Жанжны талбайг эзлэх «Женко» төсөл хэрэгжинэ гэв үү

Хэнийг ч ялгалгүй хүн бүрийн баяр жаргалтай мөчийг гэрэл зургийн хальснаа мөнхлөхөөр халуунд халж, хүйтэнд хөрч нийслэлийн төв талбайд холхилдох гэрэл зурагчид хоногийн хоолноосоо салж магадгүй нь гэсэн айдастай байгаа гэнэ.

Тэд цэнхэр хантаазаар жигдрэн, аппаратаа хүзүүнээсээ зүүчихлээ хэн зургаа авахуулах бол хэмээн горьдон харж, өөр рүү нь чиглэсэн болгоныг зургаа авахуулах уу гэсээр угтдаг. Энэ нь энгийн хүний нүдээр харахад түвэгтэй мэт боловч тэдний хоолоо залгуулж буй ажил. Тэд үүгээрээ гэр бүлийнхнээ тэжээж, хүүхдүүдээ сургуульд сургаж, амьжиргаагаа дээшлүүлдэг. Гэтэл өнгөрсөн хавраас “Женко” групп Сүхбаатарын талбайн урд хэсэг байрлах цэцэрлэгийг авсан гэнэ. Тэд энэ газарт авто зогсоол болгож, төв талбайг ч давхар хариуцах тухай яриа дуулджээ. Талбайн зурагчид өөр зуураа энэ тухай л ярьж буй бөгөөд тэд “Женко”-гийн авто зогсоолд дээдсийн хэдэн арван саяын тансаг төмөр хүлгүүд залрах нь дамжиггүй биз хэмээж буй аж.

Гэхдээ талбайн зурагчдад машины зогсоол, цэцэрлэгийн хувь заяанаас илүү өөрсдийнх нь өдөржин зогсч амьдралаа залгуулдаг ажлын байрны тухай асуудал л чухал байгаа гэнэ. Талбайн зурагчдын ярианаас сонсоход сүүлийн үед “Женко” -гийн мэдэлд байдаг “Коника” гэрэл зургийн компанийн орлого эрс муудсан.

Тиймээс зарим нэгийг нь хааж байгаа юм байх. Учир нь талбайн зурагчид бараг бүгд хувьдаа хэвлэгч машинтай болсон учраас тэдний лабораториор үйлчлүүлэх хүний тоо эрс цөөрсөн. Тэгээд ч “Коника”, “Фүжи”-гийн лабораториор өндөр үнээр зургаа угаалгаснаас өөрсдийнхөө машинаар хэвлээд гаргачхад цаг хугацаа, мөнгө хэмнээд орлого ч ахиу байх болсон гэнэ. Нэгэнт талбайн зурагчид гэрэл зургийн лабораторт очихоо болихоор хамгийн түрүүнд алдагдал хүлээх нь мэдээж “Коника”. Тиймээс эрхэм гишүүн Х.Баттулгын хувийн компани “Женко”-гийн ашиг орлогод халтай байх нь ойлгомжтой. Чухам энэ шалтгаанаар “Женко” төв талбайг өөрчлөн зохион байгуулах төсөл хэрэгжүүлэхээр болсон юм байх.

Зогсоол байгуулах талбайн хувьд тэд хэдийнэ өөрийн болгосон гэнэ. Тэгээд ч болгоогүй байсан ч одоо айх зүйл байхгүй. Ардчилсан нам нийслэлийг удирдаж, Э.Бат-Үүл Засаг дарга болох нь ойлгомжтой учир Улаанбаатарын бараг анхны цэцэрлэгт хүрээлэн зүс хувиран зогсоол болох зам нь шуударлаа л гэсэн үг.

Зогсоол болгосон цэцэрлэг, Жанжны талбай хамтдаа “Женко”-гийн “мэдэлд” очихоор талбайн зурагчдыг тэндээс шахна. Тэр цагт хүссэн, хүсээгүй зурагчид “Коника”-г түшихээс аргагүй болох гэнэ. Энэ тухай талбайн зурагчид “Бид тогтмол цалин авдаг хүмүүсийн дэргэд уван цуван орж ирдгийг нь эс тооцвол илүү олдог. Тэрийгээ нуухгүй. Бид олдгийнхоо хэрээр өгөх ёстой татвар, төлбөрөө төлдөг.

Бид бусдын адил ажил олдохгүй байна хэмээн улсаас өгөх халамж хүлээң гэдсээ илж гэртээ хэвтээгүй. Гэтэл биднийг ажил хийх боломжийг хааж хавчих хэрэггүй л баймаар санагдах юм” хэмээж байлаа. Өнөөдрийн байдлаар төв талбай дээр зураг авч амьжиргаагаа авч явдаг 100 гаруй зурагчин байдаг. Тэдний ард 400-500 хүний амьдрал байгаа.

Гэтэл эрхэм Х.Баттулгын “Коника” компанид орлого орж, түүний эрхэлсэн бизнес ашигтай байвал тэр 500 гаруй хүний амьдрал түүнд огт хамаагүй болох юм биш биз гэсэн битүүхэн айдас Жанжны талбайгаар дүүрчээ.

М.Уянга

”Өдрийн шуудан”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих