Цаашид хэл амаа ололцохгүй бол бие даагчид УИХ-ын даргад нэрээ дэвшүүлнэ
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Энэ удаагийн парламент анхдугаар чуулганаасаа эхлэн гацаанд орлоо. УИХ-ын гишүүний хувьд ямар байр суурьтай байгаа вэ?
-Уул уурхайг даган бий болж буй эдийн засгийн өсөлтийн хурдац биднийг хүлээхгүй. Урьдчилж бодож, төлөвлөсөн биш араас нь дагасан бодлогоор яваад байгаа учраас үр дүн нь муу байгаа юм. Нэг өдөр ч гэсэн үнэтэй.
Оюу толгойгоо гадныханд өгөх болохоороо нэг өдөр хэдэн сая доллар алдлаа гээд хашгирдаг атлаа төрийн ажлыг хэдэн өдөр, сараар саатуулахдаа санаа зовохгүй байгааг би ер ойлгохгүй юм. 2008 онд хоёр сараар саатуулж УИХ-аа байгуулж байсныг давтах гээд байна уу гэх хар төрж байна шүү. Хөгжлийн энэ боломжийг “цонх үе” гэж нэрлэдэг. Энэ нь улс орнуудад 200 жилд нэг удаа тохиодог ч гэж ярьдаг.
Манай улсын хувьд хүн амын 70 хувийг залуус эзэлдэг, дээрээс нь баялгийн орлого хангалттай байна шүү дээ. Харин үүнийг ажил хэрэг болгох үүрэгтэй толгой нь болсон төр нь чадваргүй байдаг. Ийм байвал баялаг маань харийнхны хоол болоод л дуусна.
-МАН-тай эвслийн Засгийн газрын талаар зөвшилцөөгүйд тэд “гоморхоод” УИХ-ыг үргэлжлүүлэхгүй байна уу?
-Өмнө нь бид олонх байхдаа та нарыг Засгийн газартаа багтааж байсан гэсэн гоморхол байна уу гэж асуугаад байна уу.
-Тийм. Өнгөц харахад тийм байх шиг санагдаад?
-Төрийн алба юу гэж тийм тоглоом шиг байх вэ дээ. Хувь заяатайгаа эвлэрээд цөөнхийн үүргээ сайн гүйцэтгэх л үлдсэн байна.
-Бие даагч гурван гишүүнд эвслийн Засгийн газрын үүд хаалга нээлттэй байна. Таны хувьд цаашид өмнөх бие даагчид шиг аль нэг нам, эвсэлд элсэх бодол бий юу?
-Одоогоор тийм бодол алга. Харин мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх талаар бодоцгоож байна. Энэ үүднээс бид гурав зөвлөл байгуулж үйл ажилагаагаа нэгтгэе гэсэн юм.
-Олон суудал авсан хоёр том намын зөрчлөөс болоод гацсан УИХ-ынг хуралдуулах асуудалд зөвлөлөөс хийх эхний алхам юу байгаа бол?
-УИХ-д олонх суудал авсан намын шийдвэр, нэр дэвшигчдэд хүндэтгэлтэй хандаж байгаагаа хэвлэлийн бага хурал дээр бид илэрхийлсэн. Тийм учраас хуралд оролцоно. Харин цаашид хэл амаа ололцохгүй бол дундын хувилбар гаргаж бие даагчдаасаа УИХ-ын даргад нэр дэвшүүлнэ.
-Бие даагчид намын гишүүдийг бодвол амьдралд арай ойр мөрийн хөтөлбөр гаргасан учраас ялалт байгуулсан байх. Таны хамгийн түрүүнд авч хэрэгжүүлэх ёстой хөтөлбөр юу байгаа вэ?
-Хотын төвлөрлийг багасгах зорилгоор орон сууцны урт хугацаатай зээлийн хөтөлбөрийг хөдөө рүү хандуулах арга хэмжээг авахуулъя гэж бодож байна. Жишээ нь, миний хувьд Мөрөн суманд орон сууцны барилгажилтын асуудлыг эхлүүлэх, хөдөөгийн малчин залууст зориулж байр сууцны урт хугацаатай зээлийн тогтолцоо бий болгох зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөж байна.
Малчид насжиж байгаа учраас залуусыг хөдөөд үлдээх нь төрийн бодлого байх ёстой. Амьдралын таатай орчинг нь бүрдүүлээд өгчихвөл юу гэж утаанд хордох гэж хот бараадах билээ. Нөгөө талаар малчин залууст орлогын эх үүсвэр бий болгон мал маллавал цалин ч өгч болно шүү дээ. Мал, малчинтайгаа байж Монголоороо үлдэнэ гэдэгт би итгэдэг.
-Хэдийгээр бие даагчид зөвлөл байгуулсан ч та нөхдийн санал бусад нам, эвслийнхэнд аль нэг утгаараа хэрэг болох үе цөөнгүй гарах байх. Тийм тохиолдолд хэн нэгний “аманд унаж, албан тушаал горилох” улстөрч биш гэж итгэж болох уу?
-Албан тушаал хашихыг үгүйсгэж болохгүй байх. Хэрэв эх орныхоо хөгжилд өөрийн мэдлэг чадвараа зориулъя гэвэл шүү. Харин албан тушаал авахаараа амаа үдүүлээд таг болдог л байж болохгүй. Байгаагаараа л байх хэрэгтэй.
-Та албан тушаал хашихыг үгүйсгэхгүй гэж байна. Нам, эвслүүд ч зөвшилцөж байна гэж яриад байгаагаас бус үндсэндээ улстөрийн тохиролцоо, албан тушаалын суудал л яригдаад байна шүү дээ?
-Одоогоор тийм санал ирээгүй. Бие даагчдад мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх бололцоо олгох асуудал нээлттэй гэж мэдэгдсэн байсан. Бид мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх, нөгөө талаасаа Засгийн газраа тогтвортой авч явах талаасаа зөв л гэж бодож байна.
-Анхдугаар чуулганаас өмнө таныг АН-д элсэх нь гэсэн шум байсан. Энэ талаар ямар тайлбар өгөх вэ?
-Одоогоор ямар нэг намын талаар бодож байгаа зүйл алга.
-Олон нийт МАН-ыг ялагдлаа хүлээн зөвшөөрч, шокноосоо гарч чадахгүй байна гэсэн ойлголттой байгаа. Энэ талаар та ямар бодолтой яваа бол?
-Сонгуулийн үр дүнгийн хариуцлагыг намын удирдлага, шийдвэр гаргах түвшинд ажиллаж байсан бүх хүн хүлээх ёстой. Өөрөөр хэлбэл, удирдах зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг хэлж байна. Түүнээс биш удирдлага дотроо сэлгээ хийснээр хариуцлагаас мултрахгүй, бас шинэчлэгдэхгүй.
Намын шийдвэр хамтын шийдэл байдаг. Алдаатай шийдвэрүүдийг гар өргөж дэмжсэн бол хариуцлагаа хүлээх ёс зүйтэй байх хэрэгтэй. Ялагдлын гол үндсэн шалтгаан бол намын нэр сольж хагарсан явдал. Мөн УИХ-ын сонгуультай нийслэлийн иргэдийн хурлын сонгуулийг хамт хийх тухай АН-ын саналыг хүлээж авсан нь маш том алдаа байсан. Одоо нийслэл, дүүргийн хэдэн мянган ажилгүй болох хүний хувь заяаг яах улс юм бол доо.
-МАН-ын ялагдлын нэг шалтгаан нь нэр дэвшигчдээ буруу сонгосных уу. Тухайлбал, Х.Болорчулуун гишүүн МАН-д элсээд удаагүй байсан. Гэхдээ нэр дэвшүүлээгүй ч бие даагаад гараад ирлээ?
-Тийм шүү. Нэр дэвшигчдээ сонгохдоо их алдаа хийсэн. МАН-ын авсан суудал дээр МАХН, биднийг нэмэхээр олонхын суудал авахаар байгаа биз. Энэ бол “Та бүхэн алджээ” гэдгийн хангалттай хариулт. Намаа бүрмөсөн сөхрүүлэх гээгүй юм бол Удирдах зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ хариуцлагаа хүлээгээд намын Их хурлаа хуралдуулах хэрэгтэй болжээ. Тэгж чадахгүй бол ард түмэн орон нутгийн сонгуульд дахин муу дүн тавьж, МАН хүнд байдалд орж, МАХН руу масс нь шилжинэ. Үүнийг бас л хүлээн зөвшөөрөхгүй яваа байх даа.
-Та ч гэсэн МАН-ын гишүүн байсан. Тэд таныг хүсэлтээ өгөөгүй байхад намаас гарсан хэмээн зарласан. Мэдээж сонголт хийгээд намын гишүүн болчихсон байхад намын зүгээс дээрх шийдвэрийг гаргахад нь “гоморхох” сэтгэл төрсөн үү?
-Би зарим нэг хүн далимдуулсан юм болов уу гэж бодсон.
-Та бүхэн Засгийн газрын тэргүүн болон УИХ-ын даргад нэр дэвшүүлж буй хүмүүсийг олонхын саналыг даган зөвшөөрч байна гэсэн мэдэгдэл хийлээ. Цаашид ч энэ маягаар, МАН-ын эсрэг ажиллахын тулд зөвхөн олонхыг дагасан шийдвэр гаргаад байх юм биш биз дээ?
-Үгүй дээ. Ард түмний төлөөллийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл, улс орон, хүн ардын эрх ашигт нийцсэн асуудлуудыг бол дэмжээд явна. Хохироосон асуудал дээр бол хатуухан үзнэ. Бие даагчийг дандаа эсэргүүцэж байх хүн гэж ойлговол өрөөсгөл болно.
URL: