Р.НЯМДОРЖ: Энэ том хар хүн байнга үймүүлдгээ болимоор байна Х.БАЯНМӨНХ: Энэ нэг өндөр хар хүн биеэ тоохоо болимоор байна

Олны танил энэ хоёр хүн зодолдлоо гэхэд Р.Нямдорж нь 184 см өндөртэй. Х.Баянмөнх нь 181 см өндөртэй юм. Хурд хүчний тухайд бол Ням тэргүүн залуудаа боксоор хичээллэж улсын аваргаас мөнгөн медаль хүртэж явсан. Одоо теннис байнга тоглодог гэсэн. Тэгэхээрээ хурдаар илүү хэрэг л дээ. Баянаа аваргын хувьд бөхийн төрлийн ланжгар аварга. Базаад хаяна гэх байх. Энэ хоёр эрхэм зурган дээрх мөчид гарчганд орсон үгсийг бие бие рүүгээ шидэлж байсан юм билээ. Тэднийг тойрон суусан, тэр хоёр дээр анхаарал нь төвлөрсөн гучаад эрчүүд ийм үгийг нэгэндээ хэлсээн гэдгийг баталж байгаа юм. Харин бидэнд харагдах байдлаараа бол Баянаа аварга “Чаддаг юм бол хоёулаа гаръя” гэж байх шиг. Ням тэргүүн “Гарвал ч гаръя” гэж урагшаа зүтгэж байгаа бололтой.

Энэхүү үйл явдал нь 2002 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдрийн оройн 19.00 цагийн орчим Монгол бөхийн өргөөний баруун хойд суудал дээр болсон үйл явдал л даа. Үндэсний бөхийн зүтгэлтнүүд, судлаачид, жаяг дэгийн багийнхан… гээд бөхийн төлөө сэтгэлтэй хүмүүс цуглаж удахгүй болох Их эеийн хуралд дотроосоо төлөөлөгчдөө сонгохоор зөвлөлдөж байжээ. Тэгсэн зүүн хаалгаар Баянаа аварга орж ирсэн байна. Орж ирээд зүгээр суусангүй. “Нямдорж оо, чи өөрийн хүмүүсээ цуглуулахаа боль” гэж. Өнөө Нямдорж нь хэсэгтээ үл анхааран хэлэлцэх асуудлаа үргэлжлүүлжээ. Гэтэл аварга зүгээр суулгаагүй гэсэн. Бүр хурлын уур амьсгалыг эвдэх шинжтэй болжээ. Ингээд үндэсний бөхийн тэргүүн шууд босч ирээд “Энэ нэг том хар хүн орж ирээд байнга үймүүлж явах боллоо…” хэмээн хэлснийг энд байсан хүмүүс гэрчилж байна. Хариуд нь Баянаа аварга үгээ лавшруулж  “Бөх мэдэхгүй хүмүүс энд цугласан байна. Энэ Зангад гэхэд ямар бөх мэддэгтээ энд сууж байгаа юм” хэмээн өджээ. Ингэж хэлснээр энд байгаа хүмүүс шатаж, зарим нь өрвөлзөх нигуртай байсан болов уу. Тэгэхнээ тийм юм болоогүй юм билээ. Улсын заан Ж.Ганболд л үг хэлж байна уу даа гэмээр Баянаа аваргын баруун гарын шуун доогуур харагдана. Үнэн худлыг бол мэдэхгүй. Зурган дээрх байдлаас харахад Баянаа аварга босч очоод Ням тэргүүний зүүн чихийг имрээд авсан гэж дуулддаг юм (гэвч Р.Нямдорж, Х.Баянмөнх нарын хэн нь ч ийм юм болоогүй гэдэг билээ. сурв).

Үндэсний Бөхийн холбооны тэргүүн босч ирэн тэнд байсан хүмүүст хандан дархан аварга Х.Баянмөнхийн талаар хурц ярьсан нь аваргын өмнөөс үг хэлж байгаагүй хүмүүсийн хувьд эрс шулуун үйл явдал болсон бололтой. Энд Р.Нямдоржийн хэлсэн нэг үг бол Х.Баянмөнхийн хувьд санаанд нь багтахгүй хэрэг болжээ. Тэр үг нь юу байсан гэхээр “Аварга таны арав давж түрүүлсэн амжилт бол зөвхөн таных, Баянмөнх гэж хувь хүний хэрэг. Тэрнээс монгол бөхийн хөгжилд чухал бус …” гэсэн утгатай. Харин Х.Баянмөнх “Бөхийн өргөөнөөс намайг хөөсөн, жаахан хийсэн бүтээснээрээ гул барьж Нямдорж гэж энэ хүн хүний үг сонсохоо больсон” хэмээн ярьж байжээ.

Ер нь бол энэ бүх толхилцооны эцэст Үндэсний бөхийн холбооны тэргүүн босч ирээд аварга руу шууд алхсан байж мэдэх нь. Түүний пиджакны энгэрээс нэг гараараа, нөгөө гараараа баруун гарыг нь дарсан хүн бол их аварга Б.Бат-Эрдэнэ юм шиг байна. Харин цаашаа харсан байдалтай, нэг нь бүр гараа өргөж “Боль л доо” гэсэн маягтай байгаа хүн бол “Разно импекс”-ийн захирал Я.Жамбаа юм. Гараа хөдөлгөөгүй хүн нь болохоор Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга асан А.Зангад билээ. Х.Баянмөнх аваргын баруун гарын далайлт дор нүүр нь мөчид харагдах нэгэн бол Төрийн соёрхолт зохиолч Балжирын Догмид шүү дээ. Б.Догмидын хажууд буй сахалтай хүн бол яруу найрагч, сэтгүүлч Ү.Хүрэлбаатар. Ү.Хүрэлбаатарын дээгүүр толгой нь цухуйж буй хүн бол “Автобус 3″ компанийн захирал, Хөдөлмөрийн баатар Ш.Дашцэрэн гуай. Р.Нямдорж тэргүүнийг хорьж буй хүний нуруун ташаа “Бөөний худалдаа” ХК-ийн захирал Б.Чимэдхишиг цухуйж байх юм. Яг хажууд нь Монголбанкны хэлтсийн дарга Т.Халтар сууж байсан юм байна. За тэр дээгүүр Худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхий менежер Б.Түмэнбаяр, Зоос банкны ТУЗ-ийн дарга Д.Батбаяр, “Туушин” компанийн захирал Н.Зоригт, Сангийн сайд асан Э.Бямбажав, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Болдбаатар, “Алтан тариа” ХК-ийн захирал асан Б.Цэдэв, соц үеийн Худалдааны яамны орлогч сайд Б.Мандалсүрэн, “Талх чихэр” ХК-ийн захирал асан Д.Пүрэвсүрэн… гээд ярайж сууцгаана даа. Бүгдээрээ Монголын нийгэмд хийсэн бүтээсэнтэй, алба хашиж, ажил хийж сурсан тулхтай хүмүүс харагдана. Ийм л хүмүүсийн нүдэн энэ хоёр эрхэм үзэж тарсан түүхэн зураг, түүхэн баримтыг та бүхэнд хүргэж байна. Монгол Үндэсний бөхийн хамгийн том цолтон болох дархан аварга Х.Баянмөнх, хамгийн жижиг цолтон болох сумын заан Р.Нямдорж нар. Түүхийн хугацаанд монгол эрчүүдийн төлөвшлийн төгс сургалт болж ирсэн үндэсний бөхийг хөгжлийн шинэ шатанд гаргаж ирсэн МУИС-ийн багш Р.Нямдорж, бөхийн спортод үнэмлэхүй амжилт үзүүлсэн Х.Баянмөнх нарын арван жилийн өмнөх агшин.

П.ХАШЧУЛУУН


URL:

Сэтгэгдэл бичих