд хувийн харилцаагаа дээдлэн алдаа гаргаж байсан энэ эрхэм гишүүн болчихсон. УИХ-ын гишүүн гэдэг бол халдашгүй дархан эрхтэй, эрх ч мэдэлтэй. Тэгэхээр энэ том мэдэлд хүрсэн хүн мөрдөн байцаагчаасаа илүү оодорч явахгүй гэхийн баталгаа алга. Мөрдөн байцаагч, УИХ-ын гишүүний эрх мэдлийн хооронд асар том зөрүү бий.
Тиймээс энэ алдааг дахин давтах бий хэмээн сэтгүүлчийн болгоомжлон асуусан “Тангараг өргөсөн цагдаа хүн байж, хувийн харилцаагаа илүүд үзэн алдаа гаргалаа. Тэгэхээр гишүүний тангараг өргөчихөөд бас ийм алдаа гаргах юм биш биз дээ” гэсэн асуултад тэрээр төвөггүйхэн “Цаг хугацаа харуулна” гэв. Цаг хугацааны явцад дахин алдаа гаргаж ч магадгүй гэснээс өөрцгүй санагдсаныг нуух юун. Эрхэм гишүүн маань энэ алдаагаа дахин давтахгүй ээ гэж зоригтойгоор хэлж чадсангүй.
Нэг хүний төлөө амиа биеэ золиослон өлсгөлөн зарлаж, тэмцсэнийхээ төлөө намын жагсаалтад дээгүүр жагсаж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон энэ эрхмийг дөрвөн жилд юу хийх, яаж ажиллах, дахин алдаа гаргах эсэхийг цаг хугацаанд найдахаас өөр аргагүй болов.
Б.Золбоо
24tsag.mn
URL: