Хонгконгод хар тамхины хэргээр хоригдсон залуус 7-10 жилийн хорих ял авчээ

Хонгконгод хар тамхины хэргээр өнгөрсөн 2010 онд хоригдсон дөрвөн Монгол залууд холбогдох хэрэг бүр шийдэгджээ. Тэдэнд холбогдох хэрэг дөрвөн удаа мөрдөн байцаалтад буцсаны эцэст арайхийж шийдэгдсэн байна. Анхан шатны шүүх хурлаас цаазын ял сонсч байсан ч өмгөөлөгч нар мөрдөн байцаалтад буцааж байсан. Дараа нь өмгөөлөгчид нь солигдсон гэдэг үндэслэлээр бас шүүх хурал хойшилсон. Харин манай Консулын газар энэ хэрэгт их эрчимтэй сайн ажилласан гэж хэлж болохоор. Учир нь өнгөрсөн оны наймдугаар сард болсон хоёр талын Консулын газрын уулзалтын үеэр манай талаас тэр дөрвөн залуугийн хэргийг нь тус тусад нь салгаж цаазын ялыг нь хөнгөрүүлж өгөхийг хүссэн юм.

Ингэснээр Хятад улсын хуулийн байгууллагаас хэргийг нь тус бүрд нь задлан шалгаад зохих ялыг нь оноосон байна. Албаны эх сурвалжийн хэлж буйгаар хар тамхи зөөвөрлөсөн залууст 7-10 жилийн хорих ял оноож, ялыг нь эдлүүлж эхэлсэн гэнэ. Ар гэрийнхэн нь цаазын ялыг нь хэтрүүлж хэдэн жилийн ял болгож өгсөнд талархалтай байгаа бололтой. Ар гэрийнхэн нь өмгөөлөгч авч өгснөөр өмгөөлөгчид нь сайн ажилласан гэж үзэж байна. Тэднийг шүүх хурал Хятадад болсон бөгөөд шүүх хурлын үеэр ар гэрийнхнээс төлөөлөл оролцсон юм байна.

Хэргийн талаар .эргэн сануулбал, Монгол Улсын иргэн Л.Төмөрчөдөр нарын дөрвөн залуу өнгөрсөн 2010 оны дөрөвдүгээр сард Малайз улсын нисэх онгоцны буудлаас Хонгконгийн чиглэлийн онгоцонд суусан тэд 990, 781, 1100, 880 грамм Герион залгисан байсан нь Улсын хууль сахиулагчдад газар дээрээ баригдсан юм. Тэд 2009 оноос эхлэн Хятадын нутгаар дамжин Хонгконг руу хар тамхи зөөвөрлөдөг сүлжээнд нэгдсэн байсныг мөрдөн байцаалтын явцад тогтоосон. Урагшаа явах тоолондоо мөнгөтэй болж ирдэг бөгөөд олсон мөнгөөрөө бизнес эрхэлнэ хэмээн Орос руу явдаг байсан талаар ар гэрийнхэн нь мэдэгдсэн байна.

Эдгээр залуусын толгойлогч нь Монголын нэгэн. хип хоп хамтлагийн дуучин байжээ. Өдгөө 26-27 насны залуус ийнхүү 10 хүртэл жилийн хорих ял сонссон ч амьдрах настайгаа гарч ирэх нь тодорхой. Харин хоёр улсын хоорондын ялтан солилцох гэрээний дагуу эх оронд нь авчирч ялыг нь эдлүүлэх боломж байгаа ч одоогоор тийм асуудал яригдаагүй байна.

Дашрамд дуулгахад Хонгконгоос Шэньжэнь хотын Сянганы боомтоор хил нэвтрэх үедээ 820 грамм герион авч яваад баригдсан манай улсын иргэн Э-д холбогдох шүүх хурал болж 10 жилийн хорих ял сонсчээ.

О.Сайханцэцэг

”Өдрийн шуудан”


URL:

Сэтгэгдэл бичих