Харумафүжи 13 давбал ёкозуна болно

Японы мэргэжлийн сумо бөхийн долдугаар сарын нагоя башёд өвдөг шороодолгүй түрүүлж, Эзэн хааны цомыг гурав дахь удаагаа хүртсэн озэки Харумафүжи Д.Бямбадорж ирэх есдүгээр сарын башёд амжилттай барилдвал ёкозуна цол хүртэх боломжтой болжээ. Учир нь башё өндөрлөсний дараа хуралддаг уламжлалтай Ёкозунагийн зөвлөл даваа гаригт хуралдаж, озэки Харумафүжигийн амжилтыг үнэлж, ирэх есдүгээр сарын башёд түрүүлж чадахгүй байсан ч 13 ба түүнээс дээш даваа авсан тохиолдолд ёкозуна цол хүртээхээр шийдвэрлэсэн байна. Энэ тухай Ёкозунагийн зөвлөлийн дарга Цурута сэтгүүлчдэд мэдэгджээ. Ёкозунагийн зөвлөлөөр харин их аварга Хакухо М.Даваажаргалыг шүүмжилсэн байна. Башёгийн 14 дэх өдрийн барилдаанд озэки Кисэносатотой барилдах үедээ золгохоос зайлсхийсэн нь их аваргыг шүүмжлэх гол шалтгаан болжээ. Тэд ёкозуна Хакухогийн оргил үе нь өнгөрсөн, сүүлийн үед дайчин бус, мохоо барилдаан үзүүлэх болсон хэмээн дүгнэжээ.

Их аварга Хакухо М.Даваажаргал башё өндөрлүүлээд эх орондоо ирээд байгаа бол озэки Харумафүжи есдүгээр сарын башёгийн бэлтгэлээ эртнээс эхлүүлэхээр өнөөдрөөс бэлтгэл, сургуулилтдаа орохоор Японд үлдсэн тухай тус улсын хэвлэлд мэдээлжээ.

С.ЦЭЛМЭГ

URL:

Сэтгэгдэл бичих