Э.Бат-Үүл: Өөрсдөдөө өргөө харш барьдаг дарга нар биш гэдгээ АН-ынхан харуулах болно

-ХОТ БАЙГУУЛАЛТЫН  ИНЖЕНЕРҮҮДЭЭ ДАГУУЛААД ХАМГИЙН ТҮРҮҮНД ГЭР ХОРООЛОЛ РУУ ЯВНА-

УИХ-ын гишүүн асан, НИТХ-ын тө­лөө­лөгч Э.Бат-Үүлтэй ярилц­лаа.

-Ерөнхий сайд томи­логдож, Засгийн газар эмхлэгдэхээр та хотын Засаг даргынхаа албыг авахаар хүлээж байна уу?

-Тэгнэ дээ.

-Одоо юу хийж бай­гаа вэ. Ерөнхийдөө амарч байна уу?

-Хотын ерөнхий тө­лөв­лөгөөний судалгаа тайлантай танилцаж бай­на. Нийслэлийн зураг төслийн хүрээлэнгийн тайланг үзэхэд их зөв зүйлүүд хийсэн юм байна. Японы “Жайка”-гаас  хотын ерөнхий төлөв­лө­гөөг их сайн гаргаж өгсөн юм билээ. Тайлангуудад “Гэр хорооллыг инже­не­рийн шугамд холбооч ээ. Ийм боломж байна” гэж зөвлөсөн байх юм. Ха­рамсалтай нь үүнийг ажил хэрэг болгох тал дээр ямар ч алхам хий­гээгүй юм байна. Тө­лөв­лө­гөөн дээр нь ингэж бичсэн байхад яагаад намайг гэр хороолол руу инженерийн шугам татна гэхэд  дарга нар “Тийм боломж байхгүй” гээд бай­сан юм бол гээд гай­хаад сууж байна.

Ер нь нийслэлийн ерөн­хий төлөвлөгөө  бат­лагдахаас өмнө иргэнд газар өмчлүүлэхээс бу­сад газар эзэмшүүлэх, өмчлүүлэх ажлыг хотын хэмжээнд зогсоох хэрэг­тэй юм байна. Үүнээс өөр арга алга. Ерөнхий тө­лөвлөгөө батлагдсаны дараа бүтээн байгуу­лал­тад зориулсан газар ол­голтын ажлыг үргэлж­лүүлэх хэрэгтэй юм байна гэж бодоод сууж байна.

-Засаг даргынхаа албыг аваад хамгийн түрүүнд юу хийх гэж байна вэ?

-Хот байгуулалтын ин­женерүүдээ дагуулаад хамгийн түрүүнд гэр хо­роолол руу явна. Гэр хороололд төлөвлөлт хийг­дээгүй байгаа. Тий­мээс энэ төлөвлөлтийг маш хурдан хийнэ. Гу­дам­жийг нь засна. Гэ­рэл­түүлэг тавихаас эхлээд ажил ундарна даа.

-Ерөнхий төлөв­лөл­төө гаргаж байгаа юу?

-Төлөвлөлтийг заавал оршин суугчдаас асууж байж хийнэ шүү дээ. Хуу­линдаа ч ингэж заасан байгаа.

-Дэнжийн мянга руу дулааны шугам татаж байгаа юм билээ. Энэ ажил явдгаараа явах уу?

-Тэгнэ.

-Хотын захиргааг хэзээ нүүлгэх вэ?

-Сүхбаатарын тал­байн хажуу талд  ажил­лаж байгаа захирагчийн албын байрыг бүхэлд нь үйлчилгээний төв бол­гоно. Хотын иргэдийн асууд­лыг ямар ч чирэг­дэлгүй шийддэг нэг цэгийн  үйлчилгээний төв болгоно. Харин хотын захиргааг гэр хороолол руу нүүлгэнэ.

-Амины орон сууцны хороолол байгуулна гэ­хээр газрын асуудал эхний ээлжинд тавиг­дах байх даа…

-Оршин суугчидтай уулзаж, төлөвлөгөөгөө ярина.  Тэгэхгүй бол гу­дам­жинд зам тавих гэтэл айлын хашаа тээглэнэ. Үүнийг эмхэлж цэгцлэх шаардлага тулгарна. Үүний дараа төлөв­лө­гөөний дагуу хашааных нь газрыг өмчлүүлнэ.

-Сая Яармагт цуу яриагаар очиж бужиг­налдсан шиг юм болох юм биш байгаа?

-Зөвхөн Яармагт ч биш энд тэндгүй тийм үйл ажиллагаа болсон байна лээ. Манай иргэд үнэндээ байж ядаж байна. Яагаад гэхээр мөнгөтэй эрх мэ­дэлтэй хүмүүс нь дуртай газраа авдаг, жирийн иргэдэд тийм эрх байхгүй учраас газрын төлөө тэгт­лээ зүтгэж байгаа юм. Яахав Яармагийн асуу­далд бага зэргийн өдөөн хатгалга байсан л байх. Гэхдээ иргэд газрын тө­лөө тэгж явж байна гэдэг нь нэг зүйлийг хэлээд байна. Мэдээж бид хууль ёсны дагуу иргэддээ газ­рыг нь өмчлүүлнэ. Түүн шиг бужигнаан бол­гох­гүйн төлөө ажиллана. Ер нь нийслэлд өгч болох бүх газрыг иргэддээ ижил тэгш олгох ёстой. Ингэж байж хот руу нүүх их нүүд­лийг багасгана. Улаан­баа­тар хотод хоосон га­зар л харагдаад байвал хүмүүс нүүж ирээд л бай­на гэсэн үг.  Тиймээс бүх газрыг эзэнтэй болгочих хэрэгтэй.

-Газар олгох ажлыг үүрэн телефоны ком­паниас утас, дугаар авах­тай адил болгоно гээд байсан. Үүнийгээ хэрэгжүүлэх үү?

-Гэр хорооллын иргэд мэдээж хашааныхаа газ­рыг өмчилнө. Нийслэлд одоогийн байдлаар 800 гаруй мянган иргэн ши­нээр газар авах шаард­лагатай болчихоод бай­на. Тэгэхээр тэдэнд энэ Улаанбаатарын газар хүрэлцэхгүй. Гэхдээ иргэн бүр 0.07 га газар эзэм­шинэ гээд хатуу ойлго­чих­сон байна лээ. Уг нь хуульд заахдаа 0.07 га хүртэл газар эзэмшүүлнэ гэсэн байгаа. Тиймээс иргэн бүрт газар хүртээ­хийн тулд боломжоор нь хувааж олгох асуудал гарч ирнэ. Улаанбаатар хотод  өмчлүүлэх газрын нийт талбайг иргэндээ хувааж,  нэг хүнд ногдох газрын хэмжээг тогтооно гэсэн бодолтой байна. Тэр хэмжээний газар өмч­лөх эрхийн бичгийг иргэн бүрт өгнө. Хүмүүс түүнийгээ худалдаж бол­но, зээлийн барьцаа бол­гож болно эсвэл газраа шууд авч болно. Газраа авна гэсэн хүмүүсийн сонголт нэг сайн газар дээр давхардаж таарна. Тэгвэл тэднийг шодуулж хожсонд нь тэр газрыг нь өмчлүүлэх маягаар явна. Хожигдсон нь өөр газар сонгоно гэсэн үг.

-Компаниудын хууль бусаар авсан газрыг иргэдэд тарааж өгнө гэдэг хэцүү ажил болох байх даа…

-Тэгж таарна.  Хууль бусаар газар авсан хүмүүс миний эсрэг ажил зохион байгуулахаар нэгдэж байгаа байх. Засаг дарга болгочихгүй юм сан, болсон хойно нь хурдан огцруулна гэж бодож суугаа биз ээ. Гэвч шударга ёс гэж байдаг л юм бол тэдний газрыг хурааж аваад иргэдэд тарааж өгөхөөс өөр арга байхгүй.

-Газрын асуудлаа ингээд шийдчихлээ. Ами­ны орон сууц­жуу­лах ажлыг хэдийнээс эхлэх вэ?

-Гэр хорооллыг амины орон сууцны хо­роо­лол болгох асуудлыг  хариуцсан агентлаг бай­гуулна. Энэ агентлаг ху­вийн хэвшлийнхэнтэй ха­рилцана. Гэр хорооллын иргэдтэй  төлөвлөлтөө яаж хийх тухай ярилцаж, саналыг нь авна.

-Айлуудаа наашаа цаашаа болгож,  ха­шаа­ных нь газрыг цэгцлэх хэрэгтэй байх тийм ээ?

-Энэ гудамжинд зам тавимаар байна, гэрэл­түүлэг хиймээр байна. Танайх хашаагаа ийш нь бариад жаахан зайчлаад өгвөл яаж байна, тэгвэл энэ газарт цэцэрлэг барь­чихъя, эмнэлэг босгоё гэж ирээд л ярьж, тохирно шүү дээ. Айлууд хашаа­гаа урагш нь хойш нь болгож, хөдөлгөөнд орно. Дундаасаа сургууль, цэ­цэрлэг барих газар илүү­чилнэ шүү дээ. Үнэндээ манай гэр хороол­лынхонд хотын ямар ч үйлчилгээ очихгүй байна. Тэгэхээр энэ бүхнийг хий­хийн тулд эхлээд төлөв­лө­гөөгөө хийнэ. Дараа нь тооцоогоо гаргана л даа.

Ер нь нийслэлийн за­хир­гаа-оршин суугчид- хувийн хэвшлийн ком­пани гэсэн хэлбэрээр энэ ажил явна. Улаан­баа­тарын иргэд хоёр хэсэгт хуваагдчихаад байна л даа. Нэг хэсэг нь дуртай газраа хүссэн харшаа бариад амьдарч байна. Харин нөгөө хэсэгт нь тийм боломж, эрх алга. Үүнээс болоод нийгэмд хагарал үүсэх гээд байна. Тиймээс хувийн хэвш­лийн компаниудын дунд гэр хорооллыг тохи­жуу­лах ажилд оролцохыг уриалж, оршин сууг­чид­тай хамтарч ажилла гэж хэлнэ. Тэдний тохи­жуул­сан гудамжуудыг хотын захиргаа хөрөнгө оруу­лалтын мөнгөөр компа­ниу­даас худалдаж авъя. Гудамж тохижуулсан мөн­гийг нь тэдэнд эргүү­лээд олгоё гэдэг болзол тавина. Тохижуулсан гэр хороолол дунд хөдөл­мөрийн хоршоо бай­гуулна. Ажилгүй иргэдийг тэнд ажиллуулж, гудамж талбайг нь хамгаалуулж, засварлуулж цалинжуул­даг болно. Нэг ёсондоо иргэд гудамж талбайгаа өөрсдөө арчилж цалин авна гэсэн үг.

-Иргэдийг амины орон сууцтай болгохын тулд моргейжийн зээл олгоно гэсэн. Энэ аж­лыг яаж зохицуулахаар төлөвлөсөн байгаа вэ?

-Моргейжийн зээл авахын тулд гурван үнд­сэн болзол тавина. Эхний ээлжинд иргэн газартай байх ёстой. Мэдээж ажил­тай байх хэрэгтэй. Дараа нь барьсан байшингаа даатгуулсан байх ёстой. Энэ бүхэн бүрдсэн то­хиол­долд моргейжийн зээл авах боломжтой бол­но гэсэн үг. Гэр хо­рооллын иргэдийн дунд гудамж талбайн төлөв­лөл­төө хурдан хийх урал­даан зарлана. Төлөвлөлт хийнэ гэдэг нь зам талбай тавих газраа суллаж, ха­шаа хороогоо нааш нь цааш нь болгож түргэн зохицохыг хэлээд байгаа юм.  Ингээд хамгийн тү­рүүнд төлөвлөлт хийгд­сэн гэр хорооллын иргэ­дэд моргейжийн зээлийг олгоод эхэлнэ. Төлөв­лөлтөө хурдан хий, тэгвэл моргейжийн зээл олгоё гэдэг зарчим үйлчилнэ.

-Ер нь хотод шийдэх ёстой түм буман асуу­дал бий дээ…

-Түм буман асуудал байна. Хотын захиргааг хүнд сурталгүй болгоно. Хотын төсөв санхүүг ний­тийн өмнө ил болгоно. Хотын төсөвт ийм мөнгө орлоо, түүний тэдийг нь ийм зүйлд зарцууллаа гэдгийг мэдээлнэ. Дарга нарын гаргаж байгаа бүх захирамжийг ил тод бол­гоно. Засаг даргын захи­рамж гарсан бол нийтэд тэр даруй мэдээлдэг байх ёстой. Мэдээж улсын нууц­тай холбоотой зүй­лийг зарлахгүй гэдэг нь ойлгомжтой. Засаг дар­гын гаргасан захирамж шийдвэр 48 цагийн дотор нийтэд зарлагдаагүй бол хүчингүй болдог байх  са­налыг ИТХ-д оруулъя гэж бодож байна. Хотын захиргааны ажил иргэдэд шилэн цонхны цаанаас харагдаж байх хэрэгтэй. Аливаа албан тушаалд томилогдсон хүмүүстэй хотын Засаг дарга ав­лигын болоод ашиг со­нирхлоос урьдчилсан сэр­гийлэх гэрээ бай­гуул­на. “Бүгдээрээ авлигагүй ажиллана. Хэрэв зөрчил гаргавал шууд ажлаасаа чөлөөлөгдөнө шүү” гэд­гийг нь сануулж, гэрээ байгуулна. Гэхмэт­чи­лэн­гээр хийх ажил их байна. Өөрсдөдөө өргөө харш барьдаг дарга нар биш гэдгээ АН-ынхан харуу­лах болно.

-Замын түгжрэл гэж нэг том асуудал байна. Зун болохоор энэ за­маа засаад л байдаг, ямар ч нэмэр алга. Үүнийг яаж шийдэхээр төлөвлөж байгаа вэ?

-Түгжрэл зөвхөн Улаан­баатарт байдаг юм биш. Дэлхийн хот бол­гонд байдаг асуудал. Хү­ний амьдрал сайжраад бай­вал автомашины тоо нэмэгддэг юм. Гэхдээ түгж­рэлийн байдал эгзэг­тэй байдалд хүрсэн нь Улаанбаатар хот байж магадгүй. Амралтын өд­рүү­дэд манай хотын зам түгжирч байна шүү дээ. Тиймээс НИТХ-д нэг са­нал оруулъя гэж бодож байгаа. Юу вэ гэхээр, амралтын өдрүүдэд автомашинаар явагчдаас явах маршрутаар нь төл­бөр авдаг болъё. Наад­маар машинуудад зогсох зогсоолын зөвшөөрлийг нь мөнгөөр олгож байна шүү дээ.  Түүн шиг бол­бол яасан юм. Тэндээс орж ирэх орлогыг гэр хо­рооллыг тохижуулах ажилд зориулъя. Гэр хо­рооллын гудамжаа янз­лаагүй байхад Улаан­баатар хот өнгө засна гэж байхгүй. Гэр хороолол байгаа цагт утаа багасна гэж байхгүй. Тийм учраас гэр хорооллоо тохи­жуулж, амины орон сууц­тай болгохын төлөө хамаг хүчээ дайчлах хэ­рэгтэй байна.

-Автомашины түгж­рэлийг сааруулахын тулд нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах хэрэгтэй юм шиг байгаа юм…

-Тэгвэл хүмүүс заавал машин унаад байх хэрэг­гүй болно. Авто замын нэгдүгээр эгнээг зөвхөн нийтийн тээврийн хэрэг­сэл явахад зориулж, дүр­мийг нь хатуу мөрдүүлэх хэрэгтэй. Дээрээс нь ний­тийн тээврийн автобус­нууд дугаараараа явж байх ёстой. Уралдаж дав­хилдах ёсгүй. Автобус­нууд гурван минутын зай­тай дугаараараа явдаг болчих хэрэгтэй. Ингээд хүмүүс автобус хүлээж цаг алддаггүй болчихвол  хүмүүс машин унаж, бен­зин шатахуун зарах шаардлагагүй шүү дээ.

-Метротой болно гээд байгаа шүү дээ?

-Олон улсын бай­гуул­лагынхан манайд ирээд метро барина гэвэл их өндөр өртөгтэй. Тиймээс нийтийн тээврийг өөрөөр шийдэх арга байгаа гэж зөвлөсөн юм билээ. Хямд аргаар шийдэх боломж­той бол түүнийг сонгох л хэрэгтэй. Жишээ нь агаа­раар явдаг тээврийн хэ­рэгслүүд тавьж болно. Гэхдээ ойрын хугацаанд автобус, троллейбусаа шуур­хай явуулах арга хэмжээ авъя л даа. Яваан­даа өөр төрлийн тээврийн хэрэгсэл нэвт­рүүлэх боломж гарах байх. Автобусны бууд­лын зогсоолыг сайж­руулж, цогц үйлчилгээтэй болгоно. Автобусны бууд­­­лын тохилог жорлон­той болгох хэрэгтэй бай­на. Хийх ажил их байна аа.

-Ногоон байгуу­лам­жийг сайжруулах шаард­­­лага Улаан­баа­тарт бий байх…

-Хотын нутаг дэвсгэрт нэг бол ногоон байгуу­ламж эсвэл хатуу ху­чилт­тай зам байна гэдэг хатуу зарчим тогтооно. Сул шо­роотой газар ерөөсөө үлдээж болохгүй. Хотын гудамж, талбай гэдэг бол айлаар зүйрлэбэл шал шүү дээ. Айлууд тоос гар­гахгүй, гоё сайхан байх үүднээс ширдэг дэвсч  юм уу эсвэл паркетен шал тавьдаг. Түүнтэй адил хандах ёстой. Замын стан­дартыг өөрчилж, замын хажуугаар бороо­ны ус урсах суваг гаргаж өгөх хэрэгтэй. Ингээд зам дээр ус тогтдоггүй бол­гомоор байна.

-Хотын төвд нийтийн орон сууцыг ихээр ба­риулах бодлогыг хяз­гаарлах уу?

-Ер нь хязгаарлана. Зарим бүсэд нийтийн орон сууц бариулахгүй. Жишээ нь Баянхошуу, Чингэлтэйд нийтийн орон сууц бариулахгүй. Бай­галь орчинтойгоо зохиц­сон бүсүүдэд нийтийн орон сууц барихгүй. Амины орон сууц бариад эхлэхээр угаасаа ний­тийн орон сууцны эрэлт унана. Тэгэхээр хөдөө­нөөс ирсэн хүмүүс ч юм уу, оюутнууд гэх мэт газаргүй иргэд нийтийн орон суу­цанд амьдрах хандлага бий болно шүү дээ.

-Энэ бүхэн ажил хэ­рэг болбол хот маань сайхан болох нь ээ. Таны сэтгэлд байгаа энэ зураглал хэзээ гэ­хэд биеллээ олчихсон байх бол. Ирэх дөрвөн жилд амжих болов уу?

-Оршин суугчид бид­ний хийх ажлыг зөвшөө­рөөд төлөвлөлтөө хур­дан хийчихвэл ирэх дөр­вөн жилд амжуулахын төлөө чадах чинээгээрээ ажил­лана. Оршин сууг­чид өөрс­дөө саад бо­лох­гүй байх ёстой. Жилийн да­раа гэхэд утааны го­ломт болсон гэр хороол­луудаа амины орон суу­цаар хан­гаж, хашаа руу нь инже­нерийн шугам тат­чих­маар байна.

-Хотод ногддог тө­сөв энэ бүх ажилд хү­рэл­цэхгүй байх л даа…

-Тийм учраас бонд гаргана. Хөрөнгө олох ажлуудыг хийнэ дээ.

-Засаг дарга ажлаа авсны дараа дөрвөн орлогчоос эхлээд бөөн  томилгоо эхлэх байх. Хэн хэн энэ суудалд очих бол гэдэг нь мэдээж хүмүүст сонин байгаа…

-НИТХ-ын сонгуульд нэр дэвшсэн намынхаа 45 хүнтэй сонгуулийн өмнө нэг зүйлийг тохир­сон юм. Манай намаас НИТХ-ын сонгуульд нийт­дээ найман баг ажил­ла­сан. Тэдний сонгуульд яаж оролцсон үр дүнгээр нь байр эзлүүлнэ. Сон­гуульд нэр дэвшигчээ ялуулсан, намд авч ирсэн саналыг нь харгалзан байр эзлүүлнэ. Шалгар­сан багууд нийслэлийн Засаг даргын Тамгын га­зарт ажиллах улс төрийн албан тушаалтнуудад хүнээ нэр дэвшүүлэх эрх­тэй. Төрийн албан хааг­чид бол хууль дүр­мийн­хээ дагуу ажилдаа орно. Ажлын байрны үнэлгээг гаргасны дараа төрийн захиргааны бүтэц дан­хайсан бол танана. Хэмнэсэн мөнгө бүрээ гэр хороолол руу зориулж, хотын тохижилтдоо зар­цуулна.

-МАН-ын угшилтай төрийн албан хаагчид бүгд солигдоно гэсэн айдастай байгаа байх. Ер нь хэр халаа сэлгээ хийх вэ?

-Бүтцийн өөрчлөлт хийнэ. Гэхдээ ажлаа сайн хийдэг шударга  төрийн албан хаагчдад айх юм байхгүй. Ажлаа хийд­гээ­рээ хийж, дарга нарын дарамтад орохгүй. Чө­лөөтэй сэтгэж, өөрийн­хөөрөө ажиллах бо­лом­жийг нь хангаж өгнө. Зөв санаачилга бүрийг нь урамшуулдаг болно. Улстөржсөн ялгаварлан гадуурхах үйл ажиллагаа огт байхгүй. Харин хууль бус үйл ажиллагаа явуул­сан нь тогтоогдвол ажил­гүй болох нь ойлгомжтой. Ажлаа өгөхөөсөө өмнө иргэдэд газар худалдаж байгаа нөхдүүд ч бий. Тэднийг дураар нь тавих­гүй. Хариуцлагыг нь хү­лээлгэнэ.

-Тэгэхээр танаас өнөөдөр үүсээд байгаа улс төрийн нөхцөл байд­лын талаар асуул­гүй өнгөрч болохгүй нь. АН ч саяхан ҮЗХ-ны хурлаа хийлээ. Гэхдээ эндээс анх зарлас­наа­раа Шу­дарга ёс эв­сэл­тэй хамтарч Зас­гийн газар байгуулах саналаа баталгаажуулсангүй…

-ҮЗХ-ны хурал дээр би “Засгийн газар байгуулах ажлыг УИХ-ын бүтцийн байгууллага болох бүл­гүүд­тэй яриарай. Түүнээс биш гадаа сууж байгаа намын удирд­ла­гатай ярьж болохгүй. Төрийн ажлыг парламентын гаднаас на­мууд удирддаг ажлыг зогсоо” гэж хэлсэн юм. Энэ саналыг ҮЗХ-ны  гишүүд дэмжсэн.  Тэгэхгүй бол ард түмнээс сонгогдоогүй хүмүүс Зас­гийн газрыг яаж байгуулах тухай шийдэж болохгүй шүү дээ. УИХ-д сонгогдсон хүмүүсийг ард түмэн “Та нар Засгийн газраа байгуулаарай” гээд явуулсан байхгүй юу. Монго­лыг улс төрийн товчоо удирддаг байсан зарчмыг Ардын намынхан одоо болтол хадгалсаар авч ирсэн. Тэр халдварыг манай нам авах ёсгүй. Ардын намын Удирдах зөвлөлийнхөн гэж хэдхэн хүн сууж төрийн өмнөөс шийдвэр гаргадаг байсан. Манай нам ч Хувьсгалт намыг дуурайгаад Гүйцэтгэх зөв­лөл гэж гаргасан. Үүнийг би олон жил эсэргүүцэж байна. Төрийн бодлогод гаднаас оролцдог хэн бэ, тэд. Ийм байж таарахгүй. Тиймээс Гүйцэтгэх зөвлөлийг татан буулгах ёстой. Ардчилсан парламентын гол улс төрийн удирдлага нь бүлэг байдаг. Энэ зарчмаараа л явах ёстой. Түүнээс биш парламентын гадна сууж байгаа намын дарга нар Засгийн газар байгуулах ажилд оролцох ёсгүй.

-ҮЗХ-ны энэ шийдвэр нь АН-ыг МАН эсвэл Шударга ёс эвс­лийн аль нэгээс сонголт хийх нь гэдэг ойлголтыг төрүүлсэн л дээ…

-Эвсэнэ гэдэг эцсийн шийд­вэ­рийг намын бүлгүүд гаргана. Манай намын дарга эвслийн Засгийн газар байгуулах саналыг эхлээд Шударга ёс  эвсэлд тавина гэсэн. Тэр зарчмаараа л явж байх шиг байна.

-Таныхаар аль намтай эвсч Засгийн газар байгуулбал зүгээр юм бэ?

-Алинтай ч эвссэн болно. Гагц­хүү манай намын хийх реформыг дэмждэг л байх хэрэгтэй. Гэхдээ бид албан тушаал тойрч эвсч болохгүй. Албан тушаалаар нэгд­сэ­ний гай нь юу байдгийг өнгөрсөн хугацаанд харлаа. Сайд хийж чадахааргүй нөхөр сайд болж байгааг харсан шүү дээ.

-Шударга ёс эвсэлтэй хам­тарвал Н.Энхбаяр гэдэг хүн орж ирэх гээд байгаа юм биш үү?

-Н.Энхбаяр гэдэг хүн орж ирвэл аюултай зүйл болно. Тэр ороод ирвэл хүн болгон хууль руу салаавч өгнө. Н.Энхбаяр ямар нүүрээрээ төрийн хүн болох юм. Түүний орсон Засгийн газар руу хүн бүр салаавч өгдөг болно. Тэгэхээр Н.Энхбаяр орж ирэх боломжгүй.  Улс үндэснийхээ дотоод гадаа байдлыг барьцаалж  тэмцлээ шүү дээ, тэр.  Ард түмнийг хүчирхийлэл рүү ямар их уриалав аа. “Миний хүссэн албан тушаалыг өгөхгүй бол Монголын ард түмэн амар тайвныг үзэхгүй” гэж хэллээ шүү дээ. Монгол Улсынхаа нэр төрийг гадаадад ямар их гутаав аа. Га­даад руу баахан матаас захиа бичиж, Монгол Улс ардчилалгүй боллоо гэж зарлалаа. Үнэндээ Монголд ардчилал байгаа учраас Н.Энхбаяр дураараа галзуурч байгаа байхгүй юу. Улс үндэс­нийхээ эрх ашгийн эсрэг явдаг хүн төрд хэрэггүй. Тэгээд ч Н.Энхбаяр шүүхээр асуудлаа шийдүүл л дээ. Асуудлаа шийдүүлээгүй байж төрд орж ирэх гээд зүтгээд байх хэрэг­гүй. Хэрэв Н.Энхбаяр ямар нэг албан тушаалд очно гэвэл би өөрийн зүгээс шалтгаалах болол­цоо­той бүх арга хэмжээг авна.

-Ардчилсан нам энэ удаад дотоод зөрчилгүй, фракциуд нь тохиролцож чадсан юм болов уу гэж харагдаж байгаа…

-Тийм. ҮЗХ-ны хурлыг хараад баярласан. Ард түмэн АН-ын өмнө том сорилт тавьсныг бүгд ойлгосон байна лээ.  Сонгуулийн дүн гаран­гуут миний дотор палхийсэн. Яа­гаад гэвэл аль ч нам олонхи болоогүй. Энэ парламент эрээвэр хураавар болох нь ойлгомжтой болсон. Гэхдээ АН хамгийн олон санал авсан. “Энэ нөхдүүд эрээвэр хураавар парламентыг нэгтгэж, энэ төр засгийг эмхэлж чадах нь уу” гэдэг сорилтыг ард түмэн тавьсан нь тэр. Гэвч бид сорилтыг сайн давж байна гэж хэлнэ. Парла­ментын гишүүд тангаргаа хурдан өргөлөө. УИХ-ын дарга, Ерөнхий сайдад нэр дэвшигчдээ хурдан зарлалаа.

Яахав Н.Алтанхуягийн хувьд намаа ялуулаагүй учраас хариуц­лага хүлээнэ гэсэн яриа бий. Гэхдээ намаа олонхи болгосон хүн л дээ. Тэр бол АН-д Ерөнхий сайдын суудал авчирсан.  Ерөнхий сайдын эрх мэдлийг намдаа авч ирсэн бол намын даргын үүргээ гүйцэтгэсэн гэж дэлхийн улс орнууд үздэг. Английн Ерөнхий сайд Жеймс Камеруныг хар л даа. Намаа сон­гуульд ялуулаагүй. Гэхдээ нам­даа Ерөнхий сайдын эрх мэдлийг авчирсан учраас намын даргын үүргээ гүйцэтгэсэн гэж үзсэн байх­гүй юу.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ


URL:

Сэтгэгдэл бичих