Дээгүүр толгойлж доогуур суув

Орон даяар ардчиллын өнгө давамгайлсан УИХ-ын сонгуулиар Ховд аймагт АН-ын нэр дэвшигчдээс ганц ч хүн барианд орж чадсангүй. Тиймээс Ховд аймгийн АН-ын хорооны 90 гишүүний 60 нь гарын үсгээ зурж, яаралтай хурал зарлан АН-ын дарга Б.Пүрэвдоржид хариуцлага тооцож огцруулах, орон нутгийн сонгуульд эрчимтэй бэлтгэх зэрэг тулгамдсан асуудал хэлэлцэхийг шаарджээ.

Саяхан болж өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Б.Пүрэвдорж өөрөө нэр дэвшиж, өмнөх парламентад нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс эрхэм гишүүнээр сонгогдож байсан кёкүшюзан Д.Батбаярыг төрөлх Ховд нутгаа тэмцэж ирэхэд нь хувийн амбийцдаа дийлдээд намын эрх ашгийг уландаа гишгэсэн хэмээн Ховд аймгийн АН-ын гишүүд шүүмжлэлтэй хандаж байна. Угаасаа УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагааны үеэр Ховдынхон АН-ын дарга Н.Алтанхуягийн зөвлөх Н.Хүрэлсүхийг нэр дэвшүүлнэ хэмээн хүлээж байсан боловч намынхаа эв нэгдлийг илүүтэй хичээсэн АН-ын дарга арга буюу фракц хоорондын зөрчилдөөнөөс зайлсхийн зөвлөхийнхөө нэрийг хойшлуулсан гэдэг. Ховдын 12 мянган сонгогч АН-д саналаа өгөөд байхад аймгийн АН-ын дарга Б.Пүрэвдорж тэдний ядаж тал хувийнх нь саналыг татаж чадаагүй нь намынхаа ажлыг “Баруун Монгол интернэшнл” компанийн махны үйлдвэрээсээ долоон дор хийсэн гэх шүүмжлэл дагуулж байна. Ер нь Ховдод нэгэн бие даагчийн авсан санал АН-ын нэр дэвшигчдийн нийт саналын тооноос ч давсан. Гэтэл өмнөх сонгуульд Р.Амаржаргал УИХ-д сонгогдож, Н.Хүрэлсүх дангаараа 11,8 мянган санал авч байжээ.

Сонгуульд ялагдал хүлээвэл долоо хоногийн дотор АН-ын хорооны хурлаа хийж, ажлаа өгнө гэж байсан Б.Пүрэвдорж одоо ч таг чиг. Харин шинэ Засгийн газрын өнгөнд гаалийн дарга болно гэж яваа сурагтай. Тэр “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаан хугацаагаар ажил тасалсан тул Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч Бөхчулууны Пүрэвдоржийг 2010 оны 2 дугаар сарын 5-ны өдрөөс гаалийн албанаас халсугай” гэсэн ГЕГ-ын даргын өмнөх тушаалыг мартсан бололтой.

Мөн Ховд аймгийн Засаг даргаар Г.Нямдавааг томилогдоход санхүүгээ сайн барь гэж тооны машин, архи бүү уу гэж аягатай сүү, дутагдлын хажуугаар дуугүй өнгөрч болохгүй гэж томруулдаг шилийг АН-ын даргын суудлаас дээгүүр толгойлон өгч байсан юм. Гэтэл Б.Пүрэвдоржийн махны үйлдвэрийнхээ нэр дээр ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас авсан 800 сая төгрөгийн хугацаа хэтэрсэн зээл нь Г.Нямдаваагийн томруулдаг шилэнд өртөн сонгуулийн шоу болж, мууд муухай нэмэр болжээ. Махны үйлдвэрийн дарга Ө.Түвдэндоржид дипломат ногоон паспорт гаргуулж өгсөн Г.Нямдаваа ч АТГ-ын хаалга татаад байгаа.

Ховдын АН-ын гишүүд хорооны хурлаа хүлээж, орон нутгийн сонгуулийг шударга явуулахыг хүсч байна.

Х.Аянга  http://www.shuud.mn/%D0%B4%D1%8D%D1%8D%D0%B3%D2%AF%D2%AF%D1%80-%D1%82%D0%BE%D0%BB%D0%B3%D0%BE%D0%B9%D0%BB%D0%B6-%D0%B4%D0%BE%D0%BE%D0%B3%D1%83%D1%83%D1%80-%D1%81%D1%83%D1%83%D0%B2/


URL:

Сэтгэгдэл бичих