Хүүхдийн тоглоомын талбайн газрыг барилгын компанийнхан булаацалдаж байна

Чингэлтэй дүүргийн VI хорооны нутаг дэвсгэр буюу нийслэлийн 50 дугаар сургуулийн замын урд талын хүүхдийн тоглоомын талбайд барилга барих гэж байна гэсэн мэдээллийн дагуу манай сурвалжлах хэсэг газар дээр нь очлоо.

Энэ жил Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамжаар тус дүүргийн зарим хороодод ногоон байгууламж бүхий хүүхдийн тоглоомын талбай, ахмадууд нарлах саравч, сагсны талбай зэргийг багтаасан иргэдийн амралт чөлөөт цагийг өнгөрүүлэх газар байгуулж эхэлжээ.

Энэ ажлын хүрээнд тус дүүргийн VI хорооны 24, 25, 26 дугаар байрны өмнөх хүүхдийн тоглоомын хуучин талбайг шинээр тохижуулахаар болсон аж. Тус ажлын гүйцэтгэгчээр “Хүчит хан хөхий” компани ажиллаж, ажлынхаа 50 гаруй хувийг нугалаад байж.

Биднийг дээрх газар очиход тус компанийн ажилчид явган хүний зам тавьж байлаа. Тэд “Бид өнгөрсөн сарын 11- нээс ажлаа эхэлж, хүүхдийн тоглоомуудаа суурилуулж дуусаад байна. Өчигдөр (уржигдар) ажил тарсны дараа машинтай хүмүүс ирж “Бид энд 12 давхар барилга барих зөвшөөрөлтэй. Энэ манай газар учраас одоо хийж байгаа ажлыг чинь зогсоож барилгынхаа ажлыг эхлүүлнэ” гэж хэлсэн байна лээ. Нарийн учрыг нь бид сайн мэдэхгүй байна” гэв. 1528 ам метр тус талбайд хүүхдийн тоглоом, чийрэгжүүлэлтийн дасгал хийх техник хэрэгсэл суурилуулж, ногоон байгууламж, явган хүний зам, сандал, хогийн сав байрлуулахаар бүх зураг төсөл нь гарчээ. Захиалагч нь нийслэлийн Чингэлтэй дүүрэг бөгөөд талбайг ирэх есдүгээр сард ашиглалтад оруулах ёстой юм байна

Уржигдар орой болсон явдлын талаар “Дагина” СӨХ-ны хяналтын гишүүн Д.Нэргүйгээс тодруулахад, “Манай байрны өмнөх талбай дүүргийн хороодын хүүхдийн тоглоомын талбайг тохижуулах ажлын төлөвлөгөөнд орсон. Энэ дагуу ажил явагдаж байтал өчигдөр хоёр машинтай хүмүүс ирж тоглоомын талбайн хашааг нурааж барилга барина гэсэн. Оршин суугчид хэл ам хийгээд байсан болохоор тэд маргааш ирнэ гээд явсан. Энэ байр 1983 онд ашиглалтад орохдоо хүүх дийн талбайтай байсан юм. Тоглоомууд нь нэлээд хуучирч, зарим нь эвдэрсэн учраас энэ жил солихоор болсон. Гэтэл хэдэн жилийн өмнө энэ газарт орон сууц барих зориулалтаар хоёр компани зөвшөөрөл авсан юм билээ. Оршин суугчдын эсэргүүцэлтэй тулгараад барилгаа барьж чадалгүй өдийг хүрсэн” гэв.

24 дүгээр байрны орцны жижүүр Ц.Цэцгээгээс цөөн асуултад хариулт авлаа. Тэрбээр,

-Өчигдөр (уржигдар) оройн 22.30 цагийн үед машинтай хүмүүс ирж, тоглоомын талбайн хашаанд манаачийн шовгор байрлуулах гэж байсан. Гараад ямар учиртайг лавлатал “Манайх барилгын ажлаа хэд хоногоос эхлүүлэх гэж байгаа” гэсэн. Тэгээд оршин суугчдаа дуудаад барилга бариулахгүй гээд маргалдсан.

-Барилга барих гээд байгаа компани газрын зөвшөөрөлтэй гэсэн. Ямар даргын үед зөвшөөрөл өгсөн юм бол?

-Би 20 орчим жил энэ орцонд жижүүр хийж байна. Шадар сайд М.Энхболдыг нийслэлийн Засаг дарга байхад энэ шийдвэр гарсан гэдэг юм билээ. Эндхийн оршин суугчид барилга бариулахгүй гэж олон жил хөөцөлдөж байгаа. Манай орцонд гавьяат жүжигчин Жаргалсайхан амьдардаг. Гавьяат маань энэ газарт доор нь гарааш бариад, дээр нь тоглоомын талбай байгуулъя гэж оршин суугчидтайгаа яриад зөвшөөрүүлсэн. Уг асуудлаар холбогдох газруудад санал тавьж хөөцөлдөхөд энэ газар банкны барьцаанд байсан гэсэн. Манай ойр орчимд тоглоомын талбай байдаггүй. Хэрэв энд хүүхдийн тоглоомын талбай байгуулчихвал хүүхэд багачууд маань тоглож, ахмадууд нарлаж чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин бүрдэх юм. Тиймээс энэ хавийн иргэд энд барилга бариулахыг зөвшөөрөхгүй олон жил болж байгаа гэв. Хүүхдийн тоглоомын талбайд хэн гэдэг дарга зөвшөөрөл өгсөн талаар Засаг даргын орлогч Г.Ариунбуянтай утсаар холбогдож зарим зүйлийг тодруулахад,

-Тухайн үед хэн даргын үед ийм шийдвэр гарсныг хэлж мэдэхгүй байна. Манай Газрын албаныхан тэр үед гарч байсан тогтоолыг хайгаад олсонгүй. Тэндхийн оршин суугчдын удаа дараагийн хүсэлтээр тус газрын зөвшөөрлийг хүчингүй болгуулах талаар санал оруулж байсан.

-Тоглоомын талбайн тохижилтын ажилд хэдэн сая төгрөг төсөвлөсөн бэ?

-Оршин суугчдаас энэ талбайг тохижуулж өгөх хүсэлт манайд олон удаа ирсэн. Энэ дагуу дүүргийн төсвөөс 100 гаруй сая төгрөг гаргаж тохижилтын ажил хийж байна. Ирэх сарын 25 гэхэд ашиглалтад орох байх.

-Тохижилтын ажил хийсний дараа барилга барих компани газраа чөлөөлж өг гэвэл яах вэ?

-Энэ тоглоомын талбайн доогуур инженерийн шугам сүлжээ явж байгаа учраас барилга барих боломжгүй. Тэгээд ч тэндхийн оршин суугчид барилга бариулахгүй байх талаар тууштай тэмцэж байгаа гэв.

С.ЗАЯА


URL:

Сэтгэгдэл бичих