Чуулган, УИХ-ын даргын томилгоо хууль бус гэж МАН-аас үзлээ
МАН-ын Нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Н.Энхболд, С.Бямбацогт нар мэдээлэл хийлээ. Н.Энхболд УИХ-ын өнөөдрийн чуулган хууль бус хуралдсан, УИХ-ын даргыг томилсон нь үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж буйгаа тайлбарлалаа.
Н.Энхболд хурлын эхэнд “МАН-ын Бага хурал хуралдаж байна. Сонгуулийн үр дүнтэй холбоотойгоор дарга, удирдлагууддаа хариуцлага тооцох асуудлыг ярьж байгаа. Энэ хооронд чуулганыг хууль бусаар хуралдуулж, хууль бус хуралдаанаар УИХ-ын даргыг томилсон байна. УИХ-ын даргыг томилохдоо манай намын гишүүдтэй зөвшилцөх ёстой байлаа. Манай зүгээс гурав дахь өдөр буюу маргааш зөвшилцлийн хариуг өгөхөө мэдэгдэж, чуулганыг маргааш 10:00 цагт хуралдуулахаар хамгийн ахмад гишүүн Д.Дэмбэрэл, Ерөнхийлөгч нартай зөвшилцөөд байсан. Гэвч чуулганыг хууль бусаар хуралдуулж, гаргасан шийдвэр нь хүчингүй гэсэн юм.
Тэрээр цааш нь хэлэхдээ өнөөдрийн чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн гурван зүйлийг ноцтой зөрчсөн гэсэн юм.
Хамгийн ахмад гишүүн хурлыг зарлах ёстой. Түүнээс хоёр, гуравдугаар ахмад гишүүн гэж байхгүй. Мөн УИХ-ын даргыг зөвшилцөлгүй сонгосон нь хууль зөрчсөн үйлдэл гэлээ. Иймд Үндсэн хуулийн цэцэд хандахаа мэдэгдсэн юм.
Т.АМУР
URL: