Аймагтаа 10 түрүүлсэн харьшгүй хүчит арслан

Ардын хувьсгалаас өмнө Сэцэн хан аймаг Халх даяар алдаршсан хүчит бөхчүүдийн өлгий нутаг байв. 1805-1924 онд болсон Халхын Долоон хошуу даншиг, Арван засгийн 114 удаагийн наадмаас энэ аймгийн бөхчүүд 86 түрүү, 88 үзүүр авч (бүрэн бус мэдээгээр), монгол бөхийн түүхэнд мөнхрөн үлдсэн 13 том аваргын долоог нь төрүүлжээ.

Сэцэн хан аймгийнхан эрт дээр үеэс аав хүү, ах дүү бөхчүүдээрээ алдартай. Даншигийн шонхор Дансран, түүний хүү арслан Гэнэн, түүний хөвгүүд дархан аварга Өсөхбаяр, арслан Өсөхтөр (Түвдэн), Очир заан, түүний хүү Омбой заан, түүний хөвгүүд болох дархан аварга Гэлэгсэнгэ, дархан аварга Дугар, даншигийн аварга М.Дашрэнцэн (Мөррэнцэн), түүний дүү заан Жунай, даншигийн заан Самбуу, түүний хүү аварга Чүлтэм, даншигийн арслан Хас, түүний хүү улсын арслан Өлзийсайхан, түүний хүү улсын арслан Эрдэнэ-Очир, даншигийн начин, Алтан овооны аварга Н.Ваань, түүний хөвгүүд болох цэрэг, аймгийн арслан Дорждэрэм, аймгийн хурц арслан Намсрай, даншигийн начин “Жүрвий” хэмээх Х.Лувсандорж, түүний хөвгүүд болох аймгийн арслан Доосүрэн, улсын начин Дашдаваа нарыг дурдаж болно. Сүхбаатар аймгийн түүхт 70 жилийн баяр наадмын өмнөхөн эдгээр хүчтэний нэг болох аймгийн хурц арслан Ваанийн Намсрайн тухай онцлон өгүүлэхээр шийдлээ.

В.Намсрай нь 1927 онд Сүхбаатар аймгийн Асгат сумын Дөхөм гэдэг газар Н.Ваанийн долоо дахь хүү болон төрсөн. 1946 онд цэргийн албанд татагдаж, Байшинтын дивизэд алба хаажээ. 1948 онд Өндөрхааны морьт дивизийн наадам болоход төрсөн ах В.Дорждэрэм нь түрүүлж цэргийн арслан, өөрөө цэргийн начин цол хүртжээ. В.Намсрай нь 1950 онд цэргээс халагдаж, тэр жилээ Сүхбаатар аймгийн баяр наадмын түрүү үзүүрт ахыгаа давж анх удаа түрүүлсэн. Энэ нь түүний 10 түрүүний эхлэл байлаа. В.Намсрай арслан аймгийнхаа баяр наадамд 1950, 1952, 1953, 1954, 1955, 1956, 1958, 1959, 1961, 1969 онд түрүүлсэн харьшгүй хүчтэн юм. Тухайн үед аймгийн наадамд хоёр жил дараалан түрүүлсэн бөхөд хурц арслан цол олгодог байж. Сүхбаатар аймаг 1951 онд наадам хийгээгүй тул 1950, 1952 онд түрүүлснээрээ энэ цолыг хүртжээ. В.Намсрай арсланг аймагтаа 10 дахиа түрүүлдэг 1969 онд хүүхдийн барилдаанд том хүү Н.Бямбасүрэн нь түрүүлж харцага цол хүртсэн бэлгэ дэмбэрэлтэй сайхан явдал болсон юм.

Энэхүү хүчит бөхийн амжилтыг зарим ном, хэвлэлд ташаа тэмдэглэсэн байдаг. Жишээлбэл, Б.Цогтбаатарын “Аймгийн наадмын бөхийн магнай” (2005 он) номонд зургаа түрүүлж, тав үзүүрлэсэн, Д.Даваацэрэнгийн “Тал нутгийн бөхчүүд” (2002 он) номонд тав түрүүлж, тав үзүүрлэсэн хэмээн тэмдэглэжээ. Эхний номонд 1954, 1963 оны Сүхбаатар аймгийн баяр наадамд аймгийн арслан В.Дорждэрэм түрүүлж, аймгийн арслан В.Намсрай үзүүрлэсэн хэмээсэн байдаг. Угтаа хурц арслан В.Намсрай аймгийнхаа наадамд ахдаа өвдөг шороодож байгаагүй аж. В.Дорждэрэмийн эхнэр Б.Ичинхорлоо 2011 онд 80 настайдаа “Манай хүн дүүгээ наадамд давж үзээгүй” хэмээн ярьсан. Түүнчлэн төрсөн дүү В.Мядагмаа, В.Дуламсүрэн нар нь “Сүхбаатар аймгийн баяр наадам 1989, 1990 онд “Түмэн эх” дуугаар эхэлж, дараа нь манай ахын 10 түрүүлснийг зарладаг байлаа. Харин одоо дурсахаа ч больжээ. Хорвоо гэж хуурамч юм даа” хэмээн ярьсныг сонссон хүн олон.

В.Намсрай 1959 оны наймдугаар сарын 21-нд Халх голын дайнд ялсны 20 жилийн ой, Дорнод аймгийн наадамд Гурванзагал сумын харьяат улсын заан “Жороо хар” хэмээх Ч.Дугарсүрэнг дайрдаг дархан мэхээрээ давж түрүүлжээ. Тэрхүү наадмын гурвын даваанд 19 настай Л.Дашдавааг (1963 онд МБАТ-ий II спартакиадад 29 бөх тойргоор барилдахад 24 давж улсын начин цол хүртэж, улсын баяр наадамд 1967, 1974 онд зургаа, 1976 онд тав давсан), дөрвийн даваанд цэргийн арслан В.Дорждэрэмийг амалж хаяад байсан Ч.Дугарсүрэн заан түрүү үзүүрийн барилдааны дараа тахимаа өгөхдөө “Чи азтай эр юм” гэхэд “Би азтай биш адтай хүн. Ахынхаа чамд унасан хариуг авлаа” хэмээн мөчөөрхөж байсан гэдэг. Энэхүү наадамд түрүүлсэн В.Намсрайд олгосон “Өсөх идэр аварга” цолны үнэмлэх нь өдгөө түүний бага хүү Н.Бямбадоржид хадгалагдаж байна.

Аймгийн аварга шалгаруулах барилдаанд амжилттай барилдсаныхаа хүчинд Улаанбаатарт ирж, улсын томчуудтай тойргийн барилдаанд гар зөрүүлж явжээ. Тодруулбал, 1958 оны УАШБ-д 29 бөх барилдахад 17 давж 11, 1960 оны УАШБ-д 23 бөх барилдахад 12 давж 8-10, 1963 оны МБАТ-ий II спартакиадад 29 бөх барилдахад долоо давж 24 дүгээр байр эзэлсэн нь бөхийн оноо дансанд тэмдэглэгдэн үлдсэн байдаг.

В.Намсрай арслан нь нуруугаар нам ч нарийн бэлхүүстэй, махлаг өргөн цээжтэй, шалмаг барилдаанч, хамж дайрах, түрж хөөх, гуд татах мэхийг чадмаг угсруулан хийдэг, нутгийн олонд хүндлэгдсэн даруу төлөв сайхан бөх байжээ. УИХ-ын дэд дарга асан Ж.Гомбожавын Асгат сум байгуулагдсаны 80 жилийн ойд зориулсан “Асгатынхан” (2005 он) номонд
… Ваанийн Намсрай шиг барилддаг ч болоосой
Балжидын Очирпүрэв шиг худалч болоосой
Баяагийн Жанцан шиг бамтай ч болоосой
Ваанчигийн Жүгдэр шиг олон хүүхэдтэй ч болоосой …

хэмээсэн байдаг.

В.Намсрай нь 1969 онд Улаанбаатар хотод шилжин ирж, Намын Төв хороо, Засгийн газрын автобаазад улсын арслан Г.Цоодол, улсын заан Ч.Адъяа нарын хамт жолоочоор ажиллаж байгаад 1987 онд тэтгэвэрт гарсан юм. Энэ хугацаанд Ардын хувьсгалын 40, 50, 60, Японы империализмыг ялсны 30, Тээврийн байгууллагын 60 жил, “Бид ялав” медалиар шагнагдаж байв. 1988 онд 61 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн.

В.Намсрайн өвөг эцэг Намхай гэлэн долоон хөвгүүнтэй байсны Ваань, Ням, Лхам, Мижиднямбуу нар нь нутаг хошуундаа зартай сайн бөх, Арилдий нь Монголын алдартай тагнуулч байжээ. Түүнчлэн Асгат сумын “Бөх Мажиг”-ийг Намхай гэлэнгийн төрсөн дүү гэлцдэг. Н.Ваань (1900-1964) нь угсраа олон мэхтэй, шалмаг барилддаг, даншигийн начин цолтой бөх байсан. Эцгийн эдгээр шинжийг хүү Дорждэрэм, Намсрай нар нь өвлөн авсан юм.

Н.Ваань нь даншигийн начин, Алтан овооны аварга байсныг дээр дурдсан. Тэрбээр энэ тухайгаа 1946 онд хүүхдүүддээ хуучилсныг дор сийрүүлье. Тэрбээр “Би Алтан овооны наадамд Нооноотой (Их Норов аварга) түрүү үзүүрт үлдэж, гурвууланд нь давж түрүүлсэн. Энэ бол түүний гарт баригдаагүйн аз. Хэрвээ баригдсан бол муу аав нь өдийд ингэж шимийн архи гүзээлж суухгүй байхсан. Нооноо намайг барьж авбал гудас сэгсрэхээс амархан гуядаж хаях байсан. Тэрбээр намайг “Зээрднүүдийн муу шолго шар” гээд их муу байдагсан. Учир нь овоо тахилга болоход би түүний шарыг хөдөлгөх санаатай бүсэндээ хазаар хавчуулж очдог байлаа. Нооноо надтай барилдах гээд хөөхөд нь би баригдахгүй бултаж, хөл алдуулан өөрийнх нь бяр хүчээр шахуу гурав хаясан ч хожим айж л явдаг байсан” хэмээн ярьжээ. Тэр үед овооны наадамд гурав түрүүлсэн хүнд хошуунаас аварга цол олгодог журамтай байв. Н.Ваань Алтан овооны наадамд 1912 онд гурав дахиа түрүүлсэн ч түүнээс хойш энэ хайрхныг тахилгүй 100 жил болсон түүхтэй. Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар энэ сарын 8-нд тахисан юм. Н.Ваанийг нэгэн удаа Байшинтын наадамд очиж зодоглоход “Гадны бөх” хэмээн гадуурхжээ. Тэгэхэд “Тарган нь түрүүлдэг бол танайхан, тартай нь түрүүлдэг бол би түрүүлнэ” гэж ам гараад хэлсэндээ хүрч байв. Манж нар Дарьгангын үзэсгэлэнт уулыг “Захын хар өндөр” гэдэг байсан ба 1770-аад оноос “Алтан овоо” хэмээн нэрлэж, жилд хоёр удаа тахиж наадам хийж байх журам тогтжээ.

Манжийн ноёрхлын сүүлчийн жилүүдэд Дарьганга хошуунд адуун сүргийн “Амбуугийн хүүхдүүд” гэж ах дүүсээрээ алдаршсан олон сайн бөх амьдарч байжээ. Н.Ваань нь Амбуугийн охин Сувдтай (1904-1968) ханилан сууж, есөн хүүхэд төрүүлсэн юм. Амбуугийн хүү Ишжамба, Пил гэж ах дүүс одоогийн Сүхбаатар аймгийн Халзан сумын Хатавчийн хийд орчмоор нутаглаж байсан алдарт бөх юм.
Ишжамба 17 настайдаа Алтан овооны наадамд анх зодоглон түрүүлжээ. Энэ наадамд түүнийг барилдахаар очиход нутгийн бөхчүүд шинжиж “Хойт майханд унтаж байгаа хүү охин барын шинжтэй юм байна. Тэр л түрүүлэх байх” гэсэн нь ёсоор болсон. Гэтэл хошуу ноён “Шалдан бандид түрүүгээ өгөхгүй” гээд дахин наадам хийж байсан гэдэг. Түүнээс хойш Ишжамба Алтан овооны наадамд дөрвөн удаа түрүүлж байв.

Тэрээр их хүчтэй, арал бяртай, дөрвөлжин барьцнаас халж суйлах, өргөх мэхийг гарамгай хийдэг байсан. 1900-гаад оны эхээр болсон Хан Хэнтий уулын наадамд зодоглох зөвшөөрлийг хошуу ноёноосоо авч, 512 бөх барилдахад С.Чүлтэм аваргатай үлдэж түрүүлсэн гэдэг. Ишжамба аваргад хошуу ноён нь хараал хийлгэж үхүүлсэн гэдэг яриа бий.

Пил аварга маш өндөр сүрлэг, өргөн цээжтэй, ханхайсан том биетэй, бэлхүүсээрээ нарийхан бөх байжээ. Тэрээр Алтан овооны наадамд найм, өвөрлөгч 49 хошууны наадамд олон түрүүлж, дархлуулсан цуутай бөхийн нэг юм. 1901 онд VIII Богд Сэцэн хан аймагт залрахад зориулж хийсэн наадамд домогт Ш.Намхай аваргыг хав дөрвөлжин барьцнаас хавирч өвдөг шороодуулж байжээ. Пил аварга энэ тухай хожим “Намхай аварга гэдгийг чинь би хаяхааргүй юм билээ. Сэрвүү барилдаантай, надаас биеэр өндөр тул хав дайрах гээд байхаар нь би амжаад хавирчихсан юм. Гэнэдсэн байх” хэмээн ярьсан аж.

Пил аварга 1917 онд Арван засгийн наадамд Лувсандаш арслантай таарч хоёр удаа хаясан ч “Гадны бөх” хэмээн хавчиж, хайнцсан гээд гурав дахиа барилдуулжээ. Энэ удаа Пил аварга Лувсандаш арслангийн шуудгийг тасдсан учир зориуд унасан болгож байжээ. Пил аваргын хүү Цэнд, түүний хөвгүүд нь Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат аймгийн алдарт уяач Ганхуяг, Монгол Улсын манлай уяач, аймгийн заан Онгуу нар юм.

Энэхүү нийтлэлийнхээ гол баатар В.Намсрайн төрсөн ах В.Дорждэрэмийн (1925-1973) тухай дурдахгүй өнгөрч яавч болохгүй. Тэрбээр Асгат сумын харьяат, жолооч мэргэжилтэй. Байшинтын дивизэд байхдаа цэргийн заан цол хүртсэн бөгөөд 1948 онд Өндөрхааны морьт дивизийн наадамд түрүүлж цэргийн арслан цол хүртсэнийг дээр дурдсан. В.Дорждэрэм нь 1951 оны улсын баяр наадамд дөрөв давж, дархан аварга Ш.Батсуурьт өвдөг шороодсон юм.

Д.НАНЖИД


URL:

Сэтгэгдэл бичих