Харүмафүжи: Наадмын сардаа түрүүлсэндээ баяртай байна

Мэргэжлийн сүмогийн долдугаар сарын тэмцээн Нагоя башёгийн сүүлчийн өдөр ёкозүна Хакүхог өвдөг шороодуулснаар энэ тэмцээнд нэг ч унаагүйгээр түрүүлж, Эзэн хааны цомыг гурав дахь удаагаа хүртсэн озэки Харүмафүжи Д.Бямбадоржтой түрүү бөхийнхөө цомыг гардах мөчид нь уулзаж, баярт мөчийнх нь сэтгэгдлээс хуваалцлаа.

-Озэки цолтой бөх өвдөг шороодолгүй түрүүлж байгаа нь 29 жилийн дараа болж байгаа юм байна. Энэ талаар сэтгэгдлээ хуваалцана уу?

-Өвдөг шороодолгүй түрүүлсэндээ баярлаж, энэ амжилтаараа бахархаж байна. Миний амжилтын үндэс бол үргэлж дэргэд минь түшиж тулж, тусалж дэмжиж байдаг хайрт ээж болон гэргий Баттуул, мөн чин үнэнчээр дэмжигч олон маань юм. Энэ амжилтад хүрэхэд дэмжсэн бүх хүндээ талархал илэрхийлж, илүү сайн барилдахын төлөө хичээнэ гэдгээ хэлье.

-Өнгөрсөн жил та бас энэ тэмцээнд түрүүлсэн. Нагоя хот танд ээлтэй гэж хэлж болох уу?

-Би мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд гурван удаа түрүүлсний хоёр нь Нагоя башёд, ялангуяа сүүлийн хоёр жил дараалан авлаа. Тиймээс Нагоя надад ээлтэй хот гэж хэлж болох байх. Мөн Монгол улс даяараа нааддаг долдугаар сард түрүүлсэндээ бэлгэшээж байгаа.

Нагоя хотоос В.Даваа (www.bukh.mn)


URL:

Сэтгэгдэл бичих