Халдашгүй дархан эрхтнүүдийг хардаж сэрдэхийн учир

Улсын Их Хурлын гишүүдийн болох, болохгүй ажил авираас шалтгаалж хүмүүс ба байгууллага асуу­дал босгомогц л “Их Хурлын гишүүний хал­дашгүй эрх” гэгчээр бамбай хийж, хэрэг явдлыг зөв зүйтэй хууль­чилж биш, бу­руу дарангуй шийдэж ирс­нийг тоолбол цөөнгүй.

“Халдашгүй эрх” гээчээс санаа авч хэлбэл, хуучин тогтолцооны эрин жаранд хал­дашгүй дархан эрх гээчийг ёстой нэг үзүүлж байсан.

И.В.Сталины халдаш­гүй эрхийн   үед,   Х.Чойбалсан­гийн  халдашгүй дархан эрхийн үед, Ю.Цэдэнбалын хал­дашгүй эрхт ёсны үед халдашгүй дархан эрхтнүүд хүн ардыг яаж яргалж тамлах дурын хэрэг болсон. Халдашгүй дархан эрхтнүүд дураараа дургиж,  дунд чөмгөөрөө жиргэж явсан. Үүнийг бичиг судраас үзвэл, “От тов.Берия, товарищу Сталину. 6 сентября 1941 356/х” гэсэн нууц товъёогоор халдашгүй дархан эрхт сахалт гүрж хэчнээн орныг, хэчнээн хүнийг халдашгүй эрх гэдгээр хэлмэгдүүлснийг хамгийн ихээр эдэлж амссан улс нь Монгол. Сталин, Берия хоёрын тэр нууц захидлын нөгөөдөр нь 1941 онд Коммунаркад хэлмэгдүүлэлт эхэлж, түрүүлж дөчин монгол хүнийг нэг дор цаазалсан. Түүнээс хойш яасан ийснийг тоочвол барахгүй.

Халдашгүй дархан эрхтнүүд тодорч ирсэн цөвүүн цагт хэд гурван зоригтон хүн өөрчлөх гэж үзсэн ч бараагүй. Тэр зоригт хүмүүс өөрсдөө толгой дараалан халдашгүй дархан эрхтнийг эсэргүүцсэндээ Сэсээрийн банз цайзын газар очсон. Үүний тодорхой эмгэнэлт жишээ Монголын А.Амар сайд.

Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат, одоо 95-тай Хасын Цоож гэдэг эрэлхэг хүн “Халдашгүй эрхтнүүд  арай  дэндэж байна” гэсэнд халдашгүй эрхэнд  халдлаа гэж буруутан болж Баяндаваанаас ба­ригдан Петропавлокийн шоронд сууж, Амар сайдтай нарлах хоромд хормой дээрээ ёотон үйрүүлж идэж суусан. Тэгж суухдаа Амар сайдын эцсийн үгийг бичиж авчээ. “Би бол хэрэгтэн биш. БНМАУ хэрвээ тусгаар улс юм бол яагаад намайг болон чамайг Зөвлөлтийн шүүхээр шийтгэж байна. Би Оросын ард түмэнд хайртай. Харин улаантан ба тэдний засагт дургүй. Үнэн үг яаж ч хэлээд нэмэр алга. Сталины халдашгүй эрхэнд халдлаа гэж харин зүйл анги нэмж байна. Маргааш  намайг цаазлах нь шиг байна”.

А.Амар сайдын цаазлаг­дахынхаа урьд өдөр хэл­сэн дээрх үгийг Хө­шөөтийн голын Хасын Цоож гуай сонссоноо бичиж түүхэнд оруулсан.

Сан бэйсийн цоохор Х.Чойбалсангийн үед, тэр ч бүү хэл саяхан гээ­дэн Ю.Цэдэнбалын хал­даш­гүй эрхэт үед ажил хэрэгч шударга үг хэлж илтгэсэн Д.Төмөр-Очир, Б.Сур­маажав, Ц.Лоохууз, Х.Нямбуу гээд олон  зуун  хүн  Ю.Цэдэнбалын халдаш­гүй эрхэнд халдсандаа эсэргүүн болж, үр удмаараа хавчигдсан. Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен, Ш.Гаадамба, Р.Чойном зэрэг зохиолчид Цэдэнбалын халдашгүй эрхийг  үгээр  эсэргүүцэж   бич­сэндээ  хасагдах,   хясаг­дахын зовлонг эдэлсэн. “Эцсийн дөрвөдийг ши­рээнээс нь унатал Р.Чойном шатах болно” гэж шүлэглээд яруу найрагч ялтан болсон.

“Халдашгүй дархан эрх” гээч ухагдахууны фи­лософи ингэж, тэгж улс орныг, ард түмнийг гундааж, тонгойлгож, алж хядаж, хагацуулж салгаж байсан гашуун нулимс бараг хатаагүй байхад орчин цагийн Монгол Улсын Их хурал халдашгүй дархан эрхийг өөрөө өөртөө олгож байгаа нь хардах сэтгэл төрүүлж байна. Юм бүхэнд Их Хурлын гишүүний “халдашгүй эрх” гэж ярьж бичиж, халдашгүй эрхтнүүд буруу ч байсан зөвдөж, алуурч ч байсан цагаадаж байна.

Өнөөдөр  шинээр сонгог­дон дэвшсэн хүмүүсийн дотор өөрөөсөө давуу ажилч, бүтээлч эрдэмтэй, ухаан­тайгаа матаж унагаж сурсан “гуталт муур”, идэж уудаг шуналд автагдаж багагүй авлига хийсэн, нэг шинэ үг хэлж чадахаа больж хуучирсан дээсэн дөрөөтэй яваа хүн ч байна. Тэдний зарим нь Их  Хурлын ги­шүүн болж, гэмт хэргээ “халдашгүй эрх” гэгчээр аргалж ял зэмгүй үлдэх гэж бодож байгаа байх.

Учир байдал тиймэрхүү байсныг марталгүй босгож, хэрэг ажил иймэрхүү бай­гааг давхар санаж,  хууль ёс, дүрэм журамтайгаар “Их Хурлын гишүүний хал­дашгүй эрх” гээчийг цуцалж цэглэмээр байна.

Сайн хааныг сайн загнаж өргөдөг, муу хааныг сайн магтаж унагадаг. Сайн хаан бусдын адил зовохыг хичээдэг, муу хаан бусдаас илүү жаргахыг хүсдэг.

Монгол улсын Төрийн соёрхолт зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Зундуйн ДОРЖ

Эх сурвалж: “Өглөөний сонин”


URL:

Сэтгэгдэл бичих