Надад боломж олго

Боломж олго. 350 тэрбумыг хүмүүс олгодог, сар бүр 21 мянган төгрөг тарааж, УИХ-ын гишүүн тус бүрт гурван тэрбумыг өгдөг, оюутан бүрт 70 мянган төгрөг өгдөг төрөөс би боломж гуйя. Тийм их зүйл биш ердөө л боломж. Хүссэнээрээ амьдрах, авсан цалингаараа айдасгүй амьдрах, хүссэн бизнесээ хийж түүгээрээ ашиг олох боломж хэрэгтэй байна. Үнэ нэмэгдсэн гэсэн айдасгүйгээр авсан цалингаараа сайхан амьдрах тийм боломж.

Ар, өврийн хаалга гэхгүйгээр бизнес хиймэр байна. Аль нэгэн улс төрийн намыг дагахгүйгээр, тэр том намуудад хандив өгөхгүйгээр, зүгээр л хүссэн бизнесээ хэнээр ч айлгүйгээр хийх тийм боломжийг хүсч байна. Олсон хэдэн төгрөгөө татвар гэж нэрлэсэн айхтар зүйлд өгмөөргүй байна. Өөрийнхөө хүч хөдөлмөрөөр ажиллаж байгаа хүмүүст татварын тодорхой хувийн хөнгөлөлт үзүүлэх, тийм л боломжийг би хүснэ.
Би намын батлах заавал авмааргүй байна. Ямар нэгэн намын, хэн нэгэн ахын кармаанд оролгүй дээшилж, сайхан амьдарч болдог тийм л нийгэм надад хэрэгтэй. Албан тушаал хөөцөлдсөн нь дээшилдэг, бичил бизнес эрхлэсэн нь өнөө, маргаашаа болгодог тийм нийгэм надад хэрэггүй. Үнэ маргааш өсчих вий, бензин дахиад нэмэгдчих вий гэж аймааргүй байна. Авсан хэд нь амьдралд хүрдэг, түүгээрээ сэтгэл хангалуун амьдардаг тийм л нийгмийг хүсч байна.
Энэ боломжийг уг нь хорин жилийн өмнө ирчихсэн гэж бодож байсан ч үгүй байж. Уг нь тэртээ хорин жил бүр тодорхой хэлвэл 23 жилийн өмнө үүний төлөө жагссан ч боломж нь одоо хүртэл ирээгүй ажээ. Үүнийг бид Японы өвсний үндэс, АНУ-ын Азийн сан, дэлхийн худалдааны байгууллага гэх мэтийн газруудаас тусламжаар авч болдоггүй нь харамсалтай.  Боломж огт байхгүй юу гэвэл үгүй. Төрийн нэрэн дор хүссэнээ хийдэг, танил тал, эрх мэдлээрээ хаацайлан мөнгө завшдаг, тендер, лиценз зардаг тийм боломжууд хэдхэн хүний гарт төвлөрчээ. Энэ бидний хүсээд байгаа боломж гэж үү?
Ардчилалтай эн чацуу залуус бид уг нь ийм хар бараан зүйлсийг хүсээгүй. Сар бүр сургуультай амьтан мэт “21”-ээр тэжээлгэж, хэн нэгэнд долигонож, ажлаа бүтээлгэхийн тулд ямар нэгэн хүний гарыг “хүндрүүлж”, орой болгон түшээдийн төр болж тоглохыг харах тийм хувь заяаг хүсээгүй. Бид зүгээр л иргэндээ нээлттэй төр, залууст боломжийг нь олгох засаглалыг хүссэн. Дөнгөж төгссөн залууст бүх боломж нь нээлттэй байж, гадаадын чанартай сургууль руу ардын хүүхдүүд явж, ажлын байр нь, цалин нь амьдралд нь хүрэх тийм л ирээдүйг хүссэн. Бид өөр юу ч хүсээгүй…
“Надад музей өг би түүнийг чинь дүүргээд өгье” гэж алдартай зураач Пабло Пикассо нэгэн цагт хэлсэн байдаг. Харин энэ цагийн залууст төрөөс нэг л зүйл гуйж байна. Энэ нь боломж. Залууст, ерөөс нийт хүн бүхэнд боломж олго. Дараа нь улсыг чинь хөгжүүлээд өгье. Өөр юу ч биш….
А.ШАРХҮҮ    АРДЫН ЭРХ

URL:

Сэтгэгдэл бичих