Гацаа…
Засварын ажлаас хамаарч замын түгжрэлээр эхэлсэн өдрүүдийг ганцхан үгээр “гацаа” гэнэ. Долоо хоногийн эхний өдрүүдэд энд, тэндхийн замыг хааснаар нийслэлийн замын хөдөлгөөн зогсонги байдалтай болов. Харин лхагва гаригт МАХН-ын дарга Н.Энхбаярыг шүүх хурал гацаанд оров. Гэсэн ч төд удалгүй шүүх хурлыг дахин хойшлуулав. Дараагийн шүүх хуралдааныг энэ сарын 31-нд гэж товлолоо. Шүүх хурлыг Н.Энхбаярын өмгөөлөгчид ирээгүй болон гавъяат хуульч С.Нарангэрэлийг ээлжит өмгөөлөгчөөрөө авч, хавтаст хэрэгтэй танилцаж амжаагүй гэсэн шалтгаанаар хойшлуулсан юм. Ингэснээр Н.Энхбаярыг шүүх хурал тав дахь удаагаа гацав. Энэ мэт шалтгаанаас үүдээс энэ жилийн эцэст шүүхээр шийдэгдсэн хэргийн тоо эрс буурах бололтой. Энэ хэрэг ер нь шийдэгдэх эсэх нь ч тодорхойгүй болж байна. Долоо хоногийн эхээр эвсэх санал авсан МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл мань хүнийг шоронд явуулахыг зөвшөөрөхгүй нь ойлгомжтой. Тиймээс ял хэлтрүүлэх саналыг хамгийн түрүүнд тавих нь гарцаагүй. Үүнээс болоод номер нэгийг шүүх ажил ч гацлаа. Цаашид номер нэгийг шүүх үү, эсвэл тэр чигт нь хэргийг царцаах уу гэдэг нь ирэх өдрүүдэд тодорхой харагдах байх.
Ямартай ч Ардчилсан нам ИЗНН, “Шударга ёс” эвсэлтэй хамтран Засгийн газрыг байгуулахаар боллоо. Ингэхдээ ИЗНН-д нэр сайдын суудал, “Шударга ёс” эвсэл дөрвөн сайдын суудал өгөхөөр болжээ. Батлагдаагүй ч эх сурвалжуудын хэлж буй нэгэн мэдээлэл нь М.Энхсайханыг Сангийн сайдаар тавихаар тохиролцсон тухай яриа. Хэрэв энэ нь үнэн бол Ардчилсан нам хамгийн гол сайдын суудлаа өгөхөд хүрсэн нь цаанаа маш том тохироо бий гэх харыг дагуулж байна. Зарим нь ингэснээр ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд дээрх намууд эвсэл болж орно гэдэг тохироог хийсэн ч гэж байна. Хэрэвзээ энэ нь үнэн бол Н.Энхбаярт дараагийн сонгуулиар дахин нэр дэвших боломж олгохгүй гэсэн үг. Ямартай ч таамаг төдийхөн иймэрхүү мэдээллийн дунд асуудал үргэлжилж байна.
Долоо хоногийн дундуур болсон бас нэгэн зүйл нь МАН-аас дахин мэндэлсэн жигүүр. Тэд амласан ёсоороо огцрохыг намынхаа удирдлагуудаас шаардаж, даруй бага хурлаа хийн сонгуулийн дүнд үнэлэлт дүгнэлт өгөх хэрэгтэйг анхааруулав. “Өглөө Ч.Улаан намаас гарахад орой нь шижигнэсэн 1000 залуу манай намд элсч байна” гэж томорч суусан намын удирдлагуудад “Ч.Улаан УИХ-д сонгогдчихсон байна” гэсэн шүүмжлэл ирэх нь гарцаагүй.
Нэрнээсээ “хувьсгалт” үгийг авч, сонгуульд оролцохдоо бүх хариуцлагыг өөрсдөө хүлээнэ гээд зарлаад байсан С.Батболд, У.Хүрэлсүх нар ялагдлынхаа хариуцлагыг хүлээж суудлаа өгөхөөс гарцаагүй байдалд хүрч байх шиг. Ямартай ч бага хурлынхаа товыг гаргасан. Тиймээс дараагийн удирдлагаар хэнийг сонгох хороо одооноос найруулаад эхэлсэн гэсэн үг. Эсвэл асуудлыг хэрхэн намжаах тухайгаа. Бүхнийг хүчээр шийдэж, асуудлаа хуучин аргаараа “маш нууц” гэсэн томъёоллоор нижгэнэсэн алга ташилтын дор хийж ирсэн тэднээс шинэчлэл үнэртэхгүй л болов уу. Тиймээс ч энэ бүхэнтэй холбоотойгоор МАН-д УИХ-ын болон Засгийн газрын үйл явц нэг их сонин биш. Харин ч эсэргээрээ чуулганд оролцохгүй гацаанд оруулж, барьцаалж байгаад маргаантай байгаа тойргуудаас суудлынхаа тоог нэмэх сонирхолтой байгаа. Тэрийг нь ч долоо хоногийн ажлын сүүлчийн өдрийн үйлдэл нь баталсан бөлгөө. УИХ-ын сонгууль дуусаад 24 хоног өнгөрсөн ч УИХ-ын даргаа сонгох асуудал гацаанд орсон хэвээр байна. Долдугаар сарын 6-нд УИХ-ын 69 гишүүн тангаргаа өргөж, бүрэн эрхээ баталгаажуулсан ч өнөөг хүртэл хурлынхаа даргыг сонгосонгүй. Мэдээж энэ нь хүчтэй цөөнх болсон МАН-тай холбоотой. Асуудлыг байнга өөрсдийнхөөрөө шийдэж ирсэн МАН энэ удаад цөөнх болсон ч сурсан зангаа тавилгүй “өөрсдөөс нь асуугаагүй” гэдэг шалтгаар УИХ-ын чуулганыг гацаав. Ингэснээр улс оронд тулгамдсан асуудлыг хэлэлцэх хугацаа дахин долоо хоногоор хойшлох болов.
Албан ёсоор бүлэг ч байгуулагдаагүй энэ мөчид МАН-ынхан “Манай намын бүлэгтэй УИХ-ын даргын асуудлаар зөвшилцөөгүй” гэсэн утгагүй тайлбарыг хийгээд буй.
Шинэ байгуулагдсан УИХ даргаа сонгохоос өмнө МАН анхныхаа хуулийг ийнхүү зөрчлөө. Улайм цайм мөнгө тарааж сонгогдсон гишүүдээс бүрдсэн тэд цаашид энэ мэт шантаажаа үргэлжлүүлэх нь ойгомжтой. Ирэх дөрвөн жилийн хугацаанд улс орны хөгжилтэй холбоотой асуудал тэдний санаачлагаар хэдэн удаа гацахыг ёстой таашгүй.
Өнгөрөгч баасан гаригт УИХ-ын даргаа сонгоод ажлаа эхлэх ёстой байсан УИХ-ын чуулганд АН, ИЗНН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл болон бие даагчид цугласан ч МАН-ын бүлгийн гишүүд ирсэнгүй. Хууль ёсоор хурлыг даргалах ёстой УИХ дахь хамгийн ахмад настан Д.Дэмбэрэл ч ирсэнгүй.
Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг тэднийг хүлээнгээ твитерээр МАН-ынханг чуулганд оруулж ирэх шахалтыг үзүүлэхийг жиргээчдээс гуйж байв.
Гэсэн ч тусыг эс олсон. Харин ч эсэргээрээ МАН-ынхан “Бидэнтэй зөвшилцөлгүйгээр хууль зөрчих гэж байна” гэсэн мессэжийг илгээхээс цааш хэтрээгүй.
Хэдийгээр Д.Дэмбэрэл УИХ-ын чуулганы танхимд орж ирсэн ч хуралдуулах бус завсарлуулах шийдвэрийг хэлж, алхаа цохисноор гарч одов. Энхрий хайрт намынхаа төлөө тэд ийнхүү асуудлыг гацаалаа. Хэдийгээр эвсэл болохоор тохиролцоод буй намууд бие даагчидтай нийлээд УИХ-ын чуулганыг явуулж болох ч тэгсэнгүй.
Хусмаа голсон гөлөг шиг “сүүлээ шарван” гарч одогсод ирэх дөрвөн жилд хичнээн удаа Засгийн газрыг огцруулан, чуулганыг хэдэн удаа гацаахыг мэдэхгүй байна. 1996-2000 онд долоон удаа Засгийн газар солигдсон рекордыг эвдэх гэж л үзэх болов уу?
Хийснээ дөвийлгөж, хуурснаа хаацайлдаг нь тэдний зан буюу.
Л.НАРАНТӨГС
URL: