”Монголчууд бахархаж байгаа гэж бодож байна”

“Тираннозавр Батаар” үлэг гүрвэлийн араг ястай холбоотой хэргийг өмгөөлж энэ асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өмнөөс оролцож байгаа  АНУ-ын иргэн, өмгөөлөгч Роберт Пэйнтер өөрийн хамтрагч Ларри Юьрс, Адам Кейг нарын хамт Монголд ирээд байна. Тэд Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим”-д сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.

Ноён Роберт Пэйнтер хэлэхдээ “Өнөөдөр бид Монголын алдарт “Тираннозавр Батаар”-ын талаарх шинэ мэдээллийг хүргэх гэсэн юм. Энэ бүхэн яаж эхэлсэн талаар эхнээс нь ярья. Бид Хьюстон мужийн Техасаас гаралтай хүмүүс. Тавдугаар сарын оройн зургаан цаг 30 минутын үед Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос “Тираннозавр Батаар”-ын талаар и-мэйл хүлээж авсан. Түүнээс “Монголын маш ховор динозаврын араг яс хууль бус замаар хил нэвтэрч ням гаригт дуудлага худалдаагаар орох гэж байна” гэсэн мэдээллийг  авсан. Бид Монголын төрийн нэрийн өмнөөс энэ “Тираннозавр Батаар”-ыг бусдын гарт үрэгдэхээс өмнө эргүүлж авах талаар хэрэг үүсгэж хуулийн байгууллагуудад хандах боломжийг судлая гэж шийдсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс үргэлжлүүлэн ажиллах  зөвшөөрөл авсны дараа эхлээд шүүгч хайсан. Бямба, ням гаригт Техасын шүүхийнхэн амардаг учраас баасан гаригийн тэр оройдоо амжуулж шүүгчийг олох явдал чухал байсан. Бараг хоёр цаг гаруй шүүгч хайж утасдсаны эцэст Даллас мужийн Карлос Куртис гэдэг шүүгчтэй холбогдож чадсан. Энэ шүүгч бямба гаригийн өглөө уулзахаар тохирсон. Тэр шүүгч уулзахдаа хамгийн түрүүнд “Яаж хэн нэгэн Монголын говиос “Тираннозавр”-ын ясыг хулгайлж чаддаг байна” гэж надаас асуусан.

Эрхэм шүүгчээ би энийг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ энэ хэрэг маш том маш ач холбогдолтой болох нь ойлгомжтой гэж хэлсэн. Тэр оройдоо би эрхэм шүүгчид холбогдох материалуудыг цуглуулж өгсөн.

Үүний дотор Ерөнхийлөгчийн зөвлөх П.Цагааны гарын үсэг зурсан мэдэгдэл байсан. Энэ нь Монголын болон олон улсын хуулийн үүднээс үзвэл Монгол улсаас “Тираннозавр”-ын ясыг гаргах нь хууль бус хэрэг гэдгийг мэдэгдсэн байсан. Ноён П.Цагааны явуулсан мэдэгдэл болон Монгол Улсын Ерөнхийлөгчөөс илгээсэн нэхэмжлэл нь энэ дуудлага худалдааг зогсоох талаар байсан.Тус нэхэмжлэлийг хүлээж авсныхаа дараа тэр шүүгч нэн даруй дуудлага худалдааг түр хугацаагаар зогсоох хэлэлцээрт гарын үсэг зурсан. Тэр даруй би өөрийн хамтрагч Эндрью Кингийн хамт Нью-Йорк хот руу нисэж “Heritage” дуудлага худалдааны газар очсон.

Шүүгчийн шийдвэр нь тус дуудлага худалдааны газрын дуудлага худалдааг түр хугацаагаар зогсоож, динозаврын араг ясны өмчлөлийг хэн нэгэнд энэ хугацаанд шилжүүлэхийг хориглосон юм. Тэр өдөр “Heritage” дуудлага худалдааны газар очиход яснаас  гадна нэлээн олон зүйл дуудлага худалдаагаар зарж байсан.

Тэнд байх үедээ тэр дуудлага худалдааны байгууллагын ажилтнуудын яриаг сонссон. Тэд хэдийгээр шүүгчийн шийдвэр гарсан ч дуудлага худалдааг хийхээр завдаж байгааг би тэдний ярианаас олж мэдсэн. Тэрийг олж мэдсэн даруйдаа би шүүгч рүү яриад шүүхийн шийдвэрийг зөрчин дуудлага худалдааг үргэлжлүүлэх гэж байгааг мэдэгдсэн.

Гэтэл шүүгч миний шийдвэр бол санал болгож байгаа хэрэг биш, миний шийдвэрийг зөрчин дуудлага худалдааг явуулбал зургаан сарын турш хоригдох болно гэдгийг дамжуулж хэл гэсэн. Гэтэл “Тираннозавр Батаар”-ын араг яс худалдагдахаар тайзан дээр гарч ирсэн. Тэр дуудлага худалдааны компанийн захирал худалдаа явуулж байгаа хүнд жижигхэн мэдэгдэл өгсөн байсан.

Дуудлага худалдаа явагдана, гэхдээ энэ шүүхийн шийдвэрийг харгалзаж үзэх ёстой гэсэн тийм мэдэгдэл байсан. Дуудлага худалдааны газар энэ үед дуудлага худалдааг эхлүүлэн шүүхийн шийдвэр зөрчсөн. Аз болоход “Тираннозавр Батаар”-ын араг яс агуулахад найдвартай газар байсан. Хэн ч түүнд нэвтрэх эрхгүй гэдгийг бид олж мэдсэн. Бид  Даллас руу буцаж очин тухайн дуудлага худалдааны компанийг шүүхийн шийдвэр зөрчсөн гэсэн үндэслэлээр шалгуулах, ял оноолгуулахаар  төлөвлөж байсан. Гэтэл тус компани ямар алдаа гаргаснаа ухаараад Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлсэн. Тэд Монгол улсаас томилогдсон эрдэмтдэд тухайн ясыг судалж Монголын говиос олдсон гэдгийг нотлох боломж олгохыг зөвшөөрсөн. Яг тэр үед АНУ-ын прокурорын газарт хандсан.

Прокурорын газар бол ХЗДХЯ-ны дор байдаг хууль зүйн системийн нэгэн хэсэг АНУ-ын Засгийн газрын өмнөөс хэрэг үүсгэх, нэхэмжлэл гаргах бүрэн эрхтэй. Энэ хэргийг прокурорт мэдүүлэх үед тэд Монгол Улс бол АНУ-ын маш том үнэ цэнэтэй түнш, анд нөхөр юм гэж хэлсэн. Манай хоёр улс маш сайн, ойр дотно харилцаатай байдаг учраас АНУ-ын Засгийн газар Монгол Улсын Засгийн газартай үндэсний их баялаг болсон энэ олдворыг буцаан өгөх талаар хамтран ажиллахаа мэдэгдсэн.

Бид ярилцаад “Тираннозаврын ясыг 1920-иод оны үед ч байна уу, түүнээс өмнө ч гаргасан гэсэн Монгол Улсын тухайн үеийн хууль тогтоомжийн дагуу энэ нь хууль бус ажиллагаа байсан гэдгийг нотлохуйц хууль эрх зүйн актуудыг дэлгэрэнгүй гаргахаар төлөвлөсөн. Монголын тал түүн дээр Ц.Оюунгэрэл гишүүний шуурхай ажиллагааны дүнд тэр жагсаалт бэлэн болж ирсэн.

Ингээд АНУ-ын Засгийн газар тухайн “Тираннозавр Батаар”-ын ясыг хурааж авах шийдвэрийг гаргасан. Мөн тэр үед Нью-Йорк хотод Монголын болон Хойд Америкийн тэргүүлэх палеонтологийн тэргүүлэх эрдэмтэд “Тираннозавр Батаар”-ын ясанд судалгаа шинжилгээ хийгээд ямар ч эргэлзээгүйгээр Монголын говиос олдсон “Тираннозавр Батаар”-ын араг яс мөн гэдгийг баталсан. Палеонтологчид “Засгийн газар нь өөрийн орны үндэснийхээ үнэт зүйлийг эргүүлж авахын тул маш хурдан арга хэмжээ авч байгаа анхны тохиолдол юм. Бусад орны төр засгийн тэргүүнүүдэд үлгэр жишээ болох болов уу” гэж найдаж байгаагаа хэлж байсан. Хэдэн долоо хоногийн өмнө Тираннозавр Батаар”-ын араг ясыг агуулахаас хурааж аваад АНУ-ын Засгийн газрын хамгаалалтад шилжүүлэхийг харах нотлох сайхан завшаан олдсон юм.

Одоо дээрх хэрэг Холбооны шүүхэд шилжчихсэн байгаа. АНУ-ын Засгийн газар “Тираннозавр Батаар”-ын араг ясыг Монгол улс руу буцаах хэргийг нэхэмжилж тухайн хэргийг мэдүүлсэн байгаа. Шүүхийн ажиллагаа үргэлжлэх явцад “Тираннозавр Батаар”-ын араг яс АНУ-ын хамгаалалт дор аюулгүй байдалд хадгалагдаж байгаа.

Бид мөн “Тираннозавр Батаар”-ыг худалдсан хүнийг олж тогтоосон. Эрик Прокафи гэдэг. АНУ-ын иргэн Эрик Прокафи Флоридад оршин суудаг. Өмнөд Ирландын Вант улсын иргэн Крис Мон гэдэг хүнтэй хамтарч ажилладаг. Эрик Прокафийн бидэнд мэдэгдсэнээр “Тираннозавр Батаар”-ын ясыг худалдаж авсан ямар ч баримт бичиг, зөвшөөрөл түүнд байхгүй. “Тираннозавр Батаар”-ыг Японоос сүүлийн арван жилийн дотор худалдаж авсан гэдгээ хүлээж байгаа.

Түүнд худалдаж авсныг нотлох юм юу ч байхгүй. Тэр хэнээс худалдаж авснаа санахгүй байгаа. Гаалийн ямар нэгэн мэдүүлэг ч байхгүй. Хил гаалиар нэвтрүүлсний тухайд Их Британиас оруулж ирсэн байна гэдгийг л нотолж байгаа.  Япон болон Монголтой хил гаалиар холбогдсон ул мөр олдоогүй.

Их Британиас АНУ руу олдворыг оруулж ирэхдээ гаалийн мэдүүлэг дээрээ 15,000 долларын үнэ цэнэтэй хэмээн мэдүүлсэн байсан. Гарал үүслийг мэдүүлэхдээ Монгол биш Их Британиас гаралтай хэмээн мэдүүлсэн байгаа. Мэдүүлэг дээр “Тираннозавр Батаар”-ын яс биш ямар нэгэн гүрвэлийн яс хэмээн мэдүүлсэн байдаг.

15,000 доллараар зарахын оронд 1 сая орчим доллараар зарахыг оролдсон байгаа. Дуудлага худалдаан дээр өмнө нь хэлж байсан шигээ Их Британиас гаралтай биш Монголоос гаралтай динозаврын яс хэмээн дуудлага худалдаанд оруулах гэж байсан.

Эрик Прокафи АНУ-ын хууль тогтоомжийн дагуу маш их асуудалд орооцолдоод байгаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн АНУ-ын Засгийн газарт хүсэлт тавьсны дагуу Эрик Прокафийг дэлгэрэнгүй мөрдөн байцаалтад оруулаад байгаа. Эрик Прокафи бол Монголын үлэг гүрвэлийн ясыг зарж борлуулж байгаа анхны тохиолдол биш гэдгийг бид нотолсон. Тэр ч байтугай Эрик Прокафийн зарахыг оролдсон эд зүйлсийг АНУ-ын Засгийн газар хурааж авч байсан тохиолдол хүртэл байгаа юм. Энэ бол анхных нь биш. Энэ хүнтэй холбоотой дөрөв дэх удаагийн хэрэг болж байгаа юм. Монголоос гаралтай үлэг гүрвэлийн ясыг сүүлийн нэг сарын дотор Калифорниос худалдсан мэдээлэл бидэнд байгаа.

Манай хоёр орон найрсаг дотно харилцаатай байдаг учраас АНУ-ын Засгийн газар өмнө зарагдсан динозаврын ясуудыг ч гэсэн Монгол улс руу буцаах үйл ажиллагаа явуулж эхэлснийг мэдэгдэхдээ маш их таатай байна.

Энэ хэргийн хувьд гэвэл ямар нэгэн хүн тэр олдворыг өөрөө эзэмшдэг гэсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргах хугацаа маш богино. Ямар ч хүн нэхэмжлэл гаргахгүй бол дараагийн нэг хоёр сарын дараа “Тираннозавр Батаар” эх орондоо буцаж ирэх боломжтой байгаа. Харин Эрик Прокафи болон өөр ямар нэгэн хүн энэ олдворыг эзэмшдэг гэсэн нэхэмжлэл гаргах юм бол удаж магадгүй.

Шүүхэд ямар ч ажиллагаа явагдсан түүнээс үл хамааран “Тираннозавр Батаар”-ын араг яс өөрийн эх орондоо маш богино хугацаанд эргэн ирнэ гэдэгт бид итгэлтэй байна. Энэ хэргийн гол эзэн болох Эрик Прокафи илэрсэн. Монгол Улстай холбоотой иймэрхүү үйлдлийг давтан гаргахад маш түвэгтэй, боломжгүй болсон гэж хэлж болно. Энэ хэрэгтэй холбоотой шинэ мэдээлэл хийхэд ийм байна. Бид энэ үр дүнгээрээ маш их бахархаж байгаа. Монгол улсын анд нөхөд байж, хоёулаа адилхан ардчилсан орон гэдэг утгаараа энэ дээр хамтран ажиллах боломж олдсонд маш их баяртай, бахархалтай байна.

Өөрийн орны үнэт баялгийг эргүүлэн авахад сэтгэл тавин хөөцөлддөг ийм хүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгосондоо Монголын ард түмэн маш их бахархаж байгаа болов уу хэмээн би бодож байна. Та бүхэнд баярлалаа” гэсэн юм.

Дараа нь сэтгүүлчид зарим зүйлийг тодруулан асууж байлаа.

ЭХ СУРВАЛЖ: WWW.PRESIDENT.MN


URL:

Сэтгэгдэл бичих