Хууртах гашуун, хууртсанаа мэдэх түүнээс ч гашуун
Бид цөмөөрөө үнэнд дуртайгаа тунхагладаг. Бид “Үнэн хаана байна” гэж үргэлж нэхдэг. Бид бусдыг үнэний гэрэлд гарахыг хүсдэг, шаарддаг атлаа өөрөө түүнтэй нүүр тулбал яахыгаа тэр бүр боддоггүй.
Үнэн бол үнэнээ дагуулж ирдгээс биш аз жаргал дагуулж ирдэггүй, ялангуяа хууртагдаж явсан ард түмэнд. Хууртагдах гашуун, хууртсанаа мэдэх түүнээс ч гашуун.
Үнэнтэй нүүр тулсан худал хуурмагийн хана хэрэм нурж унадаг. Гэтэл тэр хэрмэнд үүр, оромжоо зассан хууртагдагсдын итгэл найдвар, оршин тогтнуулж байсан үнэт зүйл хамт нуран унана. Үнэнтэй учрах нь сайн бөгөөд гарцаагүй боловч өсөхөөс өдий хүртэл чамтай хамт үүсч бэхэжсэн итгэл үнэмшлийнхээ баганыг хугаран унахтай эвлэрэх шаардлага заавал гарна.
Монголын ардчиллын хамгийн хүнд нь улс төрийн системийг шинэчлэх, чөлөөт зах зээлд шилжих явдал байгаагүй. Харин хууртагдаж явснаа мэдрэх, худлаа юманд үнэмшиж явснаа хүлээн зөвшөөрөх л хамгийн хүнд нь бөгөөд одоо ч шийдэгдэж дуусаагүй асуудал хэвээр байна.
Хамгийн тод жишээ бол МАХН. Өнөөдөр үнэн түүх, жинхэнэ нэрээ сэргээж буй МАН, жинхэнэ үүсгэн байгуулагч ба үүсгэн байгуулсан мэтээр нэрлүүлэгчийн эргэн тойронд ямар их дарамт, эсэргүүцэл өрнөж байна?? МАН-ыг жинхэнэ байгуулсан эзэн, анхлан удирдсан улстөрчийн үнэн түүхийг хүлээн авахад яасан хүнд байна вэ? Нэг талаас У.Хүрэлсүх, С.Батболд эд нар МАХН гэдэг үгнээс жигшээд, нөгөө талаас Энх ба Шинэ баярууд МАХН гэдэг үгэнд дурлаад ч байгаа юм биш. Бас хэсэг хүн хөшөө байвал нураая гэж дүвчигнээд, эсрэг талд нь хөшөө болгоныг хамгаалах санаатан тодроод ч байгаа юм биш.
Харин нэг хэсэг нь үнэнтэй айлгүй нүүр тулах гэж үзээд нөгөө хэсэг нь хууртагдаж явснаа хүлээн зөвшөөрч тэвчихгүйд л байгаа юм. Бас бидний мэдэх “Өглөө” кинон дээр “авч өгч сурсан самбай янчаан хоёр оо” гэдэг шиг олон жил хуурч, хууртагдах замаар болоод л ирсэн улс төрийг энэ хэвээр нь аваад явбал хялбар гэсэн итгэл үнэмшил ч бас байгаа.
Өнөөдөр мөн Сүхбаатарын зохиомол ба бодит түүх, түүний хөшөөг сэргээх, солихтой холбоотой бүхий л маргаан ч мөн л хууртагдаж явснаа мэдэхийн зовлонтой холбоотой. Хуучин Халхын Сэцэн Хан ба Түшээт хан аймгуудын нутгаас таслан Сүхбаатар нэртэй аймаг байгуулсан нь 60-аадхан жилийн өмнөх л явдал аж. Гэтэл өнөөдөр ямархуу хэмжээнд өөр ойлголттой болчихсон нь мөнөөх л хууртагдаж явсны зовлон, хууртагдаж явснаа мэдэхийн гашуунаар тайлбарлагдана.
Тэдний зарим нь түүхийг мушгилаа гэж эсэргүүцээд байгаа хэрэг биш. Харин мушгиастай байдлаараа дассан түүхийн эрчлээсийг задалсанд хямраад байгаа юм аа. Үнэн гэдэг бол гарцаагүй оршин тогтнох арга болохоос биш учрах бүрийд баяр хөөр бэлэглэгч огт биш. Үнэн үргэлж хамт байхад таатай болохоос биш салаад эргэж уулзахад гоё зүйл бас биш. Гэхдээ түүнээс зайлах аргагүй.
Чухам эндээс л нэгэнт нурж байгаа барилгыг дэмий додомсон, тэртэй тэргүй тэлж буй ан цавыг утгагүй бөглөсөн, урт удаан зовлон эхэлдэг юм. Ингэснээрээ тэр барилгын суурин дээр сүндэрлэх шинэ цагийн ордны үүдээ нээх хугацааг улам цаашлуулж, өөрөө ч шинэ сайн орчинд амьдрах бололцоогоо холдуулсаар байдаг.
Миний багад нэг ийм явдал болсон юм. Аргамжаатай номхон морио хөтөлж авчраад байх хэмжээний болчихсон байж. Нэг өглөө ямар эз нь хатгасан юм, бүү мэд. Морио зүгээр хөтлөөд харихын оронд унаад явахаар шийдлээ. Тэгээд нэг цохионы дунд аваачаад том чулуун дээр гарч байгаад мордов. Мордонгуут морь маань тонгойжээ…. ер нь мориноос унах технологи сонирхуулах гэж байгаа биш болъё. Унаад тохойгоороо бэртсэн, тэгээд нэг бариач ирсэн. Тэр чавганц “булчин тасарч” гээд илээд байсан. Гэтэл миний гар өвчин нь намдан бороолж эхэлсэн боловч хэд хоногоос тохойгоороо тэнийхгүй, алга дээшээ харахгүй болчихлоо. Манайхан ч сандарч нэлээд холоос Довчинбат гуай гэдэг өвгөнийг авчирлаа. Тэр ачтан миний бороолж байсан тохойг дахин задалж, мултарсан хэсгийг эвэнд оруулсан юм. Ээ бурхан минь, яасан их өвдсөн гэж санана. Наркозгүй мэс засал л юм уу даа. Хэрвээ би өвдөхгүй гэвэл үүрд татанхай болж үлдэх, үүрд татанхай болохгүй гэвэл өвдөлтийг давж гарах, ийм л сонголт байжээ.
Үнэн худал хоёрын халалцах мөч ч ийм. Хүний итгэл үнэмшил дотор буруу эвлэж бороолсон хэсгийг задалж, үнэн хэвд оруулахад үнэхээр сэтгэл үнэхээр хямран өвдөнө. Сэтгэл өвдөхгүй гэвэл буруу эвлэсэн худал хуурмагтайгаа оюуны санааны хувьд тахир татуу үлдэнэ. Өвдөхгүй нь сайхан боловч нийтээрээ үнэнтэй хөл нийлж, даяаршин байгаа энэ хорвоод чи улам муухай, улам эрэмдэг харагдана, гадуурхагдана. Үнэнтэй нүүр тулах мөчийн хямралыг хэдийчинээн зоригтойгоор давна, хэвийн эрүүл орчинд, бусдын нэгэн адил, үнэнтэй айх юмгүй нүүр тулж амьдрах боломж бүрдэнэ.
Өдрийн сонин:
URL: